"Outlaw" хамтлаг 20 жилийн ойн тоглолтынхоо талаар мэдээлэл өглөө. Энэ үеэр тус хамтлагийн гишүүн Г.Чинзориг дараах мэдээллийг өглөө. Тэрбээр,
"Манай хамтлагийн 20 жилийн төрсөн өдөр энэ баасан гараг буюу есдүгээр сарын 20-нд тохиож байна. Бид тоглолтоо "Hit Park"-д зохион байгуулна. Тоглолтын хувьд "Outlaw" хамтлагийн оролцож байсан бусад тоглолтуудаас тэс өөр байгаа. Учир нь төрсөн өдрийн тоглолт учир бусдаас өөрөөр бодож, сэтгэж байгаа" гэв.
Харин Хамтлагийн ахлагч Э.Ариун-Эрдэнэ "Тоглолтод хит болсон 35 дуугаа дуулна. Мөн амьд хөгжмийн хамтлагтай хамтарч байгаа. Бэлтгэл хангагдсан" гэв. Мөн тэрбээр All In Hit тоглолт давхцаад буй асуудалтай холбоотойгоор мэдээлэл өгсөн юм. Тодруулбал,
"All In hit-2 тоглолт болсны дараа зохион байгуулагчдын зүгээс манай хамтлагтай ирж уулзаж, All In hit-3 тоглолтыг хийе гэдэг санал тавьсан. Үүнд манай хамтлагийн зүгээс "Ийм байж болохгүй ээ. Ирэх жил байсан бол зүгээр юм" гэдэг саналыг хэлсэн. Гэвч манай хамтлагийн тоглолтын тов "All In Hit-1" дээр аман байдлаар гарчихсан байсан учраас боломжгүй гэдэг байр суурийг бид илэрхийлсэн.
Миний санаж байгаагаар 9 сарын 21-ний өдрийг өөрсдийнх нь өдөр гэж ойлгосон. Гэвч найзууд маань "Outlaw" хамтлагт маш том гэнэтийн бэлэг барилаа. Найзууддаа баярлалаа, тоглолтод маань хамгийн том бэлэг байлаа, амжилт хүсье гэж хэлье" гэв.