УИХ энэ намар багагүй сорилттой тулгарч байна. Эхлээд төсвийн асуудалтай тулгарч, Үндсэн хууль зөрчсөн гэдгээ ч өөрсдөө хүлээн зөвшөөрсөн үйл явц болсон. Тэгвэл одоо Д.Цогтбаатар гишүүнийг яах вэ гэдэг дараагийн том сорилттой тулгарчихлаа.
Энэ удаад шүүх шударгаар шийдсэн үү, улс төрийн нөлөө орсон уу гэх зэрэг улс төрийн шинжтэй асуудлуудыг энэ удаад түр хойш нь тавъя. Өмнө нь энэ агуулгаар хоёр ч нийтлэл хүргэж байсан учраас одоо парламент дээр үүссэн асуудлыг түлхүү анхаарцгаая.
Нийтийн албанд ажиллах эрх нь Дээд шүүх дээр эцэслэгдэж хасагдсан Д.Цогтбаатар гишүүнийг парламент яах вэ гэдэг хамгийн том асуултын тэмдэг боллоо. Өөрөө бол өчигдөр “Би гишүүн болсноосоо хойш гэмт хэрэг хийгээгүй. Тиймээс гишүүний ажлаа өгөхгүй” гээд товч тодорхой байр сууриа илэрхийлэв. Мөн байнгын хорооны хуралд оролцож ирцээ бүртгүүлэн саналаа өгөв.
Гол асуудал л энд байгаа юм. Дээд шүүхийн шийдвэр гармагцаа хүчин төгөлдөр байх учиртай. Дээд шүүх шийдвэр гарсан даруйд нь гишүүн асан Ё.Баатарбилэгийг хорих анги руу ачсан. Энд шүүхийн тогтоолыг хүлээсэн нэг ч хүн байхгүй. Шүүхийн тогтоолыг албажихыг хүлээнэ гэдэг үг ч хуульд алга. Үндсэн хуулийн 50-р зүйлийн 2-т “Улсын дээд шүүхийн шийдвэр шүүхийн эцсийн шийдвэр байх бөгөөд түүнийг бүх шүүх, бусад этгээд заавал биелүүлнэ. Хэрэв Улсын дээд шүүхийн шийдвэр хуульд харшилбал түүнийг Улсын дээд шүүх өөрөө хүчингүй болгоно. Улсын дээд шүүхийн тайлбар хуульд харшилбал хуулийг дагаж биелүүлнэ” гэж заасан.
Өөрөөр хэлбэл, буруу зөв эсэх нь хамаарахгүйгээр ямар ч байсан Дээд шүүхийн шийдвэр эцсийнх байх аж. Мөн Дээд шүүхийн шийдвэрийг БҮХ ШҮҮХ, БУСАД ЭТГЭЭД ЗААВАЛ БИЕЛҮҮЛНЭ гэдэгт УИХ ч гэсэн орж буй юм. Нэгэнт шийдэл ингээд гарчихсан. Д.Цогтбаатар гишүүний нийтийн албанд ажиллах эрх нь хасагдчихсан. УИХ-ын гишүүний ажил бол нийтийн алба мөн. Тиймээс өөрийн хүсэлтээр эсвэл УИХ-ын дарга, тамгын газраас хуулийн дагуу асуудлыг шийдэх эрхтэй.
Мөн зарим гишүүд эргүүлэн татах асуудлыг УИХ хэлэлцэж, санал хураах ёстой гэдэг байр суурийг илэрхийлсэн. Хэрэв тэгвэл УИХ өөрөө л онигоо болно. Нууц санал хураалт дээр нь 126 гишүүн Д.Цогтбаатарыг гишүүнээр нь үлдээнэ гээд шийдчихвэл парламент Дээд шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй гэж үзсэн хэрэг болно. Дээд шүүхийн шийдвэрийг зөвхөн Дээд шүүх л хууль зөрчсөн эсэхийг нь эргэж харж, хүчингүй болгоно. Дээд шүүхээс эцэслээд шийдсэн асуудлыг парламент хэлэлцсэн түүх өмнө байгаа эсэхийг би л хувьдаа санахгүй байна. Анхан шатны шүүхээр орж буй гишүүд дээр бол авч үлдэх үү, үгүй юу гээд санал хурааж болно. Энэ нь шүүхийн шийдвэр Дээд шүүх хүртлээ яваагүй учраас тэр хооронд тухай гишүүний сонгогчдын мандатыг хүндэтгэн үзэж, эрх нь зөрчигдөхөөс сэргийлж буй утга агуулгатай. Санал хураалаа гэхэд парламент руу бүрэн эрхийн асуудлыг хэн хөндөж орж ирэх вэ. Шүүх шийдчихээд байхад аль эрт ажлаа дуусгасан Ерөнхий прокурор уу. Дээд шүүх үү, Эсвэл Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрыг төлөөлж АН-ын гишүүн, ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл үү. Аль ч байсан болохгүй, бүтэхгүй хувилбар.
Хэрэв энэ асуудалд цаашид ямар нэгэн шийдэл гаргахгүй бол байнгын хороо, чуулганаар орж буй бүх зүйл Үндсэн хуулийн зөрчил рүү очно. Мандат нь хүчингүй болсон хүнийг хуралд оролцуулж ирцэд бүртгэснээр ирц маргаан, будилаантай болно. Санал хураалтад орсноор УИХ-ын гаргасан шийдвэр хүчин төгөлдөр бус болно. Ингээд ганц Д.Цогтбаатар гишүүн бус 126 гишүүнтэй парламент бүхэлдээ буруу замаар будаа тээх аюул тулгараад байна.
Ялангуяа уран, хил холболт гээд нийгэм, улс төрийн анхаарал татсан хуулиудаа баталлаа ч гэсэн бүхэлдээ эргээд асуудалд орох нь. Цаашлаад баталсан үйл явц нь Үндсэн хууль зөрчсөн гээд асуудал ахиад эхнээсээ эхлэх эрсдэл буйг сануулж байна. Хэрвээ Цэц дээр асуудал үүсэхэд парламентыг төлөөлж УИХ-ын дарга дээр л асуудал яригдах аюултай. Дээд шүүхийн тогтоолыг хүлээх нь улам л асуудлыг хүндрүүлнэ. Тогтоол албажина гэдэг бол бичиг баримтын бүрдлийн асуудал юм. Шүүхийн шийдвэр гарсан даруйдаа хэрэгжиж эхлэх ёстой.
Сэтгэгдэл (2)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!