
УИХ-ын гишүүн, Монгол Улсын сайд, Хяналт, үнэлгээний Үндэсний хорооны дарга Э.Одбаяртай ярилцсаныг хүргэж байна.
-Хамтарсан Засгийн газрын дотоод хяналтыг манай талаас хариуцаж байгаа-
-УИХ-д АН-аас сонгогдсон гишүүд дунд, мөн хамтарсан ЗГ-ын гишүүдээс ч тэр хамгийн чимээгүй улстөрчдийн нэг нь таныг гэж ярих нь бий. Энэ удаад таниас хэд хэдэн анхаарал татдаг сэдвүүдээр хариулт авъя гэж бодлоо. Юун түрүүнд таны хариуцаж байгаа Хяналт үнэлгээний газрын үнсэн чиг үүргийг тодруулъя?
- Салбар яамнуудын гүйцэтгэлийн үнэлгээг гаргахдаа өөрсдийнх нь цахим мэдээллийн санд байршуулсан тайланг авч хяналт, шинжилгээ хийсэн. Ер нь бид сөрөг хүчиндээ ЗГ-ын дотоод хяналтаа хариуцуулъя гэдэг манлайллын хүрээнд энэ үйл ажиллагаа явагдах болсон. Дээр нь салбар бүрээс мэргэжлийн төлөөлөл болж бүрдсэн 126 гишүүнтэй парламентын үед төрийн төлөвлөлт, төсвийн төлөвлөлт, хяналтыг боловсронгуй болгох шинэ системийг нэвтрүүлье гэсний үндсэнд гишүүдтэйгээ манай ажлын хэсэг нэлээд нягт хамтран ажиллаж байгаа. Гол асуудал нь төрийн ажил төлөвлөлтөөсөө авхуулаад төсөвлөлт, гүйцэтгэл, тайлан нь монголчилдог биш, яг олон улсын стандартын дагуу хийгддэг болох алхам руу орох ёстой гэдэгт УИХ, ЗГ-ын түвшинд ойлголцоод явж байгаа юм.
Энэ хүрээнд Монгол Улсын тэргүүн Шадар сайд бөгөөд ЭЗХ-ийн сайд, Сангийн сайд, бид гуравт Ерөнхий сайдын албан даалгавар ирүүлсний дагуу хамтарсан ажлын төлөвлөгөө гаргаад ажиллаж байгаа. Нэлээд олон хууль, журмуудад өөрчлөлт оруулна. Энэ утгаараа тодорхой хугацааны ажлууд хүлээгдэж байгаа.
- ЗГ-ын 2024 оны сүүлийн хагас жилд хийсэн ажлын гүйцэтгэлд 34 хувийн үнэлгээ өгч дүгнэсэн байсан. Ийм бага хувьтай үнэлэгдэхэд голлон нөлөөлсөн зүйлс нь юу байв? Уг үнэлгээг УИХТГ-аас 25.3 хувьтай буюу”хөтөлбөрийн хэрэгжилт үр дүнгүй” гэж дүгнэсэн юм билээ.Та бүхний гаргасан үнэлгээнд учир байна уу? Дүнг бууруулж тооцсонд ямар дүгнэлт хийсэн бэ?
- УИХ-ын 2020 оны 206 дугаар тогтоолоор байгуулагдсан Төрийн захиргааны байгууллагад төрийн байгууллагууд хяналт шинжилгээ хийж үнэлэх нийтлэг журам гэж гарсан байдаг. Тэр журмын дагуу манай байгууллага үнэлгээгээ хийсэн. Саяхан оны нэгдүгээр улиралд үнэлгээ хийх журам, хяналт шинжилгээг хийх журам, тайлагнах журмуудыг тусад нь салгаж нарийвчилсан байдлаар тусгасан шинэ журмуудаа батлуулсан. Ер нь ялгаатай үнэлгээ гарах нь асуудал биш. Гэхдээ миний дүгнэснээр УИХТГ-т улсын хяналт хэрэгжүүлэх газарт ажиллаж байсан мэргэжлийн хүмүүс олон бий. Тиймээс энэ хоёр байгууллага хамтраад УИХ-ын үнэлгээ хийх журам дээр ажиллаад боловсруулах шаардлагатай юм байна гэж харсан.
-Хүний эрхийг дээдэлсэн засаглалын бодлого, хүний хөгжлийн бодлого хоёрыг ЗГ хамгийн өндөр хувьтай хэрэгжүүлсэн байна гэж танайх үнэлсэн байсан. Яг ямар хөтөлбөрүүд нь амжилттай хэрэгсэн гэж дүгнэсэн бэ. Жишээ нь хүний хөгжил, хүний эрхийн ажлууд дотор амьдрах орчны нөхцөлийг сайжруулсан эсэх асуудлыг Байнгын хорооны хуралдаануудад гишүүд олон удаа асууж, шүүмжилж байсан. Ямар шалгууруудыг үндэслэж ийм үнэлэлт гаргасан бэ?
-Салбарын нарийн юмнуудыг цаасаа харж байж хэлэхгүй бол болохгүй байна. Хүний эрхтэй холбоотой ажлуудын гүйцэтгэлийн тайлан мэдээ нь дийлэнхдээ ХЗДХ-ийн яамнаас боловсруулагдаж ирсэн. УИХ-ын харьяа байгууллагуудаас Хүний эрхийн дэд хороо тайлангаа ирүүлсэн байдаг. Энэ хоёрыг дундажлаад авч үзэхэд хүний эрхийг хангахад чиглэж боловсруулагдсан хууль тогтоомжууд, авч хэрэгжүүлсэн арга хэмжээнүүд нь өндөр тийм хэмжээгээр үнэлэгдсэн. Мэдээж нөгөө талд нь шүүмжлэлтэй зүйлс байгаа л байх.
-Хяналт болон бүтээмжийн менежерүүд үр дүн гаргахгүй бол хариуцлагыг шат шатандаа хүлээнэ-

-Төрийн өмчит компаниудад Хяналтын менежер, бүтээмжийн менежерүүдийг томилсон. УИХ дээр төрийн байгууллагуудын зардлыг бууруулъя бүтцийг нь цөөрүүлье гэж ярьдаг боловч Засгийн газар дээрээ удирдлагын шинэ бүтэц угсраад яваа нь хэр зохимжтой вэ?
-Төрийн өмчийн оролцоотой бөгөөд төрийн өмчит 123 ААН байгаа. Үнэлгээг нь аваад үзэхээр 120 орчим их наяд төгрөг, балансыг нь харахаар 10-аад компани нь ашигтай ажилладаг. Үлдсэнийх нь орлого, зарлага ойролцоо, эсвэл алдагдалтай ажилладаг. Тиймээс төрийн өмчит болон төрийн оролцоотой ААН-үүдэд реформ хийхгүй бол болохгүй болчихсон байна гэдэг тохио аль хэдийн ирсэн.
Яг бодит ажил хийгдэхээр зөвхөн нэг талын оролцоотой, нэг талаас ирж байгаа мэдээллийг үнэн зөв гэж шийдвэр гаргахад төвөгтэй учраас ийм зохицуулалтыг гаргасан. Зөвхөн нэг нам дангаараа олон жил засаглаж ирсэн учраас АН олонх болж чадаагүй ч хамтарсан ЗГ-т орсон учраас төрийн өмчит компаниудад хяналтаа тавих боломжтой болсон. Хяналтын менежерүүдийн үүрэг нь зардлыг 10-аас доошгүй хувь бууруулна. Нөгөө талаас томилогдож байгаа Бүтээмжийн менежерүүд нь бүтээмжийг 10-аас доошгүй хувиар нэмэгдүүлнэ. Ингэж хоёр талаас зорилт тавиад явна.
Эдгээр хүмүүсээс хүлээгдэж байгаа гол үр дүн нь үйлдвэрлэл, худалдан авалтын процесс дээр үргүй зардал юу байна гэдэгт дүгнэлт хийгээд танилцуулах үүрэгтэй байгаа. Эндээс ирсэн мэдээллүүдийг нэгтгэж ямар компаниудыг хувьчлах шаардлагатай байгаа, ямрыг нь хооронд нь нэгтгэх үү, алинд нь IPO хийх замаар хөрөнгийг нь нэмэгдүүлэх үү гэдгийг шийдвэрлэх юм. Товчхондоо бодлогын хувьд төрийн өмчит компани хувийн хэвшилтэйгээ өрсөлдөх нь буруу зүйл гэдэгт дүн шинжилгээ хийхийн тулд эхлээд менежерүүдийг шахаж ажиллуулаад бодит үнэлэлт, дүгнэлтийг гаргуулъя л гэж томилсон зүйл.
-Менежерүүдийг томилоод багагүй хугацаа өнгөрлөө шүү дээ. Энэ хугацаанд ямар нэгэн үр дүн гарч эхэлсэн үү?
-Эхний томилогдсон хүмүүс ажиллаад улирал шахуу болсон байна. Санхүүгийн үзүүлэлтүүд нь хагас жилээр гарна. Эхний ээлжид мэдрэгдэж байгаа зүйл нь мэдээллийг ил тод байдал сайжирсан байна. Мэдээж менежерүүдийг тодорхой хугацаанд ажиллуулж байгаа. Тэтгэвэрт гартал нь ажиллуулахгүй байх. Ажлын үр дүнг нь харж байгаад цаашид үргэлжлүүлэн ажиллуулах эсэхийг шийдээд явах юм.
-“Эрдэнэс Монгол” нэгдлийн захирал С.Наранцогтоос тодруулахад төрийн өмчит компаниуд дээр тухайн менежерүүдийг түр томилсон буюу сонгон шалгаруулалт хийгдээгүй байгаа гэж хэлж байсан. Одоо тэдгээр хүмүүс жинхэлсэн үү. Хууль ёсны томилгоо болж чадсан у?
-Эдгээр хүмүүс очсон газруудынхаа дотоод хөдөлмөрийн харилцаагаар зохицуулагдаад явж байгаа зүйл.
-Мэргэжлийн шалгууруудыг хангаж байгаа юу?
- Ихэвчлэн санхүү болон хүний нөөц, бизнесийн удирдлагын чиглэлийн хүмүүс байгаа. Холбогдох чиглэлийн салбарууд руу нь томилсон гэж ойлгож болно.
-Өнөөдрийн байдлаар хэчнээн компанид хэдэн менежер албан ёсоор томилогдсон байгаа вэ? хэдэн төгрөгийн цалинтай вэ?
-Хяналтын менежерээр томилогдсон болон томилогдох хүмүүсийн мэдээлэл Төрийн өмчийн хороонд байдаг. Төрийн өмчийн хороонд холбогдох хувьцаа эзэмшигчийн эрхээ хэрэгжүүлж байгаа байгууллага болоод ТУЗ руу нь саналаа оруулаад шийдээд явж байгаа. Яг хэд нь томилогдоод, хэд нь хүлээгдлийн шатандаа явж байгааг Төрийн өмчийн хороо сайн мэднэ. Цалингийн хувьд удирдах албан тушаалтнуудтай адилхан цалин авч байгаа байх.
-С.Наранцогт дарга дунджаар 5-6 сая төгрөгийн цалин авдаг гэж хэлж байсан, та үүнийг мэдэхгүй гэж үү?
-Менежерүүдийн цалинг их, бага байна гэдэг яриа гарчихсан байсан. Энэ нь томилогдож очиж байгаа зөвхөн менежерүүдийн тухай асуудал биш ерөөсөө л төрийн өмчит компаниудын удирдах ажилтнуудын авдаг жишиг цалингаар л явж байгаа зүйл.
-Танд менежерүүдийн тоон мэдээллүүд нэгтгэгдэж ирдэггүй юм уу? Томилгоог хамгийн их анхаарч ажиллах ёстой хүн гэж ойлгож байгаа?
-Одоогоор надад ирсэн тодорхой мэдээлэл алга байна.
-Хэрэв хяналтын менежерүүд ажлын үр дүн гаргаж чадахгүй бол хариуцлагын асуудал шат шатандаа яригдах уу? Толгой газар нь танайх болж таарах нь?
-Мэдээж яригдана. Аль аль талдаа шаардлагаа тавиад шахаад явах ёстой байх. Томилсон болон томилогдсон хүмүүст ч яригдана.
- Тавантолгой Төмөр зам ХХК-д томилогдсон танай намын Э.Тамир менежер мэдээлэл хийсэн байдаг. Ингэхдээ тус компанийн бүтэц, худалдан авах ажиллагаатай холбоотой санхүүгийн зарцуулалтын асуудлаар ярьсан. Тухайлбал, худалдан авах ажиллагааны тайланд муурын хоол, цээживч хүртэл худалдаж авсан зэрэг асуудлууд гарсан байсан. Үүнтэй холбоотойгоор тус компанид танайхаас хяналт тавьж ажилласан зүйл бий юу? Ер нь энэ асуудал яагаад намжив?
-Тэр мэдээллийн дараагаар Тавантолгой Төмөр зам ХХК, Монголын төмөр замтай нийлэх тухай шийдвэр гарсан. Тэр хоёр төмөр замын компани нэгдэхээс өмнө одоо байгаа асуудалд нь дүгнэлт хийх нь зүйтэй гэж үзээд ЗГ-ын Хяналт хэрэгжүүлэх газрын Хяналт, шалгалтын газраас шалгалтын ажил хийгдэж байгаа. Тэр шалгалтын тайлан гарахаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжтой.
-Хамтарсан Засгийн газарт хяналтын чиг үүргийг танай нам ерөнхийдөө хариуцаад явж байгаа юм байна гэж ойлголоо. Хяналт, бүтээмжийн менежерүүдийн томилгоо явсан цагаас АН-ын талаас илүү олон томилгоонууд энд хийгдэж байна гэдэг шүүмжлэл яригдах болсон. Танай намын нэг гишүүн хүртэл хэдэн сайд нар цүнх баригчдаа төрийн өмчит компаниуд руу шургуулсан гэж ярьсан тохиолдол бий. Энэ үнэн үү?
-Энэ талаар Төрийн өмчийн хорооноос тодруулсан нь зүйтэй байх. Арай өөр тоо гарах байх. Яах вэ, манайх арай илүү нээлттэй байдаг учраас дэлгэрэнгүй яригдаад байгаа юм. Зүгээр, улс төрийн угшил, нам хараад явбал тал талын төлөөллүүд л байгаа.
-УИХ-ын дарга Д.Амарбаясгалан, Ерөнхий сайд бид нар нам, улс төрийн юмаа ярьдаг-

-Ярилцаж байгаагийн хувьд тантай холбоотой яригддаг улс төрийн хүрээний сонирхол татсан зарим зүйлд хариулт авъя гэж бодож байна. Танай нам хамтарсан Засгийн газарт орсноос хойш ямар нэг албан тушаалд хүмүүсээ томилох болоход намын даргаас илүүтэй таны үүдийг сахидаг, таниар дамжиж ихэнх томилгоонууд хийгддэг гэх юм билээ?
-Би 2024 оны УИХ-ын анхдугаар чуулган хүртэл АН-ын ЕНБД-ын ажлыг хийсэн. Тиймээс намын генсек байсны хувьд аль аль талдаа боловсон хүчин, хүний нөөцийн асуудлаа ярьдаг. Одоо байгаа намын дарга, одоо байгаа генсектэйгээ энэ асуудалд санал солилцдог гэсэн үг.
-Одоо хүртэл гэсэн үг үү?
-Тийм.
-Намынхаа ЕНБД-ын ажлыг хийж байсан тухайгаа хөндсөнийх. Үүнд тодруулаад асуух нь зөв байх. Таны хувьд 2023 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр АН-ын ЕНБД-ын түр орлон гүйцэтгэгчээр томилогдож байсан юм билээ. Энэ зүйлийг улс төрийн хүрээнд МАН-ын генсек байсан, одоогийн УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн хүн учраас түүний төрсөн өдөртэй давхцаж ийм зүйл болсон гэж яригддаг юм билээ. Та өөрөө ч сонсож л байсан байх ?
-Би анх ажлаа авчхаад бүлгийн гишүүдтэй хэвлэлийн хурал хийхэд энэ асуулт гарч ирж байсан. Д.Амарбаясгалан даргын хэзээ төрснийг мэдэхгүй юм чинь тэр өдөр нь л давхцаж таарсан юм билээ /инээв/.
-Тохиолдлынх гэсэн үг үү?
-Тийм.
-Үүнийг тодруулж байгаа нь таныг өнгөрсөн хугацаанд, одоо ч тэр АН-д томилсон МАН-ын БЭТ гэсэн яриа байдаг учраас хувь улстөрчийн хувьд мэдээж ямар хариулт хэлэх нь сонин байлаа. Гэхдээ танд МАН-ын гишүүдээс илүү ойр харилцаатай, магадгүй найзалж нөхөрлөдөг хүмүүс байхыг ч үгүйсгэхгүй байх? Тэр хамаарлыг холбож яригддаг зүйл юм болов уу?
-Ордонд байгаа хүмүүс чинь улс төрд ойрхон байдаг. Монголд миний ойлгож байгаагаар улс төрийн намаас нэр дэвшсэн, эсвэл намын үйл ажиллагаанд идэвхтэй оролцдог тийм олон хүн байдаггүй байх. Тиймээс аль алиныг нь жишээлэхэд, УИХ-ын дарга Д.Амарбаясгалан, Ерөнхий сайд хийж байгаа хүмүүс бид нар адилхан залуучууд. Мэдээж нам, улс төрийн юмаа ярина. Үзэл бодлын юмнуудаа ярьдгаараа ярина. Түүнээс биш бие биеэсээ огт танихгүй гэсэн тийм худлаа амьдрал байхгүй гэж хэлье дээ.
Ярилцсанд баярлалаа