УОК-оос Дүнжингаравын уулзварт болсон осолтой холбогдуулан хийсэн шалгалтын дүнг танилцуулж байна.
Уг хэрэгт Барилга хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн даргаар ахлуулсан ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байна. Дэлбэрэлтэд өртсөн дөрвөн барилгын төлөв байдал дээр дүгнэлт хийжээ. Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам, Зам тээврийн хөгжлийн яам, Уул уурхайн яамны хамтарсан ажлын хэсэг "Дашваанжил" ХХК-ийн газ тээвэрлэж байгаа үйл ажиллагаа, тухайн компанитай холбоотой хөдөлмөрийн аюулгүй байдлын асуудал дээр хяналт шалгалт хийсэн байна.
ХНХЯ-ны салбар хяналтын газрын дарга Б.Нарангарав:
-Сүүлийн таван жил "Дашваанжил" ХХК-д хяналт шалгалт хийгээгүй байсан. Тус компани нь 518 ажилтан, 63 салбар, нийслэл, орон нутагт үйл ажиллагаа явуулдаг. Тухайлбал, шалгалтаар хууль тогтоомж, хамтын гэрээ хэлэлцээрт нийцүүлэн хөдөлмөрийн дотоод журмаа боловсруулаагүй, цалин хөлсний журам батлаагүй, хөдөлмөрийн харилцаатай холбоотой багагүй зөрчлүүд илэрсэн. 518 ажилтантай томоохон компани нь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй хариуцсан ажилтангүй. Ажлын байрны эрсдэлийн үнэлгээг хийлгээгүй. Аюултай нөхцөлд ажиллах,анхааруулах дохио, тэмдэг, санамж, цахилгааны аюулгүй байдлыг хангаагүй гэх зэрэг зөрчлүүд илэрсэн.
Эрсдэлтэй ажлын байранд ажилладаг ажилтны амь нас, эрүүл мэндийг 36 сар ба түүнээс дээш сарын дундаж цалинтай тэнцэх хэмжээний төгрөгөөр заавал даатгуулах ёстой байсан.
Гэтэл энэхүү даатгалыг хийлгээгүй байна. Ажил олгогчийн үүрэгт ажил олгогч заавал ажлын байрны нөхцөлийн үнэлгээ хийх үүрэгтэй. Гэтэл энэ үнэлгээг хийлгээгүй. Ажилтнуудыг эрүүл мэндийн үзлэгт хамруулаагүй, ажлын хувцас, хамгаалах хэрэгслээр хангаагүй гэх зэрэг зөрчил илэрсэн. Тиймээс гурван чиглэлээр хяналт шалгалт хийсэн байцаагч нар торгууль, улсын байцаагчийн нөхөн төлбөр тавьсан.