С.Одонтуяа: Агаар, орчны бохирдлыг бууруулах Үндэсний хороог сайд удирддаг биш, тусад нь агентлаг болгож гаргах асуудлыг дэмжинэ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
6 минут 55 секунд

УИХ дахь Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооноос зохион байгуулж байгаа Утааны асуудлаарх хяналтын сонсголын хүрээнд БОУАӨ-ийн сайд, Агаар, орчны бохирдлыг бууруулах Үндэсний хорооны дарга С.Одонтуяатай ярилцлаа.

-Агаар, орчны бохирдлыг бууруулах Үндэсний хороо дахин байгуулагдаад сар гаруйн хугацаа өнгөрсөн байна. Утааны асуудлаарх хяналтын сонсголд ямар баримт, мэдээллүүдийг цуглуулж оролцож байгаа вэ?

- Үндэсний хороо байгуулагдсан сар гаруйн хугацаандаа үзэж танилцаагүй судалгаа гэж алга. ОУ-ын байгууллагуудын судалгаанаас авхуулаад их, дээд сургууль, ТББ-иудын судалгааг хүртэл татаж авч үзлээ. Хамгийн чухал дүгнэлтүүд бусад улс орон яаж утаанаасаа салсан тухай гарсан байдаг. Судалгаа, мэдээллийг харахад цахилгаан, газ гэсэн хоёр л аргаар утаанаасаа салж чадсан байна. Манай улсын хувьд газын импортоос хараат учраас үндсэн шийдэл бол цахилгаан. Урт хугацаандаа үр дүнгээ үзүүлэх шийдэл нь хөрөнгө оруулалтыг зоригтой хийж цахилгаан эрчим хүчний станцуудаа барих, орон сууц барих явдал. Мянган шийдлийн түлш, зуух хэрэглээд ч утаа гарах л учраас зуух тараах, нүүрсээ сайжруулах нь өдөр хоногийг аргацаасан шийдэл л гэж хэлмээр байна.

Бод л доо. XXI зуунд технологийн дэвшлээр нэг кноп дараад хэрэглээгээ зохицуулдаг болчхоод байхад манай улс нүүдэлчин ахуйгаасаа огт салаагүй буюу яаж зөв галлах вэ гэдэг технологийг ярьсаар л байна. Тиймээс энэ асуудлыг дүгнэсэн судалгаатайгаар Хяналтын сонсголд оролцож байна.

- Нийслэлийн агаар, орчны бохирдолтой тэмцэх газар гэж байсаар атал Үндэсний хороог сэргээн байгуулж байгаа нь илүүц гэж шүүмжлэх хүмүүс олон бий. Үндэсний хорооны даргын хувьд яаж ажиллая гэсэн төлөвлөгөөтэй байгаа вэ?

- Тийм. Иргэдийн зүгээс Үндэсний хороо гэж байгуулаад түүнийг нь холбогдох салбарын сайд нь давхар хариуцаад явах нь ямар ч үр дүнгүй гэж шүүмжилж байгаа. Үүний оронд агаар, орчны бохирдлыг хариуцсан агентлаг юм уу эсвэл байгууллага байх нь зүйтэй гэж үзэж буй. Үүнийг миний хувьд дэмжиж байгаа. Цаашлаад өнөөдрийн утааны сонсгол үр дүнгүй замхрах биш УИХ-аас Түр хороо байгуулж, хороо үйл ажиллагаагаа явуулах төсвийг нь шийдэж өгөх саналууд ч гарч байгааг дэмжиж байна.

Үүнээс гадна Засгийн газраас хэрэгжүүлж буй орон сууцжуулалтын хөтөлбөрт тусгасан ипотекийн хамгийн бага хүүтэй зээлийг гэр хорооллын айлуудад түлхүү олгодог байхад төрөөс анхаарч бодлогын реформ хийх цаг нь болсон байна.

-Хамгийн оновчтой шийдэл гэр хорооллыг хийн түлшинд холбох, цахилгаан станциа барих-

-Өнгөрсөн гурван ч удаагийн дэд хэлэлцүүлэг, эхний өдрийн сонсголоос харахад хэд хэдэн анхаарал татсан зүйл байна. Жишээ нь, 2018-оноос хойш угаартаж нас барсан хүмүүсийн тоо 700 гаруй байна гэж ажлын хэсгийн гишүүд болоод зарим эрдэмтэд дэд хэлэлцүүлгийн үеэр мэдээлж байсан. Гэтэл өнөөдрийн сонсголоор 163 хүн нас барж 11,968 хүн угаарын хийн цочмог хордлогод өртсөн гэдэг мэдээллийг албаныхан өглөө. Статистик үзүүлэлтүүд яагаад зөрсөн бэ гэдэгт та ямар дүгнэлт хийж байна?

- Утаанаас болж нас барсан иргэдийн асуудлаар дэд хэлэлцүүлэг дээр УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн яг тодорхой тоо заахад хэцүү гэдгийг хэлж байсан. Дам нөлөөнд өртсөн болон шууд угаартаж нас барсан хүмүүсийн тоог хэлснээс хойш хүмүүс статистик зөрүүтэй байна гэж их шүүмжилж байх шиг байна. Яг ийм тооны хүн угаартаж нас барсан байна гэж мэргэжлийн байгууллагаас дүгнэлт гарахад их хүндрэлтэй байдаг гэсэн.

-Нийслэлээс утааг бууруулах ажлын хүрээнд 32 мянган өрхөд зуух нийлүүлэх ажлаа татаж, түүндээ төсөвлөсөн байсан 28.3 тэрбум төгрөгөө хийн түлш рүү шилжүүлэх ажилд зарцуулахаар болж байна. Хотоос гаргаж байгаа эргэж буцсан шийдвэрүүдийг юу гэж харж байгаа вэ?

- Нийслэлийн урт хугацааны бодлого нь цахилгаан хангамж, хийн түлш рүү шилжүүлэх гэсэн хоёр шийдэлд төвлөрч байх шиг байна. Зуух тараах нь богино хугацааны аргацаасан ажил гэдгээ хотын дарга Х.Нямбаатар өөрөө хэлж байсан. Зуухтай холбоотой асуудлыг хөндөхөд нэг айлын зургаан хүн угаартаж нас барсан гэдэг тоо ч байдаг. Нийслэлийн иргэдийн хувьд түр аргацаасан зуухны шийдэл биш урт хугацаандаа бодит үр дүнгээ өгөх шийдэл рүү төсвөө зарцуулах шаардлагыг тавьж байгаа.

"Түлшинд асуудал олон ч бизнес эрхлэгчдийн нэр хүндэд халдмааргүй байна-

-"Тавантолгой түлш" ХХК-ийн сайжруулсан түлшний үндсэн орц болох мидлингийг Энержи ресурс компаниас үнэгүй авч байгаа гэх хэрнээ түлшний үйлдвэрлэлийн нийт зардлын 25 хувийг тээвэрлэлтэд өгсөн байна гэж ярьж буй. Товчхондоо сайжруулсан түлшний ард, тээвэрлэлт, шуудайны бизнес цэцэглэж, авлига их байсныг хөндөж байна. Байгаль орчны сайдын хувьд санхүүгийн тооцоолол, судалгаатай хэрхэн танилцсан бэ?

- Би бизнес эрхлэгчдийн нэр хүнд рүү халдмааргүй байна. Мэдээж дотоодын болон хятад компаниудтай холбоотой зөндөө материалууд байгаа. Тээвэрлэлтэд маш их хэмжээний зардал гаргасан гэдгийг мэргэжлийн хүн тооцоо хийгээд тайлбарлаж л байсан. Өнгөрсөн хугацаанд маш их зардал гаргасан хэр нь утаа буураагүй байгаа нь бодит үр дүн. Тиймээс цаашид гол шийдүүдээ ажил хэрэг болгох нь л бидний зорилго байна даа.

Хүүхдүүдэд хутга тулгаж, эд зүйлсийг нь дээрэмддэг 16-18 насны этгээдүүдийг илрүүллээ
Хүүхдүүдэд хутга тулгаж, эд зүйлсийг нь дээрэмддэг 16-18 насны этгээдүүдийг илрүүллээ
 
“Айлуудад 2021 онд олгосон 135.5 сая төгрөгийн ЦАХИЛГААН ХАЛААГУУРЫН эргэн төлөлт АЙЛУУД НҮҮСЭН, ТӨЛБӨРИЙН ЧАДВАРГҮЙ гэх шалтгаанаар төлөгдөөгүй“
“Айлуудад 2021 онд олгосон 135.5 сая төгрөгийн ЦАХИЛГААН ХАЛААГУУРЫН эргэн төлөлт АЙЛУУД НҮҮСЭН, ТӨЛБӨРИЙН ЧАДВАРГҮЙ гэх шалтгаанаар төлөгдөөгүй“
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!