Автобусны жолооч Б.Болор: Түгжрэлээс болоод намайг хараах хүмүүс байхад урмын үг, атга чихрээр дайлах эмээ нар ч бий

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
7 минут 48 секунд

Албан байгууллага, худалдаа үйлчилгээний төв гаднах талбайдаа өнгө өнгийн тоглоомтой, өндөр гацуур мод засаж, шинэ жилийн дуу эгшиглүүлэх нь шинэ жилийн баяр хаяанд ирснийг сануулна. 2025 он гарахад ердөө 11-хэн өдөр үлдсэн байна. Нийтийн тээврийн автобуснууд хүртэл өнгө, өнгийн гоёлоо зүүж, жолоочид аль болох боломжоороо автобусаа чимэглэжээ. Тэдний төлөөлөл бол Зорчигч тээвэр-4 ОНӨААТҮГ-ын автобусны жолооч Б.Болор юм.

Тэд утаатай, түгжрэлтэй саарал хотын стрессийг түр зуур мартагнуулж, бусдад багахан ч болтугай гэрэл гэгээ түгээж байна.

Үүнээс гадна Б.Болорын автобусны гаднахаа арчиж байгаа зургийг нэгэн иргэн олон нийтийн сүлжээнд байршуулснаар олноос "Сэтгэлтэй ажилтан" гэх зэргээр шаггүй магтаал хүртээд амжсан юм.

Автобус нэг талаараа миний ажиллаж байгаа ажлын байр учраас өөриймсөг хандахыг хүсдэг

Зорчигч тээвэр-4 ОНӨААТҮГ-ын автобусны жолооч Б.Болор "Би автобус баазад ажиллаад зургаа дахь жилтэйгээ золгож байна. Шинэ жил болох гэж байгаа учраас баазуудын жолоочид автобусаа маш гоё чимэглэдэг болсон байна лээ. Би ч гэсэн автобусаа чадах чинээгээрээ адилхан гангалаад, цэвэрхэн явъя л гэж бодсон. Автобус нэг талаараа миний ажиллаж байгаа ажлын байр учраас өөриймсөг хандахыг хүсдэг" гэв.

“Хүн гэдэг ус ачсантай адилхан. Усыг цалгиулахгүй авч явдагтай адил хүнийг устай зүйрлэж явж байгаарай” гэж гэр бүл нь түүнд захидаг аж.

Түүний аав, ах хоёр нь тээврийн жолооч байсан учраас Б.Болор багаасаа л машин, тэрэгтэй ойр өсжээ. Тиймдээ ч 18 настайгаасаа хойш дөрвөн дугуйтаас салаагүй гэнэ. Б.Болор "Атар Өргөө" ХК-д 12 жил түгээлтийн жолоочоор ажилласан бөгөөд 2018 онд буюу зургаан жилийн өмнөөс нийтийн тээвэр рүү "урважээ". Тэрбээр зорчигч тээврийн нэгдүгээр баазад ажиллаж байгаад 2024 оны гуравдугаар сард дөрөвдүгээр бааз байгуулагдахад ажлаа сольсон нь энэ.

Хүн хүнээс эрт босож, хамгийн эрт ажлаа эхлээд хамгийн орой харьдаг хүмүүс бол автобусны жолооч нар. Гэвч тэд түгжрэл, автобус унааны дутагдлын гол буруутан мэтээр дуудуулдаг. Хөдөлмөрийн хүнд нөхцөл, сэтгэл зүйн дайралт гээд олон бэрхшээл дунд ажилладаг гэхэд буруудахгүй.

Түүнийг харааж, ерөөх нэгэн байхад урмын үг, атга чихрээр дайлах нэгэн нь ч бий.

Эмээ нар замдаа чихэр идээрэй гээд өгөх нь хамгийн гоё. Хүнээс сонсох урмын үг тэр өдрийг бүхэлд нь гэрэлтүүлдэг

Автобусны жолооч Б.Болор энэ талаар ярихдаа "Уулын мод урттай, богинотой гэдэг шиг янз бүрийн ааштай хүмүүстэй таардаг. Замын түгжрэлд ороод удахаар "Ажлаасаа хоцорлоо. Яасан удаан явдаг юм бэ" гээд загнана. Ихэчвлэн хөгшин хүмүүс л уурладаг. Түгжрэлээс болоод автобусны буудалгүй газар буух гэж дайрдаг. Аюулгүй байдлын үүднээс ч тэр автобусны буудал дээр буух нь зөв шүү дээ. Нийт 9 удаа тойрох байтал түгжрэлээс болоод өдөрт 5 удаа тойрч байна. Хааяа бүр 5 тойрч чаддаггүй.

Аль болох хурдан давхиад явахаар автобусны жолоочид соёлгүй гэх зэргээр янз бүрээр хэлэгдэх үе байна л даа. Гэхдээ өөр нэг хүн орж ирээд "Ямар мундаг юм бэ. Алтан шар зам нь өлзийтэй байг" гээд урмын үг хэлэхэд нь баярладаг. Автобусанд ихэвчлэн сурагчид тортой хувцас, гар утас зэргээ мартчихдаг. Гар утсаа бол халааснаасаа унагачихдаг байх л даа. Хаясан гээсэн зүйлсийг нь нийтийн тээврийн групп дээр тавьчихдаг. Хүүхдүүд надаас ирж юмаа авахдаа "Баярлалаа ах аа" гэх нь урамтай сайхан.

Заримдаа эмээ нар замдаа чихэр идээрэй гээд өгөх нь хамгийн гоё. Хүнээс сонсох урмын үг тэр өдрийг бүхэлд нь гэрэлтүүлдэг. Өдөржингөө л сэтгэл дүүрэн сайхан байдаг даа" гээд инээмсэглэв.

Нийтийн тээвэр бол олон нийтийн "газар". Тэнд биеэ хэрхэн зөв авч явах нь чухал. Гэвч нөгөө талдаа ёстой л овсгоотой, хүчтэй нь автобусаар ажилдаа явдаг, гэртээ харьдаг бичигдээгүй хууль нийтийн тээвэрт үйлчилдэг. Иргэд автобус угтаж дайруулахаас ч үл эмээн өмнөөс нь гүйх, хаалгыг нь тогших, цуварч биш "алалцаж" орох нь бүдэрч унасан нэгэн дээрээ гишгэх аюултай гэдгийг Б.Болор учирлаж байсан юм.

30 өдрийн 28 өдөр буюу 180 гаруй цаг ажиллаж байж 3.5 саяыг авдаг

Нийслэлд өдөр тутамд 1128 автобус иргэдэд үйлчилж байна. Хөдөлмөрийн тухай хуулиар нэг автобусанд өдөртөө хоёр ээлжийн жолоочоос гадна бэлтгэл жолооч бас хэрэгтэй. Нэг хэсэг цалингаа голсон автобусны жолоочид уул уурхайн салбар руу "урваад" байсан бол энэ урсгал харьцангуй татарчээ. Үүнд жолооч нарын цалин 1.5-2.5 сая төгрөг байсныг 3.5 сая төгрөг болгосон нь нөлөөлсөн байна.

Автобусны жолооч Б.Болор "Бид цагаараа цалинждаг. 30 өдрийн 28 өдөр буюу 180 гаруй цаг ажиллаж байж 3.5 саяыг авдаг" гэв.

Автобусны жолоочид бие засах "эрхгүй"

Өглөөний 06.00 цагаас оройн 22.00 цаг хүртэл нийтийн тээврийн үйлчилгээнд явж буй автобусны жолооч нарт "морь харах газар" олддоггүй гэнэ. Б.Болор ярихдаа "Сүхбаатарын талбайн автобусны буудал ариун цэврийн өрөөтэй. Хайлааст бол хэцүү. Сүүлд Чингэлтэйд модон жорлон барьсан байна лээ.

Шээс хүрнэ гээд шингэн юм ч уудаггүй. Гэхдээ шугаманд олон цаг явахаар бие засмаар санагдана.

Автобусны буудал нь олон мөртлөө ариун цэврийн өрөө, цайны газар байдаггүй. Яармагийн Хангарди ордон эцсийн зогсоол болчихсон мөртлөө бас л юу ч байхгүй. Ерөнхийдөө халуун хоолноос илүү аль болох хурдан гарах, бэлэн юмнууд л авч иддэг. Хааяа нэг цайны газарт орохоор манай жолоочид гялс, гялс гэсэн хүмүүс л сууж байдаг. Хоолоо бараг уугаад байгаа юм уу гэмээр. Цайны 20 минутанд хоолоо захиалаад идэх гэж байтал дуусчихна. Түгжрэлд заримдаа юм идэхгүй явах үе ч бий" гэлээ.

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Хүүхдүүдээ аврахаар шатаж буй байшин руу ороод хамтдаа галд өртөж нас баржээ
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Хүүхдүүдээ аврахаар шатаж буй байшин руу ороод хамтдаа галд өртөж нас баржээ
 
МАРГААШ: Улаанбаатар -15 хэм хүйтэн, багавтар үүлтэй
МАРГААШ: Улаанбаатар -15 хэм хүйтэн, багавтар үүлтэй
Сэтгэгдэл (8)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!