Бутаны Хаант Улсын Цог Жавхлант хаан Жигмэ Гэсэр Намжил Ванчук болон хатан Жэцүн Пэма нар Монгол Улсад хийсэн төрийн айлчлалынхаа чөлөөт цагаар авахуулсан гэр бүлийн зургаа хуваалцжээ.
Тэдний зургийг зурагчин Г.Ган-Өлзий авсан бөгөөд хааны гэр бүл Монголын говьд амар тайвнаар тэмээ унаж буй зургаа Инстаграм хаягтаа нийтэлсэн юм. Тэд найм болон дөрвөн настай хоёр хүү, 10 сартай нэг охинтой билээ.
Хааны том хүү, ханхүү Жигмэ Намжил Ванчук сэндборд унаж буйгаар, харин бага хүү нь ээжтэйгээ гурван дугуйт мотоцикл унаж байгаагаар зургаа татуулжээ. Түүнчлэн хаан Жигмэ Гэсэр Намжил Ванчук болон хатан Жэцүн Пэма нар говийн сайханд гурван хүүхдийн хамтаар зогсож буй гэр бүлийн халуун дулаан, дотно мөчийг харуулсан зураг ч байна.
Бутаны хааны гэр бүлийн Монгол Улсад хийсэн төрийн айлчлалын үеэр тэдний албан ёсны зурагчнаар ажилласан Г.Ган-Өлзий “Монголын үзэсгэлэнт говийн халуун дулаан орчинд Бутаны хаан, эрхэм дээдсийн гэр бүлийн зургийг авах боломж гарсан нь нэр төрийн хэрэг байлаа. Тэд хаан, хатан гэхэд гайхмаар найрсаг зантай, хөрсөн дээрээ буусан хүмүүс байсан. Мөн маш эелдэг, зургийг нь авахад төвөггүй, маш амар хүмүүс. Тэднээс харахад Бутан үнэхээр аз жаргалын орон байх” хэмээжээ.
Бутаны хааны гэр бүл Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар долоо хоногийн хугацаанд Монгол Улсад төрийн айлчлал хийсэн билээ. Жигмэ Гэсэр нь 2006 оны арванхоёрдугаар сарын 9-нд эцгийнхээ суудлыг залгамжлан хаан болсон юм. Түүний титэм өргөх ёслолыг хоёр жилийн дараа буюу 2008 онд Бутаны хаант засаглалын 100 жилийн ойг тохиолдуулан хийжээ. Тэрбээр 2011 оны аравдугаар сарын 13-нд Жэцүн Пэматай гэрлэсэн юм.