
Ерөнхий сайдын хүүхдийн хэрхэн тансаглаж буйг харсан иргэд бухимдахын дээдээр бухимдаж байна. Татвар төлөгчдийн мөнгөөр тансаглаж явсан уу, өөрийн хөрөнгө орлогоороо ингэж байгаа юу гэдэг ганцхан асуултын хариултыг Ерөнхий сайдаас нэхэж байна. Үүнийг шалгаж тогтоохыг АТГ-аас шаардаад гурав хоносон ч өнөөдрийг хүртэл З.Дашдаваа даргатай АТГ ус балгасан юм шиг чимээгүй сууж байна. Өөрөөр хэлбэл, энэ бүх шаардлага бол зүй ёсны шаардлага бөгөөд Л.Оюун-Эрдэнийн оронд өөр хэн ч байсан ийм л шаардлагыг адил тэгш тавих нь ойлгомжтой.
Тэгвэл үүнтэй зэрэгцэж улс төрд өөр нэг сонирхолтой үйл явдал өрнөж буй нь гайхширал төрүүлж эхэллээ.
Тодруулбал, өчигдөр манай сайтын мэдээлсэнчлэн Ерөнхийлөгчийг дахин сонгохгүй байж, Үндсэн хуулиа хамгаалах АН-ын бүлгийн санаачилга дээр УИХ-ын гишүүн, экс Ерөнхийлөгч Х.Баттулга гарын үсэг зуржээ. Ингээд 42 гишүүнтэй АН-ын бүлгийн гишүүдийн олонх нь буй 36 нь гарын үсэг зурсан юм. Гарын үсэг зурахгүй үлдсэн зургаан гишүүний талаарх мэдээллийг эх сурвалжаас тодруулахад сонгуулийн өмнө хэрэг төвөгт татагдсан, шалгагдаж байсан гишүүд одоогоор гарын үсэг зураагүй байгаа аж.
Тэгвэл Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг дахин нэр дэвшүүлэх хүсэл сонирхол эргэн тойрныхон болон Ардын намынханд хамгийн их байгаа. Гэвч Ерөнхийлөгч У.Хүрэлсүх дахин нэр дэвших, улмаар Ерөнхийлөгчөөр сонгогдох тэр үйл явдал хамгийн ашиггүй тусах хүн бол Л.Оюун-Эрдэнэ юм. Учир нь Ерөнхий сайд, Ардын намын даргын хувиар өнөөдөр эрх мэдэл 100 хувь түүний гарт ирээгүй. Анх Ерөнхий сайд болж байх үеэсээ харьцангуй бяртай, мөнгөтэй болсон ч У.Хүрэлсүх л өнөөдөр жинхэнэ утгаараа нам засгийг, төр засагтай нь нийлүүлэн шууд бус утгаараа “барьж” буй юм.
Түүний Засгийн газрын гишүүдийг харсан ч, УИХ-д У.Хүрэлсүхийн нэр квотоор орж ирсэн гишүүдийг тоолсон ч, АТГ болон прокурор дээр байгаа түүний хүч нөлөөг бодож үзсэн ч Монголд Ерөнхийлөгчөөс өөр хүчтэй бяртай хүн алга. Ерөнхийлөгчийн институцийн хамгийн гол хүч нь ердөө л энэ юм. Дээр нь нэмээд Ардын намыг Я.Содбаатараар дамжуулан бүрэн Ерөнхийлөгчийн институц атгаж буй.
Тиймээс парламентад суудалтай намуудыг өөртөө татах байдлаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хамтарсан ЗГ-ыг бүрдүүлж өөрийгөө хамгаалсан юм. Үүнд нь анхнаасаа дурамжхан байсан Ерөнхийлөгч “Найрааны Засгийн газар” гэж нэрлэн шүүмжилж олон нийтэд ЗГ-ыг муухай харагдуулах үг, үйлдлийг хийсэн удаатай.
Өөрөөр хэлбэл, өнөөдөр улс төрд өрнөж байгаа бүх үйл явдлын цаана алсуураа Ерөнхийлөгч болон Ерөнхий сайдын институц хоорондын зөрчил явж буй гэсэн үг. Тийм учраас Х.Баттулга Ардчилсан намын бүлгийн бичгийг дэмжиж гарын үсэг зурсан байх магадлалтай. Яахав, Н.Учрал сайдын босгож ирсэн “Төгрөг нуурын орд” Х.Баттулгыг дахин нэр дэвших нь байтугай, УИХ-д үргэлжлүүлэн суух уу, үгүй юу гэдэг асуулт дээр авч ирсэн нь үнэн. Гэхдээ үүнээс өөр шалтгаан, илүү том улс төр нь Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг дахих боломжийг нь хаах гэсэн Л.Оюун-Эрдэнийн талын бодлого явж байх талтай. Л.Оюун-Эрдэнэ болон Х.Баттулга гэдэг хоёр хүн нэг завинд суугаад удсан. Үүнийг нь ч намын гишүүд нь ил далдаар ярилцах болсон. Ил хэлж байгаа нь ганц хоёр ч, хөшигний ард бүгд дуу нэгтэйгээр “Женкогийн Засгийн газар болчихлоо” гэж толгой сэгсэрч суугаа.
Тиймээс Х.Баттулгын Ерөнхийлөгчийг дахин нэр дэвшүүлэхгүй байх нь зөв гэдэг бичигт гарын үсэг зурсан үйл явдал бол дан ганц өөрийнх нь атаа хорсол огтоо биш юм. Цаадах гол зөрчил нь институц хоорондын зөрчил юм.
Одоо л дээгүүрээ ойлголцохгүй бол хэрэг явдал улам бүр чангарч Ерөнхий сайдын хүүхдийн асуудал өндрийг авна. Цаашаа үргэлжлээд Х.Баттулгын бүрэн эрх, “Ухаа худаг”-ийн асуудал гээд сар гаруйн хугацаанд манай улс төр буцалж мэдэхээр байна.
Г.Лхагвадорж
Сэтгэгдэл (6)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!