Тогооч Г.Тэнгистэй ярилцлаа.
-------------------
-Таны ажил тавлаг уу ?
-Ажил ихтэй л байна.Ирэх жилээс Япон, Итали хосолсон франчайз бизнес буюу түргэн хоолны газар нээх зорилготой ажиллаж байна даа.
-Би тантай Монголын уламжлалт, үндэсний хоолны асуудлаар ярилцах гэсэн юм. Аливаа улс орны эдийн засгийн солонгорсон нэг өнгө нь аялал жуулчлалын салбар байдаг гэдэгтэй хэн ч маргахгүй. Нэг үеэ бодвол Монгол Улс энэ салбарт анхаарлаа хандуулах болсон. Гэвч энэ сайхан мэдээний араас Монгол хоолны соёлгүй гэх асуудал амь бөхтэй байсаар л. Жуулчдад нүүр тахлах үндэсний хоол ер нь байна уу ?
-"Монголд ирсэн жуулчдын 80 хувь нь эргэж ирдэггүй" гэх судалгааг уншиж байсан. Тэгэхээр Монголын хоол, үйлчилгээ нь тэдний сэтгэлд нийцдэггүй гэсэн үг. Гадны улсад очиход хүмүүс хамгийн эхлээд хоолны соёлыг нь сонирхдог. Тухайлбал, Японы цайны ёслол, үндэсний хоол зэрэг нь үнэхээр гоё.
Харин Монгол үндэсний хоолны соёл нь аль социализмын үеэс алдагдчихсан.
Ний нуугүй хэлэхэд манайхан үндэсний хоол гэхээр жуулчдад нийтээрээ хуушуур бууз, хорхогны махаа л өгдөг. Түүнээс биш Монголын үндэсний хоол ховор. Монгол үндэсний хоол гэсэн чинь цуйван, бууз гэх мэт Хятад хоол гаргаад тавьчихсан. Цуйван чинь 100 хувь Хятад хоол. Шарсан байцаа жигнэсэн гурилтай махгүй хоол байсан. Тэр нь монголжоод мах нэмэгдээд Монголын үндэсний паста гэж хэлж болохоор хэмжээнд оччихсон.
Яахав хонио бүтнээр нь шарна, үхрийн өвчүүгээ шарна. Тэгээд л цаашаа хэтрэхгүй. Монгол хонь, үхрийн мах онцлогтой. Байгалийн өвс, ногоо иддэг учраас илүү хурц үнэртэй, илчлэг өндөртэй байдаг. Гадны жуулчид ийм мах хэзээ ч идэж байгаагүй гэдэг. Хорхог идлээ, дараа нь бүгд сур харвадаг. Тэгэхээр гадны хүмүүс идэж болохоор ядаж зөөллөж өгөх ёстой юм байна лээ. Ядаж 60 хувьд нь нарийн болон бүдүүн ногоо нэмэх ч юм уу. Тиймээс Монгол үндэсний хоолны соёлыг хөгжүүлэхэд төр, мэргэжлийн хүмүүстэй хамтарч ажиллах ёстой. Үндэсний соёл гэдэг дээр хоолны салбарыг заавал оруулах ёстой. Бүр болохгүй бол зохиогоод хий л дээ.
-Зохионо гэхээр ?
-Архивын Ерөнхий газарт Богд хаан, Дондогдулам хатны өнчин хүүхэд, сайд ноёдуудад зоог барьж байсан хоолны цэс байдаг. Тэрийг үзэх нь үнэгүй байдаг. Жишээ нь Аргентин улс үхрийн төмсгийг шараад иддэг. Тэрийгээ уулын өндөг гээд нэрлэчихсэн. Шарсан үхрийн төмсгөө зүсээд, амтлаад шараад маш үнэтэй зарж байна. Манай ресторанууд ч гэсэн тэгж болно шүү дээ. Монголоор дүүрэн үхэр байгаа биз дээ.
-2023 онд "TasteAtlas” нэртэй хоолны дэлхийн улс орнуудын уламжлалт хоолны амт, чанар болон шилдэг ресторануудыг жагсаадаг сайтын үнэлгээгээр Монгол Улс хамгийн амт , чанар муутай хоолтой орнуудын тоонд орж байсан.
-Манай хоолны салбар хурдан хөгжиж байгаа. Олон орны тогооч нарын судалгаагаар манайх бол яг алтан дундаж гарсан. Дээрх судалгааг бага төсвөөр аялах хүсэлтэй жуулчдаас дээрх санал асуулгыг авсан юм болов уу. Орон нутгийн явуулын цайны газрууд, түргэн хоолны цэгүүд бол сонголт муутай. Нарийн махан хуурга, жигнэсэн гурилтай шөл гэх мэт. Бид гурил, мах хоёрыг л олон төрлөөр нь иддэг. Хүний биед хэрэгтэй шим тэжээл бараг байхгүй гэж хэлэхэд болно. Япончуудын хүнсний хэрэглээний 40-50 хувь нь цагаан будаа байхад манайхны 60-70 хувь нь махны хэрэглээтэй. Гадны хүмүүст тэр их хэмжээний өөх тостой хоолыг идэх нь зохимжгүй санагддаг. Манайд 14 хоног аялахаар ирсэн жуулчин 14 хоног мах иднэ гэхээр бас чанга санагддана. Дээрээс нь дэд бүтцийн асуудал байна. Хөдөө орон нутгууд руу нарийн ногоо, шим тэжээлтэй хүнсний түгээлт, хадгалалт муу шүү дээ.
-Та сая яриандаа соёлыг хөгжүүлэхэд төр, мэргэжлийн хүмүүстэй хамтарч ажиллах ёстой талаар дурдаад өнгөрлөө. Өнгөрсөн дөрөвдүгээр сард “UB food” фестиваль Төв талбайд болж өнгөрсөн. Энэ удаагийн фестивалийг төр дангаараа зохион байгуулсан. Улмаар Узбек тогоочдын хоол, Гандангийн лам нарын хийсэн гурилтай шөл олноос муу дүн авсан. Төр хоолны фестивалийг хүртэл хувийн хэвшлээс хулгайлчихлаа гэх шүүмжлэл ч гарч байв. Та уг фестивалийг хэрхэн харж байв.
-Уг нь UB food festival олон жил их дажгүй явж байсан. Төр орж ирээд нохойн баас болсон. Маш том асар засаад юун узбек хоол вэ. Тэр хоол бидэнд ямар ч хамаагүй. Өөрсдийнхөө үндэсний хэв маягийг уландаа гишгэж доромжилсон. Гандангийн лам нарын хийсэн гурилтай шөл хоолны фестиваль оролцох хоол мөн үү. Монголчууд хэдэн зуун жил гурилтай шөл идлээ. Монголын тогоочид тэр фестивалийг хараад гутарсан байх. Төр засаг нь ямар ч хоолны мэдлэггүй 4 узбек зогсоочихсон. Монголд тэр дөрвөөс илүү мундаг тогооч нар олон бий. Төр, хувийн хэвшилтэй хамтрахгүй өөрсдөө юм хийхээр яг л тийм нохойн баас шиг юм болж байгаа юм. Уг нь гадны улсад төр засаг нь дэмжихээр улам гоё болдог биз дээ. Гэтэл манайд төр оролцохоор хүн аймар юм болдог. Алхам тутамд нь мөнгө төгрөг идэх гэсэн хүмүүсээр дүүрэн. Төр биш хоолны салбарынхан өөрсдөө хийвэл маш гоё хийнэ шүү. Монголын бүх ресторанууд ирээд нэг, нэг лангуу аваад, өөрсдийнхөө хоолыг хийгээд. Иргэд сонголтоо хийж хоол бүрээс амталж, энэ гоё хоолтой газар байна, дараа ийшээ орно гэх мэт таньж мэдэж эхэлнэ шүү дээ хоолны газруудыг. Гэтэл энэ жилийн UB food festival ямар казармын хүмүүсийг хооллох гэж байгаа биш дээ.
500 литрийн тогоонд будаа хутгаж мутгаад хэзээ ч тийм их хүний хоол гоё амттай болдоггүй.
Төр хувийн хэвшилтэй хамтарч ажиллах гэхээр өөрсдийнх нь идэх мөнгө багасах гээд байгаа байгаа учраас хувийн хэвшилтэй хамтардаггүй. Гэтэл гадны хоолны фестивалууд ямар гоё болдог гэж санана. Бүр 7 хоног болдог. Том гудамжийн машин тэргийг хаагаад, нэг өдөр яваад дуусахгүй. Нэвтрэхэд такс төлдөггүй. Энд тэнд суух сандал ногоон байгууламж ихтэй, хүүхдүүд тоглох талбайтай. Монголд ерөөсөө хүний төлөө гэсэн юм алга. Парк ороод хар. Хиймэл ногоон зүлгэн дээр нь ямар их хүүхдүүд байна вэ. Амьдрах орчныг нь сонирхолтой, гоё болгох юм хийхгүй. Дарга нар нь бүгд өсөхийн өлөнтэй. Хүний төлөө хийсэн юм байхгүй, Монголоо гэсэн ямар ч сэтгэлгүй.
-Тэгвэл хоолны соёлоо хөгжүүлж чадсан улсуудын нууц юунд оршиж байна вэ ?
-Хоолоо урлаг болгосон улс гэвэл 100 хувь Итали, Япон байна. Дэлхийд алж байна шүү дээ. Японд гэхэд би талх, чи гоймон хийдэг байлаа гэхэд тус бүрийн ажлаа дэлхийд гартал нь сэтгэлээсээ хийдэг. Осака хотын хоолнууд гээд бүр дэлхийд таниулчихсан.
Жижигхэн бөөрөнхий шарвинг амсах гэж хар мянган жуулчид ирдэг. Гэтэл Монголын хорхогыг амсахаар жуулчид ирэхгүй л байгаа биз дээ.
Бид үндэсний хоолоо хөгжүүлж ерөөсөө чадахгүй байна. Дуу хөгжим ятга, хөөмийг үндэсний соёл гээд байдаг. Тэр чинь ерөөсө биш. Ямар ч гадаад хүн ирээд хамгийн түрүүнд танай үндэсний хоолыг идье гэдэг. Гэтэл үндэсний хоолоор дагнасан газрууд нь цөөхөн, ганц хоёрхон л байгаа.
Өвөрмонгол хоолны соёлоороо Монголоос илүү байгаа. Хавчигдмал нөхцөл байдаг учраас үндсэрээг үзэл ихтэй. Гэтэл монголчууд эсрэгээрээ. Манайханд тийм сэтгэл байхгүй.
Өвөрмонголын гэр ресторан, хоол унд нь манайхаас 100 хувь илүү. Өглөөний цай нь өрөм, боорцог, ингэний ааруул. Манай жуулчдын баазууд нэг л их гадаадын соёлыг дуурайх Еnglish breakfast байх жишээний. Бид Өвөрмонголчууд шиг гоё сэтгэмээр байна.
-Ярилцсанд баярлалаа.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!