Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар өнөөдөр (2024.06.04) Бүгд Найрамдах Солонгос Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Чой Жин Вон тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын эхэнд Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа “Стратегийн түншлэл”-ийн түвшинд бүх салбарт гүнзгийрэн хөгжиж байгааг тэмдэглээд цаашид худалдаа, хөрөнгө оруулалт, эдийн засгийн хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах, түүний дотор хоёр улсын Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр байгуулах асуудлыг эрчимжүүлэх, иргэд хоорондын харилцан зорчих таатай нөхцөл бүрдүүлэх чиглэлд ноён Элчин сайд Чой Жин Воныг онцгой анхаарал хандуулан ажиллахыг хүссэн юм.
Монгол Улсын Их Хурал, БНСУ-ын “Бан Ги Мүн” сан, АНУ-ын Стэнфордын Их сургуультай хамтран “Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ” олон улсын чуулга уулзалтыг хоёр жил дараалан амжилттай зохион байгуулсан. НҮБ-ын Тогтвортой хөгжлийн зорилгын төлөөх дэлхий нийтийн хүчин чармайлтад хувь нэмрээ оруулах зорилгоор алтай язгуурын хэл, соёл, түүхийн хэлхээ холбоо бүхий улс орнууд харилцан оновчтой шийдэл, сайн туршлагаа солилцож буй энэхүү хамтын ажиллагааг улам гүнзгийрүүлэн бэхжүүлэхийн төлөө ажиллаж байна. Энэхүү чуулга уулзалтаас Алтай судлалын төвийг Монгол Улсад байгуулах санал, санаачилга гарсныг Улсын Их Хурлын дарга дурдав.