Улаанбаатар хотын хамгийн олон хүн амтай дүүргийн нэг бол Сонгинохайрхан. Тус дүүргийн нийт 19 хороонд сургууль байхгүй гэсэн тооцоолол гарчээ. Иймд 11 байршилд сургууль барихаар төлөвлөсөн болохыг дүүргийн Засаг даргын орлогч Д.Хосбаяр ярьж байлаа. Ингэснээр дүүргийн хэмжээнд сургуулийн хүртээмж стандарт түвшинд хүрэх гэнэ. Энэ талаар "Төлөвлөсөн байршилд сургууль, цэцэрлэгийн барилгын ажил шийдэгдвэл дүүргийн зүгээс газар чөлөөлөлтийн ажлыг эхлүүлнэ" гэдгийг тодотгосон. Түүний хэлснээр дүүргийн хэмжээнд төрийн өмчийн 29 сургууль, 71 цэцэрлэг үйл ажиллагаа явуулж байгаа аж.
Нийслэлийн хэмжээнд 2024-2025 оны хичээлийн жилд төрийн өмчийн 150 ерөнхий боловсролын сургуульд 307 мянга гаруй хүүхэд суралцаж байна. Үүнээс анги дүүргэлтийн стандарт хэтэрсэн болон гурван ээлжээр хичээллэдэг сургууль олон тул .“20 минутын хот” төлөвлөлтийн хүрээнд 84 байршилд шинээр сургууль барих шаардлагатай болохыг Нийслэлийн авто замын түгжрэлийг бууруулах төсөл, хөтөлбөрийг зохицуулагч Д.Бадарсан хэлсэн юм. Түүний мэдээлснээр зургаан дэд төвийг түшиглэн 23 сургууль, гэр хорооллын бүсэд 45, орон сууцны хорооллын бүсэд 16 буюу нийт 84 байршилд шинээр сургууль барих шаардлагатай байгаа аж.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!