Цахим орчинд өнөөдөр /2024.09.11/ түргэний тэргээр айраг зөөсөн гэх пост тархаад буй. Тэгвэл уг постыг анх Ц.Ариунболд гэх иргэн 2023 оны есдүгээр сарын 9-нд бичиж байжээ. Түүний бичсэн пост, айраг зөөж буй зураг өнөөдөр дахин сэвэгдэж эхэлжээ.
Ямартай ч 2023 оны есдүгээр сарын 10-нд Нийслэлийн Түргэн Тусламжийн Төвөөс дараах мэдэгдлийг гаргаж байсан юм.
Тус мэдэгдэлд "Нийслэлийн түргэн тусламжийн төв нь нийслэлийн зургаан дүүргийн иргэдэд газар дээрх болон эмнэлэг хүртэлх тусламж үйлчилгээг 24 цагаар тасралтгүй хүргэн ачаалалтай ажилладаг билээ.
Мөн автомашин бүр дээр GPS төхөөрөмж суурилуулан хяналт тавьж, зөвхөн түргэн тусламжийн үйлчилгээнд ашиглаж байна.
Тус төвийн түргэн тусламжийн автомашинууд нь урд, хойд талдаа “Түргэн тусламж” бичиглэлтэй, хоёр хажуу талдаа хөх өнгийн дэвсгэр дээр цагаанаар “Нийслэлийн түргэн тусламжийн төв” хэмээх бичиглэл, хөх өнгийн логотойгоороо бусад хувийн хэвшлийн болон төрийн өмчит эмнэлгийн автомашинуудаас ялгагддаг.
Улаанбаатар хотын хэмжээнд манай төвөөс гадна хувийн хэвшлийн болон төрийн өмчит эмнэлэг бүрд эмнэлгийн машин байдаг. Зарим иргэн эмнэлгийн бус үйлчилгээнд явж буй автомашины зургийг авч манай байгууллагын автомашин мэтээр цахим орчинд түгээж буруу мэдээлэл тарааж байна.
Зураг дээрх тэмдэглэгээнээс өөр өнгийн тэмдэглэгээтэй автомашин нь манай НТТТ-ийн машин биш болохыг мэдэгдэж байна" хэмээн дурджээ.