Монголбанкнаас зарласан валютын ханшийн мэдээллээр нэг ам.доллар 3381 төгрөгтэй тэнцэж байна. Харин “найман шарга” валют арилжааны төвд ам.долларын ханш ганц хоногт чангарч 3386 төгрөгөөр авч, 3393 төгрөг төгрөгөөр зарж байна. Харьцуулахад, өчигдрийн ханшаар 3380 төгрөгөөр авч 3388 төгрөгөөр арилжаалж байсан юм.
Өөрөөр хэлбэл, нэг өдрийн дотор ам.долларын ханш авах үнэ 6 төгрөгөөр нэмэгдэж, зарах үнэ нь 5 төгрөгөөр тус тус өсжээ. Дөрөвдүгээр сарын 1-ны байдлаар ам.доллар 3376 төгрөгтэй тэнцэж байсан ч өнөөдрийг хүртэл ханш алгуур нэмэгдсээр ийнхүү 3400 төгрөг рүү дөхжээ.
Эдийн засгийн суурь хүчин зүйлсийн нэг бол төгрөгийн ханш байдаг. Улс төр, эдийн засгийн хүндрэл үүсэх үед хамгийн их савладаг зүйл бол төгрөгийн ханш. Уул уурхайн салбарын орлого нэмэгдэж, эдийн засгийн сэргэлтийг дагаад төгрөгийн ханш ам.долларын эсрэг өнгөрсөн оны гуравдугаар сараас эхлэн чангарч эхэлсэн.
Өнгөрсөн онд 4000 төгрөгт дөхөж байсан ам.долларын ханш оны төгсгөлд арванхоёрдугаар сараас эхлэн 3421 төгрөгөөс алгуур буурсаар сүүлийн 20 хоног 3381 төгрөг дээр тогтвортой байв.