УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Татварын ерөнхий хуулийн зарим хэсэг, заалт Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн талаарх Үндсэн хуулийн цэцийн 2024 оны 04 дүгээр дүгнэлтийг хэлэлцэв.
Чуулганаар уг асуудлыг хэлэлцээд ҮХЦ-ийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх нь зүйтэй гэх Хууль зүйн байнгын хорооны саналыг гишүүдийн олонхи буюу 51.5 хувь нь дэмжлээ.
Тодруулбал, Татварын ерөнхий хуулийн 13 дугаар зүйлийн 13.4 дэх хэсэгт "Татвар төлөгч нь татварын хууль тогтоомжийг зөрчсөн бөгөөд хууль тогтоомжид заасан хугацаанд зөрчлөө арилгаагүй, нэг зөрчлийг гурав болон түүнээс дээш удаа давтан гаргасан татвар төлөгчийн талаар татварын алба татвар төлөгчийн зөвшөөрөлгүйгээр нийтэд мэдээлж болно" гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 13 дахь заалтад "халдашгүй, чөлөөтэй байх эрхийг зөрчсөн байна хэмээн дүгнэжээ.
Санал хураахаас өмнө УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу үг хэлэв. Тэрбээр "Хоёр жилийн өмнө би ҮХЦ-д гурван асуудлаар хандсан. Нэгдүгээрт хүүхдийн мөнгийг ялгавартайгаар олгож байна, хоёрдугаарт хүний хувийн дансны мэдээллийг татварын албаныхан чөлөөтэй нэгжиж байна, гуравдугаарт татварын байцаагч хэрэв шаардлага биелүүлээгүй гэж үзвэл олон нийтэд мэдээлдэг байдал нь Үндсэн хууль зөрчиж байна гэх асуудлаар ҮХЦ-д хандаж байлаа. Эхнийх нь Засгийн газар маргаан үүссэн чинь шийдвэрээ өөрчлөөд эцэг эхийнх нь орлогоос үл хамаарч хүүхдийн мөнгө гэж нэрлэсэн учраас хүүхэд бүрт олгох нь зөв юм байна гэж үзээд шийдвэрээ зассан. Хоёр дахь асуудал нь өнөөдөр ҮХЦ-ийн шийдвэр гараад УИХ дээр орж ирж байна. Өчигдөр төсвийн байнгын хорооны хурлыг харсан чинь энэ асуудлыг дэмжихгүй гэх шийдвэр гарч байх шиг байна лээ. ҮХЦ дүгнэлтээ гаргасан учраас дэмжиж өгөхийг гишүүдээс хүсэж байна" гэлээ.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!