Өнгөрсөн жилийн наадмын барилдааныг будлиантуулж, бөхчүүдийн хөдөлмөрийг үнэгүйлдэн, бэртэж гэмтэхэд нөлөөлсөн хиймэл зүлэгийг энэ жил солих уу гэх асуулт өнөөдрийг хүртэл хариултгүй хэвээр байна. Наадмын дараа Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар Монголын үндэсний олон нийтийн радио телевизэд өгсөн ярилцлагадаа, "Бороо их орсон. Халтиргаа гулгаа үүссэнийг бид нийтээрээ харсан. Ирэх жилийн наадмыг үндсэн зүлгэн дээр зохион байгуулах бэлтгэл ажил руу оръё гэдэг шийдэлд хүрсэн" гэж мэдэгдсэн учраас бөхчүүд энэ жил таримал зүлгэн дээр барилдана гэсэн хүлээлттэй байсан юм.
УЛСЫН НАЧИН Э.БАТМАГНАЙ: Наадмын дараа Хотын дарга Х.Нямбаатар цэнгэлдэхэд тарьмал зүлэг тарина гэж хэлсэн учраас энэ жил байгалийн зүлгэн дээр барилдана гэсэн хүлээлттэй байгаа
Энэ тухай Улсын начин Э.Батмагнай манай сайтад өгсөн ярилцлагадаа "Наадмын дараа Хотын дарга Х.Нямбаатар цэнгэлдэхэд таримал зүлэг тарина гэж хэлсэн учраас энэ жил байгалийн зүлгэн дээр барилдана гэсэн хүлээлттэй байгаа" гэдгээ илэрхийлсэн байдаг.
Х.НЯМБААТАР: ХУУЧИН ХИЙМЭЛ ЗҮЛГИЙГ БУЦААЖ ДЭВСЭХЭЭР БОЛСОН
Гэвч Хотын даргын таримал зүлгэний амлалт замхарч, "Хуучин хиймэл зүлгийг буцааж дэвсэхээр болсон" гэх товчхон хариултыг сэтгүүлчдэд өглөө.
Тодруулбал тэрбээр, өчигдөр Төв цэнгэлдэх хүрээлэнгийн зүлэгний асуудлыг яаж шийдэхээр болсон бэ гэх сэтгүүлчийн асуултад "Буцаагаад хиймэл зүлгээ тавьж байгаа" гэх хариултыг өгсөн юм.
Ж.ЭНХЖАРГАЛАН: ХИЙМЭЛ ЗҮЛГИЙГ БУЦААЖ ДЭВСЭХ ЭСЭХ ТАЛААР НАДАД МЭДЭЭЛЭЛ ИРЭЭГҮЙ
Энэ талаар бид Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гүйцэтгэх захирал Ж.Энхжаргалангаас тодруулахад, "Хиймэл зүлгийг буцааж дэвсэх эсэх талаар надад мэдээлэл ирээгүй. Амьд зүлэг хийж амжихгүй учраас одоо байгаа хиймэл зүлгийг сайжруулах ёстой гэдэг дүгнэлтийг гаргаж, нийслэлд хүргүүлсэн.
Одоогоор албан ёсны хариу ирээгүй байна. Бөхийн холбооноос өмнө нь байсан шиг буюу хар резинтэй, элсээр дүүргэгчтэй, зөөлөвчтэй зүлэг хийх саналтай байгаагаа илэрхийлсэн. Бөхийн холбоо болон бөхчүүдийн саналыг тусгаад хамгийн сайн чанарын дүүргэвч резин ашиглаж, хиймэл зүлгээ сайжруулж дэвсэх саналыг хүргүүлсэн. Наадмаас өмнө хиймэл зүлгийг сайжруулах ажлыг дуусгана. Хиймэл зүлгийг хэрхэн, яаж сайжруулсныг бөхчүүдэд тайлбарлаж, бороо орох үеийг дайруулан Баяр наадмын өмнөх сорилго барилдааныг зохион байгуулж, бөхчүүдийг барилдуулаад санал, бодлыг нь сонсохоор төлөвлөж байна. Өнгөрсөн жилийн алдааг давтахгүй" гэлээ.
Бөхчүүдийн толгойны өвчин болоод буй хиймэл зүлэгний асуудлаар албаныхан ийм тайлбарыг өглөө. Товчхондоо бол хиймэл зүлгийг солихгүй буцааж дэвсээд халтирахгүй байхад нь анхаарч, сайжруулах шийдэлд хүрсэн байна.
Бид Д.Анар, Д.Хүдэрбулга, Н.Золбоо, Э.Батмагнай тэргүүтэй УЛСЫН ЦОЛТНУУДААС зүлэгтэй холбоотой санал бодлыг нь сонсоход "Бөхчүүдийн хөдөлмөрийг үнэгүйдүүлсэн цэнгэлдэхийн хиймэл зүлгийг солих хэрэгтэй" хэмээн дуу нэгтэйгээр хариулсан юм.
Сэтгэгдэл (2)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!