
Улс төрийн нөхцөл байдал хаашаа ч эргэж магадгүй хүлээлт дор өрнөж байна. Ерөнхий сайд тэсээд үлдэх үү, жагсагчдын шаардлагыг биелүүлэх үү гэдэг асуултын хариулт энэ долоо хоногтоо шийдэгдэх байх. Тэгвэл улс төрийн хамгийн гол үйл явц саарал ордны гадны биш дотор өрнөх ёстой гэдгийг сануулах нь зүйтэй. Өөрөөр хэлбэл, үнэхээр огцруулах шаардлага байгаа гэвэл гаднах гарын үсгээр биш доторх гарын үсгээр шийдэгддэг учиртай. Хэрвээ энэ хэвээрээ гишүүд чимээгүй өнгөрвөл улс төр ч мөн адил чимээ багатай өнгөрнө л гэсэн үг юм.
Өөрөөр хэлбэл, өнөөдрийн намын бүлгүүдийн хуралдаан маш чухал байр суурийг илтгэх юм.
НЭГ, Лу.Гантөмөр, Т.Доржханд Ерөнхий сайдыг хамгаалж, АН-ын даргын албан тушаал ганхах ёстойг бүгдэд ойлгуулав
Засгийн газарт нэгэнт хамтарсан учраас кабинетын тэргүүнээ хамгаалж, засгаа бүтэн авч үлдэх нь зарчмын шийдэл. Гэхдээ өнгөрсөн хугацаанд хэлж ярьж байсан бүхнээ үгүйсгэж улс төрийн замналаа ойлгомжгүй байдал руу түлхэх үү, үгүй юу гэдэг сонголтоо хийх учиртай. Ялангуяа АН-ын дарга Лу.Гантөмөрийн хувьд сэтгүүлчдэд байр сууриа илэрхийлж байгаа байдал тун зохимжгүй бөгөөд ихээхэн дургүйцэл, зэвүүцэл төрүүлэхээр байсан нь хачирхалтай. Өмнөх нь өөрийн намынх нь эмэгтэй гишүүний хүүхдийг элдвээр хэлсэн, доромжилсон улс төрийн хажуугаар хамраа ч хөдөлгөхгүй “Ажлаа хиймээр байна” гээд хээвнэг өнгөрч байсан тэр Ардын намын даргын асуудал дээр “Хүүхдээр адгийн улс төр хийж байна” гэж илтэд муйхар зүтгэсэн нь түүнийг цаашид Ардчилсан намын даргын албан тушаалд тэнцэхгүй нэгэн болохыг бэлхнээ харуулж орхисон. Жагсагчдаа төлбөртэй гэж доромжлох ч түүний хэлэх үг биш байлаа. Тиймээс улс төрийн хүрээнд АН эхлээд Лу.Гантөмөрөөсөө салах цаг нь болжээ гэх дүгнэлтэд хаа хаанаа хүрээд байна.
ХОЁР, Эвслийн тэргүүний өөрчлөгдсөн байр суурь
УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр анх хэвлэлд мэдээлэл өгөхдөө “Орлогоо нотолчих хэмжээний орлоготой улстөрч” гэсэн агуулгыг хэлж товчхондоо хамгаалах өнгө аясыг цухалзуулсан. Мэдээж нотолж чадахгүй бол огцрох асуудлыг хөндсөн ч хүүдээ үнэтэй цүнх авч өгөх боломжтой орлоготой гэдгийг нь хэлсэн юм. Гэвч хэдхэн хоногийн дараа Ерөнхий сайд тайлбар хэлэхдээ “Улс төрийн ялаанууд” гэж хэлснийг нь хараад түүний байр суурь хатуурах шинжтэй болж ирэв. Тэрбээр “Ерөнхий сайд маань халамж үйлдэлтэй баялгийн сангийн нэрээр хүч түрэн бизнесийг дээрэмдэхийг эсэргүүцсэн мань мэтийг “ялаа” гэж коммунист адлал бүхий үг шидэх гэж. Баасан дээр суудаг жинхэнэ ялаа бол намчид шүү дээ. Өнөөдөр авлигатай тэмцэнэ гэдэг бол ардын намтайгаа тэмцэнэ гэсэн үг” гэв. Өөрөөр хэлбэл, эвсэл энэ долоо хоногоос эхлээд Ерөнхий сайдад шахалт үзүүлэх магадлалтай болж ирэв. Магадгүй өнөөдөр жагсагчдын огцруулах бичигт гарын үсэг зурах тав дахь гишүүн нь Н.Номтойбаяр байж болох талтай юм.
ГУРАВ, Х.Баттулга, Н.Учрал нарын шат дараалсан мэдэгдэл “хөшиг”-ний арын улс төрийг илтгэв
Жагсаал, цуглаан эсэргүүцлийн хажуугаар нэгэн сонирхолтой байр сууриуд олон нийтийг анхаарлыг татав. Удтал чимээгүй суусан УИХ-ын гишүүн Х.Баттулга “Төгрөг нуур одоо миний мэдэлд байхгүй. Үүнийг нотлохын тулд цагдаагийн байгууллага”-д хандлаа гэв.
Хариуд нь Н.Учрал сайд “Х.Баттулга өөрийн CAMEХ компани, төрсөн эгч, охин, хятадуудтай нийлээд дамлачихсан хүн. Өндөр үнээр зарчихаад лицензийг нь Монголд үнэгүй болгоод оруулаад ирсэн. Монголын баялгийг Mонголчуудад ямар ч өгөөжгүйгээр оффшор дамнуулж зарсныг чинь хууль шалгаж олон нийт анхааралтай ажиглаж байгааг ахин сануулъя. Монголчууд таны тохуурхал биш” гэв.
Тэгвэл хэсэг чимээ нь алдарсан “Төгрөг нуурын орд” яагаад гэнэт босоод ирэв. Х.Баттулга яагаад гэнэт цагдаад хандав. Энэ хэргийн шалгалт цагдаа дээр биш АТГ, прокурор дээр явж байгаа. Гэтэл шал өөр зүгт бичиг цаас шидэж буй нь асуудал нь хүндрэх сураг авсантай холбоотой байж болзошгүй. Дээр нь Х.Баттулга болон Л.Оюун-Эрдэнийн хоршилд Ардын намынхан бүгд дургүйцэж суугаа. Өнөөдрийн энэ жагсаал, огцруулах гэсэн ажлыг Ардын нам дотор бүрэн биежүүлж магадгүй ганцхан нөхцөл шаардлага нь энэ байх талтай. Тиймээс асуудал хүндэрч буйг илтгэх байр сууриуд өнгөрсөн өдрүүдэд өрнөсөн байж болзошгүй.
ДӨРӨВ, Ерөнхийлөгчийн мэдэгдэл хамгийн чухал нь. Ерөнхийлөгч задгай “үзэх” гэж байна уу...
Үүний араас Ерөнхийлөгчийн “Үндсэн хууль өөрчилж дахин нэр дэвшихгүй” гэдэг байр суурийг түүнийг зөвлөх, хэвлэлийн төлөөлөгч олон нийтэд илэрхийлэв. Энэ мэдэгдэл араасаа хоёр том аюулыг дагуулж буй мэт уншигдаж байна. Эхнийх нь ЗГ-ыг огцруулж, Л.Оюун-Эрдэнийг солихоор Ерөнхийлөгч сэтгэл шулуудсан байж болзошгүй явдал юм. Учир нь хэрвээ түүнийг огцруулахаар Ардын нам хөдөлж эхэлбэл Ерөнхийлөгчийг бүгд буруутгана. Дахин сонгогдох замд нь Л.Оюун-Эрдэнэ саад учруулж Үндсэн хуулиа хамгаалсны төлөө огцруулах ажлыг далдаас Ерөнхийлөгч удирдлаа гэдэг улс төр явах эрсдэлтэй. Тиймээс надад хувийн эрх ашиг байхгүй гэдгээ зарлаж байгаад Ерөнхий сайдтай улс төр хийж гэж байхыг үгүйсгэхгүй юм. Учир Х.Тэмүүжингийн санаачилсан Ерөнхийлөгчийг дахин сонгож Үндсэн хууль хөндөхгүй гэдэг бичигт Ардчилсан нам доторх Х.Баттулгын талынхан оройлон зүтгэж гарын үсэг зурцгаасан. Х.Баттулга ч энэ бичигт гарын үсэг зурсан нь алсуураа У.Хүрэлсүхийн эсрэг улс төр юм. Х.Баттулга ийм улс төр хийж байгаа нь Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайдтай хамааралтай байх өндөр боломжтой талаар өмнөх нийтлэлүүдээрээ хүргэж байсан билээ. Ямар ч байсан өчигдрийн Ерөнхийлөгчийн мэдэгдэл гал дээр тос болон орж ирэх болов уу гэж харж байна.
ТАВ, Огцруулах улс төр ордны гадаа биш дотор өрнөнө. Хэнд хэдэн кноп байгааг тоолох хэрэгтэй
Одоо хэрэгжиж буй Үндсэн хуулийн хүрээнд Ерөнхий сайд нэг бол өөрөө огцрох хүсэлтээ гаргах. Эсвэл 32-оос дээш гишүүн гарын үсэг зурж огцруулах бичгийг УИХ-аар хэлэлцүүлж, 62 гишүүн нь огцруулах асуудлыг дэмжсэн тохиолдолд Ерөнхий сайд суудлаасаа буух юм.
Тиймээс ордны гадна улс төр бол залуучуудын хувьд хийх ёстой зүйл мөн үү гэвэл мөн. Харин хамгийн чухал улс төр нь ордон дотор өрнөх ёстой. Өөрөөр хэлбэл, гишүүдийн тоог тоолох нь зүйтэй юм.
Сануулахад, энэ парламент дотор Ерөнхийлөгчийн хүмүүс хамгийн олон бий. Дээр нь Х.Баттулгын талынхан АН дотор олуулаа байгаа. Лу.Гантөмөрт найман сайдаас нь өөр хүн үлдэх үү үгүй юу гэдэг нь эргэлзээтэй. Харин Т.Доржхандын найман кнопоос Ж.Золжаргал өчигдөр салж тоглохоо талбай дээр зарлачихлаа. Үндэсний эвслийн байр суурь өчигдөр өөрчлөгдсөн бол дөрвөн гишүүн нь эсрэг дарах байх. Харин Б.Батбаатар ахлагчтай ИЗНН бол огцруулахгүй талд нь явах нь гарцаагүй биз ээ.
ЗУРГАА, Д.Амарбаясгаланд парламентын кнопоос гадна намын бага хурлын багагүй хувь төвлөрч байна
Засгийн газрын хувь заяанд хамгийн том дэнслэгчийн байр суурьтай орж ирэх хүн бол Д.Амарбаясгалан. Түүнийг дараагийн Ерөнхий сайд руу хөдлөхөөр шийдсэн гэх зэрэг яриа гараад эхэлсэн нь талууд ойлголцол муутай байгаагийн шинж гэлтэй. Энэ парламентад багагүй хэмжээний квот барьж орж ирсэн хүн бол УИХ-ын дарга юм. Сүүлийн нэг сарын хугацаанд УИХ дээр лав Засгийн газрын бодлого явахаа болив. Өргөн барих гэсэн тогтоолын төслийг нь чагтлан гацаасан хүн бол Д.Амарбаясгалан. Ингээд бодоход нөхцөл байдал хаашаа эргэх вэ гэдэг асуулт хүн бүрийн анхаарлыг татах нь гарцаагүй юм. Гэхдээ орхигдох гээд байгаа өөр нэг өнцөг бол яг өнөөдрийн байдлаар намынхаа бага хурал дээр хамгийн олон квоттой байгаа хүнээр Д.Амарбаясгалан тодордог. Олон жил намын генсек хийхдээ бага хурлынхаа 60 орчим хувийг өөрийн талын хүмүүсээс бүрдүүлсэн гэж түүнийг намынхан нь ярьдаг. Өөрөөр хэлбэл, Ерөнхий сайдын суудлаас гадна намын даргын суудал давхар яригдах магадлалтай учраас Л.Оюун-Эрдэнийг, найзыгаа тогтоож барих уу үгүй юу гэдгийг шийдэх хамгийн гол хүч, нөлөө Д.Амарбаясгаланд байгаа гэхэд болно. Тиймээс УИХ-ын даргын улс төр хэрхэн өрнөх вэ гэдэг сонирхол татаж байна.
Улс төрийн хүрээнд өнгөрсөн өдрүүдэд болсон сонирхолтой үйл явдлуудыг тоймлоход ийм байна. Цаашид асуудал хэрхэн өрнөхийг өнөөдрийн намын бүлгийн хурал, ХҮН намын зөвлөлийн хурал шийдвэрлэнэ.
Нэмж хэлэхэд огцруулж, огцордог улс төр саарал ордон дотор л өрнөнө. Гадаах нөхцөл байдал бол огцруулахыг хүссэн талуудад барьц болон орж ирэх учиртай. Үйл явдал хэрхэн өрнөхийг хамтдаа харцгаая.
Г.Лхагвадорж
Сэтгэгдэл (3)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!