2025 оны Модон Могой жилийн сар шинийн баяр хаяанд иржээ. Хэдийгээр “Цагаан сар шиг нүсэр баяр алга” хэмээн байнга шүүмжилдэг ч монгол түмний уламжлалт их баяр болдгоороо л болно. Ахмадаа хүндэтгэн дээдлэх, ураг төрлийн хэлхээ холбоогоо бататган гагнах ариун уламжлал дээр суурилсан төрт ёсны уламжлалт баярыг монголчууд ёстой л “хөлтэй нь хөлхөж, хөлгүй нь мөлхөж” өргөн дэлгэр тэмдэглэдэг.
Цагаан сарын баяр хаяанд ирсэн ийм үед иргэд хаана хямд мах байна тийшээ хошуурч, хүйтний өдрүүдэд амжаад буузаа хийхээр махны эрэлд гарцгаажээ.
Засгийн газрын шийдвэрээр махны экспортыг ирэх зургаадугаар сарын 1 хүртэл хязгаарласан. Тодруулбал, цагаан сартай холбоотойгоор махны үнийг тогтвортой барих зорилгоор ийнхүү шийдвэрлэсэн юм. Тиймдээ ч дотоодын компаниуд экспортод бэлтгэсэн махаа өчигдрөөс /2025.02.05/ эхлэн Аса циркийн гадна хямд үнээр борлуулж эхэлжээ.
Циркийн гадаа үйлдвэрийн аргаар бэлтгэсэн хонины махыг кг нь 12500, үхрийн махыг кг нь 14500 төгрөгөөр зарж байна
Биднийг 14:00 цагийн үед очиход гадаа -25 хэмийн хүйтэн болоод ч тэрүү хөл хөдөлгөөн багатай байв. "Аса" циркийн гадна ихэвчлэн 20-28 кг мах зарагдаж байна. Харин иргэдийн хувьд ихэвчлэн 10 кг мах асууж ирдэг гэнэ.
Тоочиглосон махаа кг дээр тавихад хэдэн төгрөгөөс нь ахдаад "Арай бага мах байна уу" гэх асуулт энд хөвөрнө. Дотоодын компаниуд циркийн гадаа үйлдвэрийн аргаар бэлтгэсэн хонины махыг нэг кг нь 12500, үхрийн махыг 14500 төгрөгөөр зарж байна. Энэ нь захаас хямд үнэтэй байгаа гэдгийг худалдаачид ам уралдан ярьцгааж байв.
Дээрх махнууд үйлдвэрийн аргаар бэлтгэсэн чанар, аюулгүй байдлын шаардлага хангасан гэдгийг дахин хэлье
ХХААХҮЯ-ны хүнсний үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Довчинсүрэн "Цагаан сартай холбоотойгоор махны үнэ өмнө жилээс нэлээн хэдэн хувиар нэмэгдсэн байна. ХХААХҮЯ, Нийслэлийн захирагчийн алба, махны холбоотой хамтраад махны өргөтгөсөн худалдааг зохион байгуулж байна. Чанар аюулгүй байдлын хувьд шаардлага хангасан, үйлдвэрт бэлтгэсэн мах, махан бүтээгдэхүүнүүд байгаа.
Манай экспортлогч 60 ААН-үүд бий. Эдгээр ААН-үүд 2024 онд 71.1 мянган тонн буюу нийтдээ 300 сая ам.долларын экспорт хийгдсэн. Энэ хүрээнд махны нийлүүлэлт дээр яамтай хамтран ажиллах саналыг тавьж ийнхүү худалдааг эхлүүлсэн.
Зах зээлийн ханшнаас хамаагүй бага байгаа. Дээрх махнууд үйлдвэрийн аргаар бэлтгэсэн чанар, аюулгүй байдлын шаардлага хангасан гэдгийг дахин хэлье.
Нийлүүлэлтээс шалтгаалж өргөтгөсөн худалдааг баруун, зүүн талд хотын захын хорооллоор гаргах төлөвлөгөө бол байгаа" гэв.
Худалдаачид махны үнэ буухгүй, хавар ахиад мах "магнаг" болох нь тодорхой гэв
Махны үнийн судалгаагаар хонины мах 19 хувь, үхрийн ястай мах 15 хувь, үхрийн цул мах 17 хувь, ямааны мах 16 хувиар тус, тус өссөн дүнтэй гарсан талаар салбарын сайд нь мэдээлсэн.
Ийн махны үнэ өссөнөөр орлогогүй иргэдийг бухимдуулж, хойд хормойгоороо урд хормойгоо нөхсөн амьдрал хэвээр үргэлжилсээр. Бараа, бүтээгдэхүүний үнэ өсөхөд, хувийн хэвшлийнхэн болон төрд ч, хувьд ч дансгүй ажилгүй иргэд, өндөр настнууд туйлдаж, тартагтаа тулдаг гэхэд буруудахгүй.
Худалдагчид махны үнэ буухгүй, хавар ахиад мах "магнаг" болох нь тодорхой гэдгийг хэлж байсан юм.
Сэтгэгдэл (3)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!