УИХ-ын ээлжит бус чуулган үргэлжилж байна.
Чуулганы үдээс хойшхи хуралдаанаар Төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, 2020-2021 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хэлэлцүүлэг хийлээ.
Сангийн сайд Ч.Хүрэлбаатар:
Цар тахлын улмаас дэлхийн эдийн засаг 4-6 хувиар, хөгжиж буй орнуудын эдийн засаг 3-5 хувиар агших төсөөллийг ОУ-ын банк, санхүүгийн байгууллагууд одоогоор хийгээд байна.
Эхний хагас жилийн гүйцэтгэлээр төсвийн орлого төлөвлөснөөс 1,2 их наяд төгрөгөөр буурч, төсвийн алдагдал 2,1 их наяд төгрөгm хүрээд байна. Он дуустал төсвийн орлого 3,4 их наяд төгрөгөөр буурч, төсвийн алдагдал 4,3 их наяд төгрөгт хүрэх нөхцөл үүсээд байна.
Тиймээс гэнэтийн давагдашгүй цар тахал, хөл хорионы нөхцөл байдалтай холбогдуулан үүссэн дээрх хүндрэлээс ард иргэд, ААН-ээ хамгаалахын тулд дараах бодлогын арга хэмжээнүүдийг үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ.
- 18 хүртэлх насны 1 сая 250 мянган хүүхдэд сар бүр 100 мянган төгрөгийн мөнгөн тэтгэмж олгоход нийтдээ 300 тэрбум төгрөг,
- Нийгмийн халамжийн 60,000 тэтгэвэр авагч, байнгын асаргаа шаардлагатай хөгжлийн бэрхшээлтэй 13,300 хүүхдэд олгох халамжийн тэтгэмжийг тус тус 100 мянган төгрөгөөр нэмэгдүүлэн олгоход 22 тэрбум төгрөг,
- Хүнсний дэмжлэг туслалцаа зайлшгүй шаардлагатай 124 мянган хүнд сарын 32,000 төгрөгийн хүнсний эрхийн бичиг олгох,
- Нийгмийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээг ажил олгогч 5 хувиар, даатгуулагч 5 хувиар тооцож, хөнгөлнө. Ингэснээр нийт 552,3 мянган даатгуулагчийн 144,4 тэрбум төгрөгийн шимтгэл чөлөөлөгдөнө.
- Жилийн 1,5 тэрбум төгрөгөөс доош борлуулалтын орлоготой, 105 мянган ААН-үүдийн орлогын татварыг чөлөөлнө.
- Түрээсийн төлбөрөө бууруулсан ААН-үүдэд орлогын татварын хөнгөлөлтийг үргэлжлүүлэн үзүүлнэ.
- Коронавирус илрүүлэх оношлуур, эмчилгээнд хэрэглэх эм, эмнэлгийн хэрэгсэл, тоног төхөөрөмж, ариутгал халдваргүйжүүлэлтийн бодис, амны хаалтыг гаалийн болон НӨАТ-аас үргэлжлүүлэн чөлөөлнө.
- Улирлын томуугийн болон коронавирусний вакцин худалдан авах, эрүүл мэнд, мэргэжлийн хяналтын байгууллагын эм, эмнэлгийн хэрэгсэл, лабораторийн шинжилгээнд шаардлагатай зардалд 105,6 тэрбум төгрөг нэмж зарцуулахаар төлөвлөлөө.
- Үүнтэй холбоотойгоор коронавирусний халдвартай нүүр тулан тэмцэж байгаа Эрүүл мэнд, Онцгой байдал, Мэргэжлийн хяналт, Цагдаа, Хил хамгаалах зэрэг байгууллагын алба хаагчдыг амны хаалт, хамгаалах хэрэгслээр хангах, мөн тусгаарлах байранд өвчтөнтэй нүүр тулан ажиллаж байгаа эмч, сувилагчдад илүү цагийн хөлс олгох, тэдний ар гэрт мөнгөн дэмжлэг олгох, сувилагч мэргэжлээр суралцагчдад сургалтын төлбөрийн хөнгөлөлт олгоход зориулж нийт 22,2 тэрбум төгрөгийг зарцуулна.
Төсвийн тэвчиж болох зардлыг бууруулах замаар төсвийн алдагдал, Засгийн газрыг өрийг бууруулах чиглэлээр:
- Төсвийн хөрөнгө оруулалтаас гэрээ байгуулаагүй 119 төслийг хасах, ажлын гүйцэтгэл удаашралтай 344 төслийн санхүүжилтийг хойшлуулж, 513.6 тэрбумын зардлыг бууруулж байна. Харин зайлшгүй хэрэгжүүлэх төслийн ТЭЗҮ, зураг төсөл боловсруулах, үерээс үзүдсэн гүүр, замыг сэргээхэд зориулж 16 тэрбум төгрөгийг нэмж суулгав.
- Төсөвт байгууллагуудын албан томилолт, тавилга, эд хошгил худалдан авах зэрэг тэвчиж болох урсгал зардлыг 118.2 тэрбум төгрөгөөр бууруулж байна. Харин ЭМ, цагдаа, хил, онцгой байдал зэрэг тусгай үүргийн байгууллагуудын зардал бусад төсөвт байгууллагын ажилчдын цалин хөлс, иргэдийн тэтгэвэр тэтгэмжийн зардлыг бүрэн санхүүжүүлэхээр төлөвлөж байна.
- Шинээр ашиглалтад орох эмнэлэг, сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаатай холбоотойгоос бусад тохиолдолд төрийн байгууллагуудын чиг үүрэг, бүтцэд өөрчлөлт хийх замаар орон тоо нэмэгдүүлэхийг хязгаарлалаа.
Төсөв хэмнэхийн зэрэгцээ эдийн засгийг сэргээх ажлыг хэрэгжүүлнэ гэдгийг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар хэллээ.
Шинэчлэл хэрэгжсэнээр нэгдсэн төсвийн нийт орлого 10.7 их наяд, нийт зарлага 14.6 их наяд төгрөг, төсвийн алдагдал 3.8 их наяд төгрөг буюу ДНБ-ийн 9.9 хувьтай тэнцэхээр байна.