Жил бүр уламжлал ёсоор зохион байгуулдаг “Талын салхи 2024” олон улсын мото наадам энэ амралтын өдрүүдэд /2024.06.08, 09/ болно. Энэ жилийн фестивальд БНХАУ, ОХУ, БНСУ-аас нийт 450 орчим моточид оролцох юм.
Нийслэлийн Аялал жуулчлалын газар болон “Скаллс” мото клуб хамтран зохион байгуулж буй уг наадам Цонжинболдогт болох бөгөөд жилээс жилд цар хүрээгээ тэлж байна. Тоон мэдээлэл харвал, нийт оролцогч, сонирхогчдын тоо 2023 онтой харьцуулахад 20 хувиар өсчээ. Мөн мото аялал хийдэг ААН-ийн тоо нэмэгдсэн бөгөөд БНХАУ, ОХУ-аас зорин ирэх жуулчид, оролцогчдын тоо өссөн байна. “Талын салхи 2024” олон улсын мото наадмын үеэр мотоциклын чөлөөт үзүүлбэр, үзэсгэлэн, мото сонирхогчдын тэмцээн, галын шоу, DJ шоу, циркийн үзүүлбэр зэрэг арга хэмжээ болно.