Өнгөрсөн пүрэв гарагт П.Сайнзориг, Н.Батсүмбэрэл тэргүүтэй УИХ-ын гишүүд Монгол Улсад хөдөлмөр эрхлэх гадаад ажилтны тоо, хувь хэмжээ тогтоохгүй байх, ажлын байрны төлбөрөөс чөлөөлөх тухай хуулийн төслийг өргөн мэдүүлсэн.
Үүнтэй холбоотойгоор дээрх хуулийн төслийг нийгмийн зарим хэсэг нь эсэргүүцэж, улмаар хууль санаачлагчид баасан гарагт мэдээлэл хийсэн юм.
Тэгвэл УИХ-ын гишүүн, МоАХ-ны дэд дарга Л.Мөнхбаясгалан өөрийн цахим хуудаснаа "Миний сонгогдсон говийн бүсийн 7-р тойргийн иргэд надад гуравхан зүйлийг захьсан юм. Нэгдүгээрт, тусгаар тогтнол, газар нутаг, түүх, хэл, соёл, уламжлалаа бүрэн бүтэн авч үлдэхийн төлөө бүхнийг хийх, хоёрдугаарт, Монголын төрд шударга ёсыг сахиулах, гуравдугаарт говьд гадаргын ус авчрах даалгавар өгсөн.
Би ч энэ бүхний төлөө ажиллана гэж говийн бүсийн дөрвөн аймгаар халуунд нь халж салхинд нь жиндэж шороонд нь нүдүүлэн явж амлан итгэл хүлээж УИХ-ын гишүүнээр сонгогдсон билээ. Харин одоо амлалтдаа хүрэх цаг болов.
Учир нь МАН-аас УИХ-д сонгогдсон П.Сайнзориг тэргүүтэй нэр бүхий гишүүд энэ сарын 19-ний өдөр Гадаадаас авах ажиллах хүчнийг квотгүй болгох, ажлын байрны төлбөрөөс чөлөөлөх тухай хуулийн төслийг УИХ-ын даргад өргөн барьсан нь нийгмийг талцуулаад байна.
Энэ хуулийн төслийг миний бие Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалыг ноцтой зөрчиж, Монгол Улсын тусгаар тогтнолд илт заналхийлсэн харийн захиалгатай байж болохуйц хуулийн төсөл хэмээн үзэж байна.
Ердөө хэдхэн сарын өмнө Чимэдийн Хүрэлбаатарын УИХ-ын босго давуулах гэж зүтгэсэн гадаадын иргэн, аж ахуйн нэгжид 100 жилээр Монгол Улсын газар нутгийг эзэмшүүлэх хуулийн төсөлтэй агаар нэг байна.
Гадаадаас ажиллах хүчнийг тооны хязгааргүй авна гэдэг бол газар нутгаа 100 жилээр харийнханд өгөх гэсэн “урвалт”-ын дэд бүлэг болохуйц улс төрийн санаатай өдөөн хатгалга юм. Тиймээс Монгол Улсын үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, түүх, соёл уламжлалаа, ард түмнийхээ нийтлэг ашиг сонирхолыг хамгаалах гэсэн тангарагтаа үнэнч байж тууштай эсэргүүцэх болно. Шийдвэр гаргах төвшинд УИХ дээр хүчин мөхөсдөх юм бол иргэдтэйгээ хамт тэмцэх замыг сонгоно гэдгээ мэдэгдэж байна" гэжээ.
Сэтгэгдэл (11)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!