Багш нар Монголдоо мэргэжлээрээ ажиллаад хүний дайтай амьдрах итгэлгүй болчихож. Тэд диплом, магистр, докторын зэрэгтэй мөртлөө гадаадад "хар" ажил хийх, цаашлаад Монголоос татгалзах сонголтыг хийж байна. Товчхондоо улс төр, эдийн засгийн хямрал удаан үргэлжилсээр байвал хамгийн сор болсон залуус нь ийн гадагш оддог аж.
Ерөнхий боловсролын сургуулиудад 4200 орчим багшийн сул орон тоо байгаа бөгөөд үүний 2419 нь нийслэлд бий. Хичээлээр нь авч үзвэл англи хэлний багш 11 хувь, физикийн багш 10 хувь, химийн багш 10 хувь, технологийн багш 9 хувийг эзэлж байна.
Байгаа хэдэн багш нараа хувийн сургуульд алдчихгүйхэн шиг хэрхэн торгоох вэ гэдэг нь сургуулийн захирлуудын толгойны "өвчин" болжээ. Тиймдээ ч Боловсролын сайд П.Наранбаяр өнгөрсөн Даваа гарагт /2024.09.16/ "Багшийн хомсдолыг нөхөхийн тулд англи хэл, физик, хими, технологийн мэргэжлээр гадаад дотоодын их, дээд сургуулиудыг 2.7 буюу 80 хувиас дээш үнэлгээтэй төгссөн хүмүүсийг 45 хоногийн курст сургаж багшлах эрхийн гэрчилгээ олгоно" гэж мэдэгдсэн юм.
Химийн хичээл орох багшгүй учраас хичээлийг цонхлох эсвэл урагш нь шахаж оруулдаг
Хан-Уул дүүргийн 32 дугаар сургууль гэхэд хими, биологи, физик, мэдээлэл зүй, газар зүй, байгалийн ухааны хичээлийн багшийн хомсдолд орчихсон. Өнөөдрийн байдлаар тус сургуульд химийн багш- 2, газар зүйн багш -2, англи хэлний багш- 3 буюу нийт 7 багшийн орон тоо дутуу байна. Гэхдээ химийн хичээлээс бусад хичээл доголдохгүй орж байгаа гэдгийг багш нар онцолж байлаа.
Химийн хичээл орох багшгүй учраас хичээлийг цонхлох эсвэл урагш нь шахаж оруулдаг болжээ.
2022 онд химийн хичээлийг тэтгэврийн багш заадаг байсан ч гэр ойрхон сургуульд багшлахаар ажлаасаа гарчээ. Харин 2023 онд төгсөх курсийн оюутныг дадлагажих хэлбэрээр ажиллуулж, төгссөн хойно нь сургуульдаа авч үлдсэн ч Солонгос руу ажиллахаар явсан байна. Ингээд л ахиад химийн хичээлийн багшийн эрэлд гарчээ.
32 дугаар сургууль 1040 хүүхдийн багтаамжтай ч өнөөдөр Хан-Уул дүүргийн 11,17,22 дугаар хорооны 3300 хүүхэд сурч байна. Анги дүүргэлт 32-35 байх ёстой байтал өнөөдөр нэг ангид дунджаар 48 хүүхэд сурдаг гэнэ.
Нэг багшид оногдох хүүхдийн тоо стандартаас 10-20 илүү байгаа нь багшид оногдох ажлын ачааллыг нэмэгдүүлж, сургалтын чанарыг бууруулахад хүргэж байгаа нь нууц биш. Тус сургууль 110 багш, 35 туслах ажилтантай. 110 багшаас сүүлийн 10 жил тогтвор суурьшилтай ажилласан нь ердөө 9-хөн багш байна. Мөн нийт багш нарын 80 гаруй хувь нь 25-38 насны залуус аж.
Сургуулийн удирдлагын зүгээс сүүлийн гурван жил дутагдалтай байгаа багшийн орон тоон дээр тэтгэвэрт гараад удаагүй багш нарыг авч ажиллуулжээ. Өдгөө тэтгэврийн насны 10 гаруй багш энд ажиллаж буй.
Багш нарын цалинг нэмэхээс илүүтэй нэмэгдлүүдийг өндрөөр үнэлэх хэрэгтэй
Нийслэлийн 32 дугаар сургуулийн захирал Ч.Ундармаа:
-Уралдаан тэмцээнд багш нараа оруулаад амжилт гаргаад эхлэхэд хувийн сургуулиуд өндөр цалин, орон байр амлаад авчихдаг. Энэ нь хамгийн зовлонтой. 2022 онд Боловсролын яамнаас англи хэлний багш нар дундаас шилдэг багш нарыг тодруулахад 30 багш тодорсон. Эхний гуравт манай сургуулийн англи хэлний багш ороод 1 жил Турк руу яваад ирсэн. Яваад иртэл бүх хувийн сургуулиуд байр, 5 сая төгрөгийн цалин амалсан. Би улаан нүүрээ улалзуулаад тэр багшийгаа гуйж гувшсаар байгаад үлдээсэн.
Pearson англи хэлний хөтөлбөр 2022 оноос эхлэн 3-5 дугаар ангиудад хэрэгжиж эхэлсэн. Тиймээс ихэнх сургуулиуд англи хэлний багшийн дутагдалд орчихсон. Манайх англи хэлний багшийн орон тоо дутуу ч гэсэн цонхлохгүйгээр анги, ангиар нь ороод болгоод л байна.
Хими, физик сайн мэддэг энэ чиглэлээр олон жил мэргэшсэн хүмүүс багшлах хүсэл сонирхолтой, хүүхэдтэй ажиллах эв дүйтэй, хүүхдийг гэх сэтгэлтэй бол 45 хоногийн курст суугаад дадлагажих хэлбэрээр багшилвал болохгүй зүйлгүй.
Англи хэлний багш дутагдалтай байгаа учраас Англи хэлний орчуулагч мэргэжлээр төгссөн ч багшийн димпомгүй бол 45 хоногт хөрвөөд орж ирэх боломжтой гэж харж байгаа.
Залуу багш нар 2-5 жил ажиллаад гадагшаа сурахаар эсвэл ажиллахаар явж байна. Тиймээс багш нарын хомсдолын гол шалтгаан цалинтай холбогдож таарна. Багш нарын үндсэн цалин нь ажилласан жил хамаарахгүйгээр 1.4 сая төгрөг. Үүн дээр илүү цаг, зэргийн нэмэгдэл, анги даалтын нэмэгдэл авдаг. Би хувьдаа багш нарын үндсэн цалинг нэмэхээс илүүтэй нэмэгдлүүдийг өндрөөр үнэлвэл илүү үр дүнтэй гэж боддог. Би боловсролын салбарт 25 дахь жилдээ ажиллаж байна.
10 жилийн өмнө багш нарын нэмэгдэл маш сайн байсан. Жишээ нь дэвтэр засалт, аман хичээлийн шүүлэг, анги даалт, дугуйлан секц ажиллуулахад нэмэлт боддог байлаа.
Одоо бол хийх ажлынх нь хүрээнд дугуйлан секц ажиллуулна гээд заачихсан. Гэтэл хэн үнэгүй түмний хүүхдэд дугуйлан секц хичээллүүлэх юм. Тиймээс багш нарын цалинг нэмэхээс илүүтэй нэмэгдлүүдийг өндрөөр үнэлэх хэрэгтэй.
Эцэг эхчүүдийн стресс, бухимдал нь багш нарыг хичээл заахаас илүүтэй ядраах болжээ
Өнгөрсөн хугацаанд тус сургууль дээр эцэг эхчүүд хүүхдийнхээ дүнгийг голж, эсвэл хүүхдийнх нь цахилгаан тамхийг хураалаа гэх зэргээр багш нарыг харааж зүхэж уур уцаараа гаргасан тохиолдол цөөнгүй гарчээ. Түүнчлэн өсвөр насны сурагчид "Дүрэмт хувцас өмсөхгүй, үсээ хүссэн өнгөөрөө будна. Энэ нь миний эрх" гэх мэтээр багшийн шаардлагыг хүлээж авахаа ч больсон гэнэ. Нэгэн инээдтэй гэх үү эмгэнэлтэй жишээ ярихад "Хүүхдэдээ 500 мянган төгрөгөөр хоргүй цахилгаан тамхи авч өгч байхад 50 мянган төгрөгийн үнэтэй ядуусын хүүхдүүдтэй адилхан үзэж хурааж авлаа" гэж багш руу уурссан эцэг эх ч байх юм. Иймэрхүү тохиолдлоос болоод залуу багш нар ажлаасаа гарсан тохиолдлууд бишгүй гарчээ.
Эцэг эхчүүдийн стресс, бухимдал нь багш нарыг хичээл заахаас илүүтэй ядраадаг аж.
Диплом, магистр, докторын зэрэгтэй залуус гадаадад "хар" ажил хийж байна
Үндэсний статистикийн хорооноос 2023 онд гадаадын 15 улсад суугаа 18-51 насны 1865 хүнээс судалгаа авчээ. 18-23 насныхан суралцах, 30-50 насныхан ажил хийхээр ирцгээсэн бөгөөд 70 гаруй хувь нь диплом, магистр, докторын зэрэгтэй байжээ. Ихэнх нь тэндээ хөдөө аж ахуй, ой, загас агнуурын мэргэшсэн ажилтан үйлдвэрлэл, барилга, гар урлал, холбогдох ажил, үйлчилгээний ажилтнаар ажиллаж байна. Хамгийн чухал нь Монгол руу буцах бодолгүй гэсэн иргэдийн 10 хүн тутмын 8 нь 23-50 насны буюу хөдөлмөрийн насныхан, 65 орчим хувь нь дипломын дээд болон түүнээс дээш боловсролтой.
Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 22 дахь илтгэлд "Багш нарын хувьд орон сууцны хөнгөлөлт эдлэх, тэтгэвэр тогтоолгох, мөнгөн тэтгэмж авах, мэргэжлийн онцлогт тохирсон цалин урамшуулал, нэмэгдэл авах зэрэг эрхийн хэрэгжилт хамгийн муу байна" гэдгийг дурджээ. Тиймээс залуу багш нар Монголд цаг наргүй ажиллаж зүтгээд амьдралаа босгоно гэдэг мөдгүй” гэдгийг хэлцгээж байна.Тэдний ингэж хэлэх нь ч аргагүй.
Учир нь АНУ-д нэг сарын дундаж цалин бусад улсаас хамгийн өндөр буюу 14.1 сая төгрөг, Австралид 10.0 сая төгрөг, Швейцарт 8.4 сая төгрөг, Их Британид 7.8 сая төгрөг, ХБНГУ-д 7.8 сая төгрөг, Шведэд 6.6 сая төгрөг байгаа бол Япон, БНСУ-д 2.4-өөс 5.8 сая төгрөгийн хооронд байна.
Харин Монголчуудын сарын дундаж цалин 2.2 сая төгрөгт хүрсэн гэдгийг Үндэсний статистикийн хорооноос 2024 оны гуравдугаар сард мэдэгдсэн. Гэхдээ Монгол хүн бүр ийм хэмжээний цалин авдаг гэвэл үгүй. Тиймдээ ч 25-35 насны залуус Монголоос дайжих ганц шалтгаан нь хөдөлмөрийн үнэлэмж. Гадаадад өндөр цалинтай ажил хийж, байр машинтай болох зорилготой. Уг нь бусад улс оронд орон байр, машин нь анхдагч хэрэгцээ байтал Монголчуудын хувьд мөрөөдөл нь болоод хувирчихсан. Үе, үеийн эрх баригчид ийм нийгмийг иргэдэд бэлэглэж, эх орноосоо дүрвэх бодлыг суулгасан нь даанч харамсалтай.
Гадагш чиглэсэн залуусын урсгалыг хаах хамгийн ухаалаг бодлого бол МОРГЕЙЖИЙН ЗЭЭЛ
"Отгонтэнгэр" их сургуулийн Эдийн засаг, бизнесийн удирдлагын сургуулийн захирал доктор /Ph.D/ Н.Отгонбаяр ажиллах хүчний гадагшаа чиглэсэн урсгалыг сааруулж, дотооддоо барьж үлдэх ганц гарц нь моргейжийн зээл гэв.
Тэрбээр "Эрэлт, нийлүүлэлт дээр үнэ тогтдог. Тэгэхээр цалин бол хөдөлмөрийн зах зээлийн үнэ. Гэтэл залуус хангалттай өндөр цалин авч чадахгүй байгаа учраас гадагш явцгааж байна.
Нэг талдаа байгууллагууд цалингаа нэмэх гэхээр нийгмийн даатгалын шимтгэл дарамт болж байна.
Энэ оноос эхлэн Нийгмийн даатгалын шинэчилсэн багц хууль хэрэгжиж эхэлсэн. Уг хуулиар бүх орлогоос нь НДШ авдаг болсон, мөн гэрээт ажилтны НДШ-ийг хүртэл байгууллагууд төлдөг болсон. Манай сургууль ажил эрхлэлтийн судалгааг тогтмол хийдэг. Судалгаанаас харахад ерөнхийдөө нийт төгсөгчийн 30 орчим хувь нь гадаадад сурах, ажиллах хүсэлтэй болсон. Энэ тоо улам өсөх хандлагатай байгаа. Монголын бизнесийн байгууллагууд алдаж онож явсаар хөгжлийн шатандаа орж буй яг энэ үед ажиллах хүчний цонх үе буюу хүний нөөцийн хомсдолтой нүүр тулчихлаа. Ажиллах хүчин олдохгүй байна. Байгаа нь чанаргүй. Гүйцэтгэл маш муу. Чадварлаг ажиллах хүчин нь гадаадад амьдарч, тэндээ шингэж байна.
Хөгжлийг хөдөлгөх гол хүч нь хүн. Хөгжлийг хэзээ ч мөнгө, технологи шийдэхгүй. Тиймээс өнгөрсөн хугацаанд хүн төвтэй бодлого барихгүй уул уурхай гэсээр, хүнээ хаячихжээ.
Бид гадны улстай адилхан өндөр цалин өгч ажиллах хүчнийг татаж чадахгүй. Тиймээс хүний нөөцөө тогтоон барих, хөдөлмөрийн зах зээлд ажиллах хүчнээ татах, оновчтой бодлого хэрэгжүүлэх шаардлагатай байна. Гадагш чиглэсэн залуусын урсгалыг хаах хамгийн ухаалаг бодлого бол моргейжийн зээл. Залуу гэр бүлд орон сууцыг хүү багатайгаар, хүртээмжтэйгээр олгох. Сургуулиа төгсөөд удаагүй залууст үл хөдлөх хөрөнгө, автомашины зээлийг ажлын байраар нь барьцаалж өгдөг болох хэрэгтэй. Тэгж байж залуучууд тогтож ажиллана" гэдгийг онцлов.
Одогсдын төрдөө захьсан захиас
2023 оны Монгол Улсын иргэдийн гадаадад шилжих хөдөлгөөн ба гадаад хувийн шилжүүлэг тэдгээрийн үр нөлөө судалгаанд “Гадаадад шилжих хөдөлгөөн нэмэгдэхийн хэрээр сөрөг үр дагаврууд үүсдэг учраас үндэсний түвшний бодлого, хөтөлбөрт гадаад шилжих хөдөлгөөний өөрчлөлтөд хариу үзүүлэх, өөрийн орны онцлогт тохирсон бодлогыг тодорхойлох, боловсруулах, хууль эрх зүйн орчныг сайжруулах асуудал чухлаар тавигдаж байна” гэдгийг онцолжээ.
Тоон мэдээллээс дурдвал, хөдөлмөрийн гэрээ нь дууссан залуучуудын 70 орчим хувь нь эх орондоо эргэж ирдэг бол үлдсэн 30 орчим хувь нь харлаад үлддэг байна. Эргэж ирж байгаа 70 орчим хувь нь дахиад буцаад явдаг гэнэ.
Тэгвэл тэдний төрөөс хүсэх хүсэлт:
Монгол Улсад эргэн очиход гадаадад их дээд сургуульд суралцаж төгссөн иргэдээ төр болон хувийн байгууллагуудад ажилд зуучлах, орон сууцны хөнгөлөлт үзүүлэх, амьдрах орчин, нийгмийн суурь үйлчилгээний чанарыг сайжруулах, буцаж ирэхэд шаардлагатай зуучлал, хөнгөлөлт, зээлийн бодлого, хөтөлбөр боловсруулах, хувь нь бизнес эрхлэх боломжуудыг нэмэгдүүлэх болон үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийг татварын хөнгөлөлттэй болгож, гаалийн татвар, хураамжийг багасгахыг хүсжээ.
Үүнээс харахад залуучуудад эх орондоо ажиллаж, амьдрах таатай нөхцөл бүрдэхгүй байгааг харж болохоор. Хэн ч эх орноосоо явах тухай бодохгүй, хэн ч гадны улсад очиж, хөдөлмөр эрхлэх тухай санадаггүй болсон тэр цагт л Монголын нийгэм сайхан болжээ гэж хэн бүхэн бодно.
Тиймээс гадагшаа одогсдыг торгоох бодлого баримтлахгүй бол энэ янзаараа бол Монгол Улс дараагийн Латви, дараагийн Венесуэл болоход гайхах зүйл алга.
Сэтгэгдэл (2)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!