УИХ-ын Аюулгүй байдал, Гадаад бодлогын байнгын хорооны 2024.06.04-ний өдрийн хуралдаанаар НҮБ-ын төрөлжсөн байгууллагын эрх ямба, дархан эрхийн тухай конвенцын XV хавсралтыг соёрхон батлах тухай хуулийн төслийг дэмжлээ.
Хуралдааны үеэр түүх дурсгалын үнэт өв хууль бусаар гадаад улс руу гарч байгаа асуудлыг таслан зогсоох, хууль эрх зүйн орчныг сайжруулах асуудлыг хөндлөө.
УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан: Сүүлийн таван жилийн хугацаанд хулгайлах гэмт хэргийн улмаас 52 түүх дурсгалын үнэт зүйл алга болсон. Тэдгээрээс 22-ыг нь эрэн сурвалжилж олсон ба 30 ширхэг түүх дурсгалын зүйл олдоогүй буюу эрэн сурвалжилж байна. Соёлын биет өвийн эсрэг гэмт хэргийн тоо буурахгүй байна. 2021 онд гэхэд 3, 2022 онд 9, 2023 онд 19 хэрэг бүртгэгдсэн байна. Тиймээс олон улсын конвенцод нэгдсэнээр цаашид гадаад руу гарч байгаа түүх соёлын үнэт дурсгалт өвүүдийг эргүүлэн олох ажил баталгаажна.
Соёлын сайд Ч.Номин: Төрийн өмчийн бүртгэлд байгаа сан хөмрөгөөс аливаа зүйл алдагдсан зүйл байхгүй. Эдгээр нь сүм, хийдээс алдагдсан зүйл. Олон улсын конвенцод нэгдсэнээр хил гарсан соёлын өв хууль бусаар экспортлогдсон тохиолдолд хууль эрх зүй илүү боловсронгуй болж буцаан авах боломжийг илүү нэмэгдүүлнэ. Цаашлаад дотоодын хууль, эрх зүйн орчныг сайжруулах шаардлага бий. Бид 2025 онд соёлын өвийн багц хуулийг өргөн барих гэж буй. Хуулийн төсөлд соёлын өвийн хадгалалт, хамгаалалт, хууль бус экспортын асуудлыг тусгаж өгсөн байгаа.