Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо өнөөдөр /2024.10.18/ хуралдаж, Дэд хорооны даргыг сонгох тухай асуудлыг хэлэлцэв. УИХ дахь МАН-ын бүлгээс Тусгай хяналтын дэд хорооны даргаар УИХ-ын гишүүн Баттөмөрийн Энхбаярыг нэр дэвшүүлснийг хуралдаан даргалагч мэдэгдээд товч намтрыг танилцууллаа.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн.
УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд: Хуулийн салбарт хүний эрхийн зөрчил их байгаа талаар байнга яригддаг. Эрүүдэн шүүсэн олон тохиолдлыг дурдаж болно. Ажиглаад байхад улсын төсөв хэлэлцэх үеэр байшин, барилгын төсвийг голдуу ярьж, хүний эрхийг хамгаалах үйл ажиллагаанд бага мөнгө төсөвлөдөг. Тусгай хяналтын дэд хороо хүний эрхийг хангах талаар онцгой анхаарахгүй бол нөхцөл байдал огт сайжрахгүй байна. Тиймээс хүний эрхийг дээдэлсэн улс орнууд олон нийтийг соён гэгээрүүлэхээс гадна энэ чиглэлийн байгууллагуудын ажилтнуудыг байнга сургаж чиглэлээр дэд хорооны даргаар ажиллахдаа ямар зарчим баримтлах вэ.
УИХ-ын гишүүн Б.Энхбаяр: Гүйцэтгэх ажил хийх эрх бүхий субъектүүдийн гол онцлог нь Монгол Улсын Үндсэн хуульд заасан хүний үндсэн эрх, эрх чөлөө рүү хуульд заасан арга, хуульд заасан хүрээнд нэвтрэх онцгой бүрэн эрхтэй байдаг. Хүний үндсэн эрх, эрх чөлөөнд хуульд заасан үндэслэл журмаас гадуур халдаж байна уу, үгүй юү гэдэгт хянах тавих асуудал дэд хорооны онцгой чиглэл байх болно.
Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүд Тусгай хяналтын дэд хорооны даргаар УИХ-ын гишүүн Б.Энхбаярыг сонгохыг 100 хувь дэмжин, Дэд хорооны даргыг сонгох тухай Байнгын хорооны тогтоолын төслийг баталлаа