Цагаан сарын дараа хаврын тарчиг өдрүүдэд махны үнэ тэнгэрт хадаж “магнаг” болох нь. Жилийн жилд махны үнэ нэмэгддэгт иргэд гайхахаа болиод удсан ч энэ жил төр оролцож экспортыг хязгаарлах байдлаар үнийг тогтвортой барих зохицуулалт хийж байгаа нь анхаарал татна. Засгийн газрын шийдвэрээр махны экспортыг ирэх зургаадугаар сарын 1 хүртэл хязгаарлана гэдгийг салбарын сайд Ж.Энхбаяр мэдэгдэж “Үнийг буулгаж тогтвортой барих зорилгоор экспортод гарч байгаа махны хэмжээг тодорхой хэмжээнд хязгаарлаж байгаа” гэсэн юм. Хэдий нэг талдаа махны үнийг тогтвортой барихаар болж байгааг сонсоход нуруу тэнийлгэх сайхан мэдээ. Гэвч бизнесийг боох байдлаар экспортыг хязгаарлаж махны үнийг тогтвортой хадгалахаар зорьж буй Засгийн газрын шийдвэрийн цаад шалтгаан нь юу байв? гэх асуулт хардлага төрүүлнэ.
МАХНЫ ҮНЭ МОНГОЛД БАЙГААГҮЙГЭЭР 40 МЯНГАН ТӨГРӨГ ДАВЖ ӨСӨХ ТУЛ ҮНИЙН ХӨӨРӨГДЛИЙГ ДАРАХ ТҮР ЗУУРЫН ШИЙДВЭР ГАРСАН БАЙХ
Праймер компанийн гүйцэтгэх захирал, мах судлаач Б.Мөнхтогтох: Ноднин жил маш их зуд болсон. Төл мал нэлээн хорогдсон. Энэ жил малчдын сэтгэлгээ ямар байна вэ гэвэл, малаа өгөхгүй байна. Тэгэхээр махны үйлдвэрүүд түүхий эдгүй, ченжүүд малгүй болсон. Ченжүүд махыг 11, 12, 1, 2 гээд бүтэн дөрвөн сар дарсны дараа хавар махаа зардаг нь үнэд орох шалтгаан болдог ч энэ жил нөөц нь нэлээн бага байна. Удахгүй цагаан сарын гуравдугаар сарын 1-ээс эхлэн махны үнэ Монголд байгаагүйгээр хамгийн дээд үнэд хүрнэ. Миний бодлоор дээд үнэ нь үхрийн мах 35 мянган төгрөгөөс илүү гарч 40 мянган төгрөг давахаар байна. Үүн дээр Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам болон Засгийн газар экспортын махаа хязгаарлаж дотоодын махны хэрэгцээ, үнийн бодлогыг барихын тулд ийм шийдвэр гаргасан болов уу гэж харж байна. Нэг үгээр хэлбэл, үнийн хэт хөөрөгдлөөс үүссэн шийдвэр л болов уу. Энэ бол махны хэт хөөрөгдлийг дарах гэсэн түр зуурын шийдвэр. Үүн дээр яам, экспортод махаа гаргахгүй дотоодын махны хэрэгцээ, үнийн бодлогын барих гэж л ийм шийдвэр гаргасан болов уу гэж харж байна. Нэг үгээр үнийн хэт хөөрөгдлөөс үүссэн шийдвэр л болов уу. Энэ бол түр зуурын шийдвэр. Харин экспорт эргээд сэргэх нь үйлдвэрлэгч өөрийнх нь сайжрах, импортлогч орны шаардлагыг ойлгож экспорт хийхгүй бол болохгүй. Махны хэт хөөрөгдлийг дарах гэсэн түр зуурын шийдвэр. Гэсэн ч махны техникийн зохицуулалтыг харвал энэ буруу шийдвэр. Үүн дээр яаж тоглох вэ гэвэл, нийтийн хэрэгцээнд орж буй маханд ченжийн оролцоог халах ёстой. Хэрэв махны үйлдвэрүүд дампуурч, ченжүүдийн гараар дамжаагүй бол магадгүй экспортын махыг хязгаарлах хүртэл Засгийн газрыг шийдвэр гарахгүй байсан гэсэн юм.
ХЯТАДУУД МАХ АВАХАА БОЛЬСОН НЬ МАХНЫ 30 ҮЙЛДВЭР ДАМПУУРЧ, ҮНЭ ӨСӨХ, МАХ ХОВОРДОХ БОЛОВ
Түүний хэлснээр Эмээлтийн махны асуудлаас хойш 30 гаруй үйлдвэр хаалгаа барьж дампуурчээ. Хэрэв эдгээр үйлдвэр тогтвортой ажиллаж байсан бол махны үнэ ингэж хөөрөгдөхгүй байх байж. Махны үйлдвэрүүд манай улсын жилийн нийт 700 мянган тонн бөгөөд махны хэрэгцээний 20-30 хувийг бүрдүүлдэг бол махны үнэ тогтвортой байх нь. Харин өнөөдөр махны зах зээлийн 90 хувь нь ченжүүдийн гараар дамжиж, тэд хамгийн гол тоглогчид болж байна. Гэхдээ зудын дараагаас малчид махны үнийг нэмдэг гол тоглогчид болж эхэлжээ. Нөгөөтэйгүүр, Эмээлтийн гэх тодотголтой махны асуудлаас үүдэн Хятадууд Монголын махыг авахаа больсон нь малын мах гүйлгээнээс гарч эрээд олддоггүй эрдэнэ болсон бололтой. Үүний тод жишээ нь махны үйлдвэр зарна гэсэн цөөнгүй зар сошиалд хөврөх болжээ. Тэдний нэг болох Дарханд үйл ажиллагаа явуулдаг махны үйлдвэрийн захирал н.Булган /нэрийг өөрчилж нууцлахыг хүсэв/ дараах асуудлыг хөндөж ярьсан юм.
Тэрбээр “Манайх бой хийдэг юм. Мөн Дарханы олон сумын малчид бүгд хэрэгцээтэй үедээ олноор нь малаа өгч, бой хийлгэж шууд үйлдвэрт зардаг байхгүй юу. Махны нийлүүлэлт өөрөө улирлын чанартай. Хавраас намар хүртэл ачаалалтай байдаг. Гэтэл хятадууд мах авахгүй байгаа учраас мах ховордож, малчид хэрэгцээтэй малаа тарга тэвээргийг алдахгүй, аль болох үнэтэй зарахыг л эрмэлзэж байна. Мөнгөний ханш унаж, мах нь үнэтэй болсон үед малчдаас л мах, үнэ хоёр хамаарч байгаа. Бид хүртэл Дархантай ойрхон Хушаатад байх үхрийн бодоор дагнасан айлд очиход л өөрсдөө хэдэн тонноор нь үхрийн мах цасанд булсан байсан. Энэ нь цагаан сарын дараа хавар тарчиг үед махаа гаргаж ирэхээр нөөцөлж, махны сервис бүхий том компаниудад өгөхөөр дарсан байдаг юм байна. Хэрэв килограммыг нь 14 мянган төгрөгөөр бөөндөж авбал өгнө гэх жишээний. Тэгэхээр малчид өөрсдөө зах зээлд орчихоод байгаа байхгүй юу. Энэ чинь мал ховордож, махны үйлдвэр түүхий эдгүй болж байгааг л илтгэнэ. Манайх үйлдвэрээ зарахаар болж байгаа нь зөвхөн малын цаана олон шалтгаан байгаа гэсэн юм.
МАЛЧИД ЧЕНЖҮҮДЭЭС ДУТАХГҮЙ ҮНЭЭ НЭМЖ БАЙНА
Үргэлжлүүлэн хэлсэн үгэндээ “Малчид зах зээлд нийлүүлж буй махны үнийг харж байгаад /ченжээс дамжаад лангуун дээр зарагдаж байгаа үнэ/ малчид үнээ нэмж байгаа байхгүй юу. Тиймээс малчид махаа үнэтэй зарж байна. Ингэхдээ аль болох туранхай малаа үйлдвэрт нийлүүлж, тарга тэвээрэгтэйг нь үнэд оруулдаг” гэсэн юм. Түүний ярианд дурдсанаар хавраас мах үнэд орж эхэлдэг ч энэ жил маш эрт буюу одооноос үнэтэй болж эхэлжээ. Өмнө нь нэг, хоёрдугаар сарын өдийд үхрийн мах килограмм нь 11-12 мянган төгрөгийн хооронд байсан бол одоо тарган мах бөөний үнэ нь 13-15 мянган төгрөг болж нэмэгджээ. Гэхдээ энэ бол бөөний үнэ. Харин малчны хотоос гараад эцсийн хэрэглэгчийн гар дээр очих хүртэл бөөний үнэ нугарсаар нугарсаар 20 мянган төгрөг даваад байгаа нь тэр.
Махны хориг, цар тахал, зудын дараа дөнгөж гадаад зах зээлд гараанаас гарч байсан махны экспорт дахиад л өөд нар үзэхгүй бололтой. Ялангуяа улс төрийн шийдвэрээс хамааралтай эдийн засагтай манай улсын хувьд бизнесийнхэн хохирч байсан уу гэхээс хожиж байсан нь үгүй. Тэгвэл Засгийн газраас махны экспортыг хязгаарласан ч аж ахуйн нэгжүүдэд хүнд тусахгүй гэдгийг онцолж байна. Энэ асуудалд аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл “дэлхийн зах зээлд Монгол Улс мах зарах боломжоо алдаж байна” гэв.
ЭКСПОРТЫН МАХЫГ ХЯЗГААРЛАСАН Ч ҮНЭД НӨЛӨӨЛӨХГҮЙ
Чойбалсан фүүд ХХК-ийн ТУЗ-ын дарга Э.Бас-Эрдэнэ: Махны экспортыг хязгаарласан ч бидний нөхцөл байдал тийм ч хүнд байдалд ороогүй. Гэхдээ мах ховордсон. Хамгийн гол нь, эргэж буцсан улс төрийн шийдвэрүүдээс болж бид гадаад зах зээл дээр худалдах итгэлээ алдаж байна. Махны экспортыг нэмэгдүүлнэ гэж ярьдаг ч аж ахуйн нэгжүүд дээр бэлэн байгаа 200 гаруй тонн махаа экспортолж чадахгүй байгааг гаднын худалдан авагч нар “Монголоос мах авч чадахгүй байна” гэж дэлхийгээр л ярина. Дээр нь махны экспортыг хязгаарлахаар гадаад зах зээлд хэн биднээс мах худалдаж авах юм бэ. Бүтэн жилий зургаахан сард мах экспортолж, үлдсэн хагас жилд нь хязгаарлалт хийдэг юм уу гэх асуудал байгаа юм. Тиймээс энэ шийдвэрээ эргэн харж журмаар зохицуулахгүй бол махны экспортыг нэмэгдүүлнэ гэж ярьж буй энэ үед Монгол Улсын нэр хүндэд л муугаар нөлөөлөх онцгүй шийдвэр боллоо. Одоо Арабын орнууд, Иран руу , Хятад руу явж буй махыг Монгол хүн тоож идэхгүй нь гол асуудал болж байна. Жишээ нь, ямаа, адууны махыг экспортолж байхад дэнжийн мянга дээр хонины мах гулууз нь бөөний үнээр кг нь 12 мянган төгрөгтэй байна. Харин ямааны мах 7000 төгрөгтэй байгаа. Нэг ч хүн ямааны махыг хямд байгаад ч авч идэхгүй. Мөн адууны мах 7000 төгрөг гэж байгаа юм. Монгол хүн өдөрт 10 адууны мах авч идэхгүй. Тэгэхээр дотоодын зах зээлийн үнийн өсөлтөд нөлөөлөх юм байхгүй. Одоо экспортод гарч буй малын мах хурга, ишиг зэрэг жижиг төлийн махнууд явж байна. Үүнийг монголчууд идэхгүй. Хурга төлөг туранхай махыг тоохгүй. Харин монголчууд юу хүсэж байна вэ гэвэл, хамгийн тарган үхрийн махыг хямд үнээр л идэх сонирхолтой. Үүнийг нь гадаад зах зээл дээр тоож байгаа ч юм алга. Тарган мах ч туранхайгаасаа үнэтэй. Хямд үнэтэй махыг л экспортолж байгаа юм. Цаашид махны экспортыг нэмэгдүүлнэ гэж ярьдагаасаа гаргадаг шийдвэр нь өөр байдаг юм байна гэдгийг дэлхийд харуулж байгаа л шийдвэр болж байна. Эргэж буцсан шийдвэр гаргахаар дэлхийн зах зээл дээр ч бас бидний сонирхохгүй болж эхэлнэ. Тиймээс бид “манайхаас мах аваач” гэж гуйсан ч алдсан байр сууриа олж авахад бэрх болж байна. Жилийн 4 улиралд мах экспортолно гэж төлөвлөж байсан улс орнууд хүртэл Монголоос гуравхан сар мах импортлохын оронд Австрали, Шинэ Зеландийг сонирхоно шүү дээ.
ИРАН РУУ ХОНЬ НИЙЛҮҮЛЭХ ЭКСПОРТЫН УРСГАЛД ЗАСГИЙН ШИЙДВЭР ЧӨДӨР БОЛОВ
Манай улсын хувьд Хятад, Араб, Иран зэрэг гарын арван хуруунд тоологдохоор улс руу мах экспортолдог. Харин Засгийн газраас махны экспортыг хязгаарлах шийдвэр гаргасан нь Иран руу хонины махны экспортын урсгал зогсох байдалд хүрчээ. Учир нь хонь болон үхрийн махны экспортын зогсоосонтой холбоотой.
НӨӨЦИЙН МАХЫГ ХАНГАЛТТАЙ БЭЛТГЭСЭН Ч ХЭДЭН МЯНГАН ТОНН БАЙГАА НЬ ТОДОРХОЙГҮЙ
Экспортын махыг дотоодын хүнсний хэрэгцээнд хоёрдугаар сарын 6-ны өдрөөс нийлүүлэхээр болсон Засгийн газрын энэ шийдвэр нь өнгөн дээрээ ийм болов ч нөөцийн мах бэлтгэх ёстой нийслэл УИХ, НИТХ гэсэн хоёр удаагийн сонгуулийн ажилд дарагдаж мах бэлтгэх ажлаа “мартсан" гэх шүүмжлэлд хотын захирагч Х.Нямбаатар өртөж буй. Энэ тухай холбогдох албаны эх сурвалжийн хэлснээр Нийслэлийн Хүнс хөдөө ахуйн газрын дарга Х.Эрдэнэбилэг нөөцийн мах бэлдэх хариуцсан ажлаа хийгээгүйн улмаас хотынхны хаврын хүнсний хэрэгцээг экспортын махаар нөхөж орлуулах болсон гэх. Харин нийслэлээс “нөөцийн махаа бэлдсэн” гэх тайлбарыг өгч байлаа.
НӨӨЦИЙН МАХНЫ ТАЛААР ЗАХИРАГЧИЙН АЖЛЫН АЛБА МЭДЭЭЛЭЛ ӨГНӨ
Энэ талаар ажил цалгардуулсан гэгдэж буй Нийслэлийн Хүнс хөдөө ахуйн газрын дарга Х.Эрдэнэбилэгээс тодруулсан юм.
- Махны экспортыг хязгаарлах Засгийн газрын шийдвэрийн цаана нийслэл нөөцийн махаа бэлдэж амжаагүй гэх асуудал яригдах боллоо. Нөөцийн мах бэлэн байгаа юу?
- Нөөцийн махаа бэлдсэн байгаа.
- Хэдэн мянган тонныг бэлдсэн бэ. Мөн таныг нөөцийн мах бэлдэх ажлыг хийгээгүй гэх шүүмжлэл ч байна. Энэ тухайд та ямар байр суурьтай байна вэ?
- Нөөцийн махыг илүү нэмэгдүүлэхийн тулд л авч буй арга хэмжээ болохоос биш нөөцийн махыг гаргах болоогүй. Хоёрт, Засгийн газраас өгсөн үүрэг даалгаврын дагуу үйл ажиллагаа явагдаж байгаа учраас нэгдсэн байдлаарх мэдээллийг Захирагчийн ажлын албанаас /2025.02.4-7-нд/ өгнө.
Харин хаврын хүнсний хэрэгцээнд хэчнээн мянган тонн нөөцийн мах бэлдсэн нь тодорхойгүй байна. Энэ тухайд Нийслэлийн захирагчийн ажлын албанаас тодруулахаар утсаар холбогдсон ч ямар нэгэн хариу өгөөгүй билээ.
Нөгөөтэйгүүр, жил бүр махны үнэ нэмэгддэгт хүмүүс гайхахаа больтол дөжирчээ. Харин махны үнэ нүд эрмэх зуур тэнгэрт хадаж байгаа шалтгааныг тоохгүй өнгөрч болохгүй. Эмээлтийн махны асуудлын дараа махны үйлдвэрүүд шил дараалан хаалгаа барьж даарин дээр нь давс гэгчээр зудын дараа малчид мал зарахаа больж улмаар ченжүүдийн гараар дамжсан мах нь хотынхонд тансаг хэрэглээ болтол үнэ өсч удахгүй ховрын бараа болох нь. Цагаан сарын дараахан гуравдугаар сараас махны үнэ өссөөр 40 мянган төгрөг давж болзошгүй нь. Шалтгаан нь, мах ховордсон, махны үйлдвэрүүд дампуурсан, ченжүүд гаарсан зэрэг асуудал махыг магнаг болгож байна.
Махны хориг, цар тахал, зудын дараа дөнгөж гадаад зах зээлд гараанаас гарч байсан махны экспортыг хязгаарлаж байгаа нь Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яам өөрөө махны экспортыг дэмжих бодлогоос ухрав уу. Эсвэл үнэхээр нийслэл ажлаа хийгээгүйгээс экспортын махаа хүнсний хэрэгцээнд золигт гаргав уу гэх зэрэг олон асуулт урган гарч буй.
ШААРДЛАГАТАЙ ТОХИОЛДОЛД ЭКСПОРТОД ГАРЧ БУЙ МАХНЫ 10 ХҮРТЭЛ ХУВИЙГ ДОТООДЫН ЗАХ ЗЭЭЛД НИЙЛҮҮЛНЭ
ХХААХҮЯ-ны Бодлогын хэлтсийн дарга Ц.БОЛОРЧУЛУУН: Махны экспортыг хориглоогүй гэдгийг хэлэх нь зөв болов уу. Экспортын махны аж ахуйн нэгжүүд бодлогын гэрээн дээр гаргаж буй махны 10 хувийг дотоодын зах зээлд нийлүүлэх ёстой. Үүнийгээ л барьж байгаа. Өөрөөр хэлбэл, шаардлагатай тохиолдолд экспортод гаргаж буй махны 10 хүртэл хувийг дотоодын зах зээлд нийлүүлнэ гэдгээ л барьж байгаа. Нийслэл аж ахуйн нэгжүүдтэй уулзаж зохицуулалтаа хийж байх шиг байна. Тиймээс нийслэл нөөцийн махаа бэлдсэн үгүйг нийслэлээс асуусан нь дээр байх гэлээ.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!