Монгол, Хятадын Гашуунсухайт-Ганцмод төмөр замын боомтын хил холболтын бүтээн байгуулалтын нээлт энэ сарын 13-нд хоёр улсын хилийн зааг дээр боллоо.
Энэ үеэр “Монголын төмөр зам” ТӨХК, “Чайна Энержи Коксжих нүүрс (Тяньжин)” ХХК хоорондын Нүүрс тээвэрлэлтийн урт хугацааны гэрээ байгууллаа. Гэрээнд “Монголын төмөр зам” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал О.Батчулуун, “Чайна Энержи Коксжих нүүрс (Тяньжин)” ХХК-ийн Ерөнхий захирал Ян Зэкүнь нар гарын үсэг зурав.
Энэ үеэр “Монголын төмөр зам” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал О.Батчулуун хэлэхдээ: “Тавантолгойн уурхайгаас Ганцмод боомт хүртэл хүргэх нүүрсний тээврийг төмөр замаар хийх “түүхэн гэрээ” байгууллаа.
Анх удаа Монголын үндэсний төмөр замын компани ачаа тээвэртэй, ашиг орлоготой байхаар боллоо. Манай компани 16 жилийн турш энэ тээврийг тогтвортой хийснээр өнөөгийн үнэ цэнээр 2.5 тэрбум ам.долларын ашиг олох боломжтой.
Төмөр замын шилжүүлэн ачих терминалаас Ганцмод боомт хүртэлх хил дамнасан тээврийг “богинын тээвэр” буюу авто замаар хийнэ. Үүнийг оролцуулбал “Монголын төмөр зам” ТӨХК өнөөгийн үнэ цэнээр 3.7 тэрбум ам.долларын орлого олох боломжтой. Бид “Чайна Энержи Коксжих нүүрс” ХХК-ийн экспортын нүүрсийг тогтвортой, найдвартай, урт хугацаанд тээвэрлэх гэрээ хийж буй түүхэн чухал өдөр болж байна. Тээврийн үнийг жил бүр индексжүүлнэ. Нүүрсний үнэ өсвөл тээврийн үнэ дагаад өснө" гэв.
“Монголын төмөр зам” ТӨХК, “Тавантолгой төмөр зам” ХХК компаниудыг нийлүүлэх үйл ажиллагаа үргэлжилж байна. Ингэснээр бид зүтгүүр болон вагоны хүчин чадлын хувьд “Чайна Энержи Коксжих нүүрс” ХХК-ийн нүүрсийг тээвэрлэх бүрэн боломжтой болж байна.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!