Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын удирдах ажилтны нэгдсэн сургалт, зөвлөгөөн хоёр дахь өдрөө болж, өнгөрсөн онд хийж хэрэгжүүлсэн ажил, арга хэмжээний үр дүн, ололт амжилт, алдаа дутагдлаа дүгнэж, цаашид Төр засгаас дэвшүүлсэн зорилт, баримталж буй чиглэл, бодлогын баримт бичгүүдтэй уялдуулан хэрэгжүүлэх ажил, арга хэмжээнийхээ талаар хамтран хэлэлцэв.
Зөвлөгөөнд Улсын Их Хурал, Засгийн Газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл, Улсын Их Хурлын гишүүн, Хүний эрхийн дэд хорооны дарга С.Эрдэнэболд, Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга, хошууч генерал С.Ганбямба, Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч А.Амартүвшин нар оролцлоо.
Энэ үеэр Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл хэлсэн үгэндээ иргэний хэргийн шийдвэр гүйцэтгэлийн биелэлтийг дээшлүүлэх, иргэдээс ирүүлж буй гомдол мэдээллийг багасгах зорилгоор Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн шинэчилсэн найруулгыг боловсруулж байгаа талаар болон Монгол Улсын хэмжээнд шүүхээс хорихоос өөр төрлийн ял оногдуулах шийдвэр гаргах нь нэмэгдэж байгаа тул тус ялын үр нөлөөг дээшлүүлэх зорилгоор хяналтыг цахимжуулах нарийвчилсан судалгаа хийнэ гэдгийг танилцуулсан юм.
Түүнчлэн хорих ял эдлүүлэх ажиллагаанд хүний эрх, эрх чөлөөг хангах, нийт хүмүүжигчдийг хөдөлмөр эрхлүүлэх, ажлын байраар хангах бодлого баримталж байгаагаа дурдаад энэхүү ажил арга хэмжээг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага бүрэн хэрэгжүүлж чадна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийллээ.
Хууль зүй, дотоод хэргийн яам 2025 онд "Хууль зүйн салбар-Хиймэл оюун ухааны шилжилт" зорилт дэвшүүлж, салбарын хэмжээнд хэрэгжүүлж ажиллахаа мэдэгдээд энэхүү зорилтыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага түүчээлэн хэрэгжүүлж, ажиллах ёстой гэдгийг онцлон тэмдэглэв.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!