Цэрэг татлагын комисст шалгуулсан залуусын тал нь эрүүл мэндийн шалтгаанаар тэнцээгүй гэсэн сэтгэл эмзэглэм мэдээлэл байна. Цэргийн алба хаагчдын тоо нууцын зэрэглэлд байдаг учир энэ талаар дэлгэрэнгүй тодорхой тоо хэлэх боломжгүй. Ямартай ч 2024 оны нэгдүгээр ээлжийн цэрэг татлагаар 18-20 насны залуусын 21.7 хувь нь тэнцээгүй аж. Залуус цэргийн албанд тэнцээгүй нь бөөр шээсний тогтолцооны өвчин, чих, хамар, хоолой, мэс засал, бусад өвчин хагалгааны дараах байдал зэрэгтэй холбоотой.
Гэвч сүүлийн жилүүдэд төмсгийн венийн судасны өргөсөл цэргийн насны залуусыг “заналхийлэх" болжээ. Уг өвчний нууц үе нь илрэх шинж тэмдэггүй учраас цэрэг татлагын эмчийн үзлэгээр асуудалгүй гардаг гэнэ.
Гэвч цэргийн албанд очсоны дараа бэлтгэл сургуулилалт хийж, ачаалал авахаар өвчин нь хүндэрч 3-4 үе рүү шилжиж цаашлаад хагалгаанд орсон тохиолдол ч гарчээ. Тодруулбал, наймдугаар сарын сүүлээр Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын хилийн цэргийн 0146 дугаар ангийн хугацаат цэргийн хоёр алба хаагчид "Цэргийн дүрмийн бус харилцаанд өртөж, Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэгт" хүргэгдсэн гэх мэдээлэл гарсан.
ХЭҮК-ын хяналт шалгалтаар дээрх хоёр цэрэгтэй дүрмийн бус харьцсан буюу цохисон гэдгээ салаан дарга нь хүлээн зөвшөөрчээ.
Албаны өөр эх сурвалжийн өгсөн мэдээллээр дээрх хоёр цэрэг нь варикоцеле өвчний нууц үе буюу 1-2 дугаар үе дээрээ албанд татагджээ. Улмаар 3-4 дүгээр үе рүү шилжиж өвдөлт өгсөн цаг хугацаа нь салаан даргын дүрмийн бус харьцсан хугацаатай яг таарсан учраас төмсгөндөө бэртэл авсан гэж ар гэр нь мэдээлсэн байдаг.
Албаныхан дээрх асуудлыг шалгахад дүрмийн бус харьцсан нь тогтоогдсон бөгөөд тухайн цэргийн алба хаагчдын эрүүл мэнд хүндэрсэн нь варикоцеле өвчнөөс болсон гэж үзжээ.
Цэрэг татлагын эрүүл мэндийн үзлэгийн хугацаа нь хэт богино учраас эмч нар үзлэгийг бодитой, чанартай хийж чадахгүй байна
ХЭҮК-ын Гомдол, хяналт шалгалтын хэлтсийн дарга Г.Ууганбаатар:
-ХЭҮК-д ирсэн гомдлын дагуу Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын хилийн цэргийн 0146 дугаар ангид хяналт шалгалт хийсэн. Улмаар салаан дарга нь дээрх хоёр цэрэгтэй дүрмийн бус харьцсан нь тогтоогдсон.
Ингэж харьцах болсон шалтгаанаа "Хоёр цэрэг нууцаар гар утас хэрэглэсэн, нүүрс тээврийн жолооч нартай хувийн харилцаа тогтоосон учраас сануулах үүднээс цохисон" гэж тайлбарласан. Гэвч ямар ч тохиолдолд ийм зүйл байж болохгүй.
ХЭҮК-оос цэргүүд дүрмийн бус харьцаанаас үүдэж эрүүл мэндээрээ хохирсон эсэхийг тогтоохоор цэргийн ангийн эмнэлэг, Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгээс мэдээлэл цуглуулсан. Хүний эмзэг мэдээлэл учраас өвчний оношыг хэлэх боломжгүй. Гэхдээ тухайн алба хаагчдын эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авсан нөхцөл байдал нь цэргийн дүрмийн бус харилцаатай шууд холбоотой гэдэг нь тогтоогдоогүй. Хоёр цэргийн өвчнийг тухайн ангийн эрүүл мэндийн төвийнхөн тойргоор үзлэг хийж явахдаа илрүүлсэн юм байна лээ.
ХЭҮК-оос есдүгээр сарын 23-нд Хил хамгаалах Ерөнхий газрын дарга, хошууч генерал Х.Лхагвасүрэнд комиссын гишүүний найман заалттай шаардлагыг хүргүүлсэн. 30 хоногийн дотор шаардлагын хариуг ирүүлэх ёстой. Агуулгаас нь товч дурдвал,
- Цэргийн дүрмийн бус харьцааг таслан зогсоох, урьдчилан сэргийлэхэд хяналт тавьж ажиллаагүй шат, шатны албан тушаалтанд хариуцлага тооцох,
- Аюулгүй байдлын үүднээс шүгэл үлээсэн алба хаагчдын ангийг солих
- Цэрэг татлагын эрүүл мэндийн үзлэгийн хугацаа хэт богино учраас эмч нар үзлэгийг бодитой, чанартай хийж чадахгүй байна. Тиймээс үзлэг хийх хугацааг уртасгаж бодит үр дүн гаргахад анхаарах хэрэгтэй гэдгийг тусгасан" гэв.
Бид хүүхдүүдийн ходоодыг нь дурандаж, тархийг нь компьютерээр харж авдаггүй
Зэвсэгт хүчний жанжин штабын эх сурвалж “Цэргийн алба өөрөө эрсдэлтэй алба. Их бага хэмжээгээр бэлтгэл сургуулилалт хийх ёстой. Хуучин бидний үед биеийн тамирын хичээл, цэрэгжилт зэргээр бэлтгэл сургуулилалт сайн хийдэг байсан. Тухайн үед бэртэж гэмтдэг цэргүүд цөөхөн байсан. Одоо үед залуучууд зүгээр алхаж яваад хөлөө хэлтгий гишгэхэд л дунд чөмөг нь хугарчихдаг. Бид үүнийг “кока кола”-ны хүүхдүүд байна гэж ярьцгаадаг юм. Үүнээс гадна цэргийн албанд ирээд өвчний нууц үе нь илрэх, архаг өвчин сэдэрдэг тохиолдлууд бас бий. Архаг өвчтэй хүүхдүүд тэр болгон нарийн шинжилгээ өгдөггүй учраас цэргийн албанд ирээд бөөрний өвчин, ходоодны үрэвсэл зэрэг нь сэдэрдэг. Бид хүүхдүүдийн ходоодыг нь дурандаж, тархийг нь компьютерээр харж авдаггүй.
Тиймээс цаашид цэрэгт татлагад хамрагдаж буй залуусын цээжийг гэрэлд харах шинжилгээнд бүрэн хамруулах шаардлагатай байгаа” гэдгийг онцлов.
2019 онд шинэчилсэн Иргэнийг цэргийн жинхэнэ албанд эрүүл мэндээр тэнцүүлэх болон цэргийн албан хаагчийн эрүүл мэндийн байдлыг тодорхойлоход харгалзах өвчин эмгэгийн жагсаалтад зааснаар хугацаат цэргийн алба хаагч нь варикоцеле өвчний 3-4 дүгээр шатанд яваа бол цэргийн албанд тэнцэхгүй гэжээ. Офицер ахлагч, сонсогчийн хувьд варикоцеле өвчин нь мэс заслын аргаар эдгэрсэн бол тэнцэнэ. Харин энхийг дэмжих ажиллагаанд үүрэг гүйцэтгэх цэргийн алба хаагчид варикоцеле өвчний үе шат хамаарахгүйгээр уг өвчнөөр өвчилсөн л бол тэнцдэггүй аж.
Варикоцеле нь үрийн гуурс ба төмсгийн хураагуурын судас өргөсөхийг хэлдэг. Харамсалтай нь энэ эрэгтэйчүүдийн 10-15 хувьд нь тохиолддог нэлээд өргөн тархсан өвчин гэнэ. Улмаар эрэгтэйчүүдийн үргүйдлийн 40 хувь нь энэ эмгэгээс үүдэлтэй гэх албан бус судалгаа хүртэл бий.
Ихэнхдээ 18-25 насны тамирчин, цэргийн албаныхан варикоцеле өвчнөөр өвчилж байна
"Сонгдо" эмнэлгийн бөөрний мэс заслын эмч Ж.Тайванбат:
-Үрийн сувгийн судасны өргөсөлт нь хүнд анзаарагдалгүйгээр яваад байж болдгоороо осолтой өвчин юм. Энэ эмгэгээс үүдэлтэй хамгийн том асуудлыг нь үргүйдэл гэж болно. Хэвийн үед венийн хавхлаг буюу клапан нь цусыг буцаж урсахаас сэргийлж байх ёстой. Гэтэл венийн судас өргөссөнөөр клапаны хэвийн ажиллагаа алдагдан цус нь “савлах” гэж нэрлэгдсэн хөдөлгөөн хийж, нэг газраа “ээрнэ”. Үр дүнд нь төмсгийн цусан хангамж алдагдан төмсгийг бүрхсэн венийн судасны олон тооны зангилаа нь төмсгийг бүрхсэн хэлхээ бий болгосноор төмсгийг хөргөхөө больдог.
Гэтэл эр бэлгийн эс нь хэвийн боловсроход 32.5-34.5 хэм шаардлагатай байдаг болохоор эр бэлгийн эс үүсэлт нь зогсдог.
Дээрх өвчний тохиолдлын 85-90 хувьд нь зүүн төмсөг өвчилдөг. Бүр нарийвчилвал зүүн бөөрний венийн даралт ихэссэнээс төмсгийн судасны даралтыг нэмэгдүүлж, улмаар цусны урсгалыг өөрчилдөг гэсэн үг. Практик дээрээс харахад үрийн сувгийн судасны өргөсөлтэй хүний цусан төрөл дотор венийн судас зангиран өргөсөх, хавтгай тавхай, зүрхний хавхлагийн гажиг зэрэг эмгэгтэй хүмүүс гол төлөв илэрдэг. Мөн хүнд юм өргөх, биеийн хүчний ажил, хэвлийн булчингийн хэт ачаалал зэрэг нь уг өвчин үүсэхэд дам нөлөөлдөг хүчин зүйлд ордог.
Энэ өвчнөөр 18-25 хүртэлх насны залуус оношлогдох нь их байна. Цөөн тохиолдолд 25 наснаас дээш хүмүүс өвчилдөг.
Варикоцеле нь дөрвөн үе шаттай. 1-2 дугаар үе дээрээ бол ямар ч шинж тэмдэг илрэхгүй. 3-4 дүгээр үе рүү орохоор зүүн талын төмсөг чинэрэх, хуухнаг эвгүй оргих, лугших шинж тэмдэг илэрнэ. Заримдаа хүнд юм өргөж ачаалал авсны дараа сүүжний яс руу хүчтэй өвдөх нь бий.
Цэргийн албаныхан бэлтгэл, сургуулилалт гээд өндөр ачаалал авахаар мэдэгдлээ гэж их ирдэг. Энэ өвчин ихэнхдээ фитнессийн тамирчид, цэргийн алба хаадаг хүмүүст түгээмэл тохиолдож байна.
Эмчлүүлэхгүй удвал төмсөг хавдаж, жижгэрэх цаашлаад үргүйдэлтэй болох аюултай. Тиймээс бөөрний нарийн мэс заслын нарийн мэргэжлийн эмч, эрэгтэйчүүдийн эмч, эсвэл харьяа дүүргийн мэс заслын эмчид хандаж болно. Уг нь оношлоход тийм хэцүү өвчин биш. Аль болох эрт үед оношлох юм бол эмчилгээ сайн авна, санхүүд ч хэмнэлттэй. Гэхдээ эмээр төгс эмчлэгдэх үү гэвэл бас эргэлзээтэй. Амьдралын хэв маягаа өөрчлөхөөс эхлээд биеийн хүчний зохистой ачааллыг хүртэл тооцоолох ёстой болдог. Жишээ нь цэргийн алба хаагч бэлтгэл сургуулилалт хийсээр байвал, өөрөөр хэлбэл тэр өдөөгч хүчин зүйл нь байсаар байвал эдгэрэх нь хэцүү. Үүнээс гадна цэргийн алба хаагч ийм өвчинтэй байлаа гэхэд цаашид цэргийн албандаа тэнцэх үү гэх мэт хүний амьдралын чанарын асуудал хүртэл яригдана. Нэгэнт 3-4 дүгээр үе рүү орсон бол мэс засал хийж өргөсөл өгөөд байгаа судсыг тасалж, цусны урсгалыг зогсоодог.
1970-аад онд нийтийн биеийн тамирын хөгжил сайн байхад варикоцеле огт бүртгэгддэггүй байлаа
НЗДТГ-ын Цэргийн штабын дарга Г.Ялалт:
-Төмсөгний венийн судасны өргөсөл буюу варикоцеле нь залуусын дунд түгээмэл байгаа. Тоон мэдээлэл хэлэх боломжгүй. Гэхдээ энэ өвчин нь амьдралын буруу хэв маягаас үүдэлтэй.
1970-аад онд нийтийн биеийн тамирын хөгжил сайн байхад ийм өвчин огт бүртгэгддэггүй байлаа.
Жил бүрийн цэрэг татлагаар давамгайлах өвчин нь харилцан адилгүй. Энэ жил чих, хамар хоолойны өвчлөл давамгайлж байна. Шүд нь цоороогүй хүн гэж алга. Хамгийн багадаа 2-3 шүд нь цоорсон, бүр 7-10 шүд нь цоорсон байх жишээний. Ийм залуус зөндөө байна. Түүнчлэн сүүлийн жилүүдэд мэс заслын шалтгаант өвчлөл, хоол боловсруулах эрхтэн тогтолцооны өвчлөл буурахгүй байна. 2024 оын нэгдүгээр ээлжийн цэрэг татлагын зарлан дуудах мэдэгдэл нь 93 хувьтай тараагдсан. Тэрийгээ бариад 85 хувь нь ирсэн.
93 хувиа 100 хувь гэж үзвэл 91 хувь нь ирээд 8.1 хувь нь ирээгүй гэж тооцно. Эрүүл мэндийн шалтгааны улмаас 21.7 хувь нь тэнцээгүй гэсэн үг.
Эрүүл мэндийн үзлэгээр орсон иргэдийн 67.9 хувь нь оюутан, МСҮТ-ийн суралцагчид байсан. Үүнд мөн арванхоёрдугаар ангийн 18 нас хүрсэн хүүхдүүд ч хамаарна. Тэдний 69 хувь нь бүрэн дунд боловсролтой, 4.2 хувь нь дээд боловсролтой, 14.5 хувь нь тусгай боловсролтой хүмүүс байна" гэв.