Бага хурлаа зарлаж Ерөнхийлөгчөөс зөрсөн Ерөнхий сайдын УЛС ТӨРИЙН цаана...

Ангилал
Улс төр
Огноо
Унших
6 минут 40 секунд
Гэрэл зургийг UBN.MN

Ерөнхий сайдыг огцруулах “галт тэрэг” нэгэнт хөдөлснийг Ерөнхийлөгчийн өчигдрийн үг, үйлдэл тодорхой зарлав. Тэрбээр, үүнийг л хийх гэж өнгөрсөн ням гарагт “дахин нэр дэвшихгүй” гэж өөр рүүгээ чиглээд байсан улс төрд цэг тавьсан хэрэг. Ингээд өчигдөр бүгдийг гартаа авч Ерөнхий сайдыг “Ажлаа өг” хэмээн лүндэн буулгасан нь тэр биз.

Тэгвэл одоо Ерөнхий сайдын улс төр өрнөж эхэлж байх шиг байна. “Ажлаа өг” гэх Ерөнхийлөгчийн үгний араас Ерөнхий сайд “Хамтарсан ЗГ-аа хамгаалж том төслөө явуулна, Ерөнхийлөгч дангаараа ЗГ байгуул гэж тулгасан” гэх мэдээлэл сошиал орчинд гарав.

Ингээд хэдэн цаг нам гүм суусан улс төр дахин хальт амилж МАН-ын бага хурлын товоо гишүүддээ хүргүүлснээр өчигдрийн улс төр түр завсарлав.

НЭГ, Ерөнхий сайд огцорсон шалтгаанаа хамтарсан ЗГ-ыг Бага хурал дэмжсэнгүй гэдэг өнцөг рүү шилжүүлж, дараагийн ЗГ-ыг дагуулж тонгорч хамтралгүй улс төр рүү түлхэх гэж байна

Намын бага хурлаар Ерөнхий сайдын асуудлыг хэлэлцэхийг Ерөнхийлөгч дэмжээгүй гэдгийг баттай эх сурвалж мэдээлж буй. Өөрөөр хэлбэл, өчигдөр МАН-ын бүлэг дээр яригдсан “Нам дээрээ хамтарсан ЗГ байх эсэхээ шийдүүлье”, “Ерөнхий сайдын асуудлыг намын асуудал болгож, парламентын зөрчил рүү оруулж болохгүй” гэдэг хоёр өнцгийн нэг. Ерөнхий сайд өөртэй нь холбоотой өрнөх гэсэн улс төрийг өөрөөсөө холдуулж намын бага хурал дээрээ хамтарсан ЗГ-ын хувь заяаг шийдэх асуудал болгох улс төрийн тоглолт хийж байна гэсэн үг. Тиймээс л намын даргын хувиар Л.Оюун-Эрдэнэ Бага хурлаа хуралдуулах зар тараасан гэж харагдаж байна.

Өөрөөр хэлбэл, Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй ил цагаан байдлаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ үзэх гэж байна гэж харж болохоор байгаа юм. Тиймээс л нам дээр асуудлаа наахгүйгээр хувиараа өргөдлөө өг гэснээс нь зөрж буй хэрэг.

Тэгвэл Ерөнхий сайд яагаад ингэх болов. Юуны тулд ийм улс төрийн замыг сонгов. Мэдээж яг өнөөдрийн нөхцөл байдалд хүүхдийнхээ холбогдсон асуудлаас болж өргөдлөө шууд өгөөд гарвал түүний хувьд өнгөрсөн хугацааны бүх амжилт, ололтоо булшилж хаях болно. Ингээд ч зогсохгүй эргэж ирэх орон зай нь хаагдаж, зам нь хумигдах эрсдэлтэй. Тиймээс орлогоо нотолж чадахгүй, хүүхдийнхээ ямар эх сурвалжаас олсон мөнгө нь тодорхойгүй зүйлээс болж огцорсон гэх муу нэр зүүхгүй гэсэндээ хамтарсан ЗГ-ыг хувь заяаг татаж оруулж ирж байгаа юм.

Дээр нь нэмээд Ерөнхий сайд өөрийг нь унагахаар ажиллаж буй намын нөхөд болон дараагийн Ерөнхий сайдад горилохоор тохирсон нөхдүүдийг дагуулж тонгорч байна гэсэн үг. Тодруулбал, МАН-ын Бага хурлаас хамтарсан ЗГ-ыг дэмжихгүй гэж шийдвэл дараагийн Ерөнхий сайд үнэхээр хүнд улс төр дундуур явна. Түүний эсрэг Ардчилсан намын яахаас ч буцахгүй “өлсгөлөн” хэд. Хамтралаас гарсан сөрөг хүчин болох ХҮН нам зэрэг улс төрийн маш том эсэргүүцэл орж ирнэ. Тиймээс л хамтралыг Ардын намаар задалж хаях нь Ерөнхий сайдын дагуулж тонгорох мэх юм.

ХОЁР, Сарнайтай байшинд Д.Амарбаясгалан, У.Хүрэлсүх хоёрын бодлогыг сөрж зогсох нэг ч БАГА ХУРЛЫН ГИШҮҮН БАЙХГҮЙ

Одоо хамгийн чухал асуултын хариулт. Бага хурал дээр Ерөнхий сайд ялах уу, Ерөнхийлөгч ялах уу. Үүний өмнө “Д.Амарбаясгалан аль талд байгаа вэ” гэдэг асуултад хариулчихсан байх ёстой.

Яг одоогийн Бага хурлын гишүүдийг У.Хүрэлсүх, Д.Амарбаясгалан нар тултал нь "базаж" байгаа. Бага хурлын яг одоогийн 369 гишүүнээс энэ хоёр хүний бодлогыг сөрж зогсох чадалтай нэг ч хүн сарнайтай байранд гарахгүй. Ялангуяа МАН-ын генсекээр найман жил ажиллачихсан Д.Амарбаясгалангийн хүч Бага хуралд тоймгүй их. Харин энэ хүчээ найздаа өгөх үү, Ерөнхийлөгчдөө өргөх үү гэдэг л сонин.

Өнгөрсөн өдрүүдийн улс төрийг харахад Д.Амарбаясгалан, У.Хүрэлсүх хоёрын бодлого нэг цэг дээр уулзсан нь тодорхой болсон. Энэ хавар лав ЗГ-ын нэг ч бодлого УИХ-ын босгыг даваагүй. Цаашдаа ч энэ хэвээрээ давахгүй юм билээ.

Дээр нь нэмээд, одоо Л.Оюун-Эрдэнийн эсрэг ажиллаж байгаа гишүүд Бага хурал дээрээ ажиллана. Ингээд хурал нь хурцхан болох ч шийдвэр нь бараг л Ерөнхий сайдын эсрэг гарах нь ойлгомжтой дүр зураг ажиглагдаад байна.

ГУРАВ, Ерөнхий сайдыг огцруулах асуудал Ардын намын бүлгийг ХОЁР ХУВААЛАА

Ардын намын бүлэг албан ёсоор хоёр хуваагдах зам руугаа орлоо. Ерөнхий сайдын парламентад оруулж ирсэн гишүүд болон Ерөнхийлөгчийг дэмжиж Засгийн газрыг огцруулсан хэсэг ирэх жилүүдэд ил далд ихээхэн толхилцоно. Ингэж явсаар сонгуультай золгож аль нэг талаа тоглоомоос чирч гаргах ажлыг хийх болов уу. Дээр нь нэмээд, Л.Оюун-Эрдэнэ болон Х.Баттулга гэдэг хоршил дараагийн Засгийн газарт багагүй улс төр үзүүлэх байх.

Маргааш хуралдах Бага хурал нь энэ үйл явцыг улам бүр гүнзгийрүүлж гал дээр тос нэмэх л байх. Засаг огцорсон тэр цагаас хойш засгаас жийгдсэн гишүүд, Ерөнхий сайдын квотоор орж ирсэн гишүүд нэгдэж нягтрах ажилдаа ханцуй шамлан орох нь гарцаагүй.

ӨГЛӨӨНИЙ МЭНД: Улаанбаатарт өнөөдөр 17 хэм дулаан
ӨГЛӨӨНИЙ МЭНД: Улаанбаатарт өнөөдөр 17 хэм дулаан
 
О.Цогтгэрэл: Жагсаж байгаа залуусын ард захиалагч байгаа гэж хэлсэн Л.Гантөмөрийн үгэнд эмзэглэсэн
О.Цогтгэрэл: Жагсаж байгаа залуусын ард захиалагч байгаа гэж хэлсэн Л.Гантөмөрийн үгэнд эмзэглэсэн
Сэтгэгдэл (14)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!