UBN: 2024 оны НӨЛӨӨ бүхий 24 ХҮНИЙГ нэрлэж байна

Ангилал
Улс төр
Огноо
Унших
21 минут 43 секунд

Ubn.mn мэдээллийн сайт жил бүр тухайн оныхоо нөлөө бүхий эрхмүүдийн нэрлэдэг уламжлалтай. Тэгвэл яг одоо бид 2024 оны нөлөө бүхий 24 эрхмийг нэрлэж байна. Нөлөө бүхий гэдэг нь шилдэг, сайн гэсэн утга огт биш. Сайнаар ч бай муугаар ч бай нийгмийн амьдралд хүчтэй нөлөө үзүүлж буй хүмүүсийг энэхүү номинацид шалгаруулсан ба олон нийтийн санал асуулга, экспертүүдийн үнэлгээг хослуулж оны нөлөө бүхий 24 хүнийг танд танилцуулж байгаа нь энэ билээ.

Эдгээр хүмүүсийн хэлсэн үг, хийсэн үйлдэл, шийдвэр нь улс төр, нийгэм, эдийн засаг, соёлын хүрээнд хүчтэй нөлөөлдөг гэсэн үг юм. 2024 оны нөлөө бүхийн хүмүүсийн жагсаалтыг Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх тэргүүлж, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ удааллаа.

Caption

У.Хүрэлсүх /Монгол Улсын Ерөнхийлөгч/

Энэ жилийн хувьд улс төрийн нөхцөл байдал өөрчлөгдсөн жил байв. Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн өнгөрсөн хэдэн жилийн улс төрийн үйл явц МАН үнэмлэхгүй ялсан цаг мөчид өрнөсөн. Өөрөөр хэлбэл, сөрөг хүчин ба цөөнхийг ашиглаж улс төр хийх явдал үүнд төдийлөн гарахгүй байсан. Тэгвэл бүрэн эрхийн хугацаа нь үргэлжилж буй Ерөнхийлөгчийн улс төр энэ жил, намраас эхлээд багагүй хөдөлгөөнтэй болж эхэллээ. Үе үеийн Ерөнхийлөгчийн институтууд бүгд ийм улс төрийн тоглолт хийдэг байсан нь үнэн. Харин энэ удаад Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монголын улс төрийн хамгийн том нь гэдгээ бүгдэд дахин нэг сануулж, төсвийн хууль дээр бүхэлд нь хориг тавьж Засгийн газар, УИХ-ыг эвгүй байдалд оруулав. Хоригийн дагуу төсвөө алдагдалгүй баталж, УИХ өөрөө өөрийгөө үгүйсгээд амжлаа. Оны төсгөлд тэрбээр өөрийн биеэр гарч ирж бүх нийтийн загналт хийснээр улс төрийн сүр жавхлангаа сэргээгээд амжлаа.

Л.Оюун-Эрдэнэ /Монгол Улсын Ерөнхий сайд/

Сонгуульд ялалт байгуулсан нь МАН-ын дарга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн эхний онцлохуйц үзүүлэлт мөн. Гэхдээ сонгуулийн дараа Засгийн газрынхаа насыг уртасгахын тулд стандарт бусаар танхимдаа ХҮН нам, АН-ыг татаж оруулсан нь улс төрийн хүрээнд багагүй сонирхол татсан шийдэл байв. Гэхдээ төлөвлөгөө аль хоёр жилийн өмнө л сонгуулийн тогтолцоог өөрчилж байхдаа зурсан байсан зураг гэдгийг учир мэдэх хүмүүс олонтоо хэлдэг. Ардчилал ялж, парламентын засаглалтай болсноос хойш хамгийн урт хугацаанд ажилласан Ерөнхий сайдуудын жагсаалтыг тэргүүлэх хэмжээнд явж буй түүний хувьд магадгүй хамгийн эгзэгтэй шийдлүүдийг одоо л оны өмнө хийх гэж байна. Магадгүй хил холболт, “Чайна Энержи”-гийн гэрээг явуулж чадвал түүний хугацаа улам л урт болно. Том төслүүдийг эхлүүлэхээр ярьж, хэлсэн явдал нь түүний алсын хараа, холын тоглолтын урьдач нөхцөл буй за

Д.Амарбаясгалан /Улсын Их Хурлын дарга/

Ардын намын генсекээр хангалттай олон жил ажилласан түүнийг сонгуулийн дараа ялалт байгуулсан нөхцөлд том албан тушаалд очих байх гэсэн хүлээлт МАН дотор байсан. Хүлээлт ёсоор болж анх удаа УИХ-д сонгогдсон хэдий ч намынхаа, хувийнхаа ранкаар УИХ-ын даргын суудалд суув. Тэр өөрөө 126 гишүүнтэй, холимог тогтолцоогоор байгуулсан УИХ-ыг бий болгохыг хамгийн их хүсэгчдийн нэг байсан. Одоо тэднийгээ удирдан шинэ бүхэнтэй, бас багагүй улс төр дунд оршиж байна. Одоо ч гэсэн түүний хийх, зурах улс төр МАН-ын төдийгүй Монголын улс төрийн өөрчлөхөд бэлэн байна. Түүнд товчхондоо хүч байна.

Х Богд

Монголчууд Х богдоо тодруулаад хоёр жилийн хугацааг үдлээ. Монголчуудын талаас илүү хувь нь бурхны шашин шүтдэг. Энэ бол Х Богдын ямар их нэр нөлөөтэй болохыг харуулж буй үзүүлэлт. Ирээдүйд Монголын бурхны шашны тэргүүнээр өргөмжлөгдөх энэ бяцхан хүү бол онцлохгүй байхын аргагүй, нэр нөлөө нь өдөр өдрөөр нэмэгдэх нөлөө бүхий эрхэм билээ. Түүнээс гадна ихэр ахан дүүсийн төрж, өссөн гэр бүлийн талаар бид бүхэн улиран одож буй 2023 онд хамгийн их сонирхож өнгөрүүллээ. Угтан ирэх он жилүүдэд геополитикийн олон, олон даваа нугачааг бид туулах учраас Х Богдоо илүү ихээр хайрлах буй за.

Х.Нямбаатар /Хотын дарга/

Нийслэлийн намын дарга, хотын дарга Х.Нямбаатар бол хоёр сая дөхөж яваа хүмүүст хамгийн нөлөөтэй хүн. Түүний гаргасан шийдвэр зөв бол хотын иргэд хожно. Хорьсон боосон шийдэл нь буруудвал түүхэнд түүний нэр муугаар л үлдэнэ. Мөн нэмж хэлэхэд улс төрийн тавцанд сая болж өнгөрсөн орон нутгийн сонгуулийн дараа Х.Нямбаатарын хүч үлэмж хэмжээгээр нэмэгдсэн гэдгийг тодотгох нь зүйтэй. Олон жилийн турш урагшаа харсан шийдэлгүй зөөврийн усан оргилуур барьж ирсэн хотын дарга нараас ялгарч үлдэх түүний ганц боломж нь хэрэгжүүлэхээр эхэлсэн төслүүдээ ажил хэрэг болгох явдал юм.

Т.Доржханд /Шадар сайд, ХҮН намын дарга/

Яг энэ цаг мөчид хамтарсан ЗГ үйл ажиллагаагаа явуулж байна. Энэ Засгийн газрын хамгийн чухал хоёр хэсэг бол АН болон ХҮН намууд юм. Ялангуяа ХҮН намын улс төрийн тавцан дахь тоглолт Т.Доржхандыг хоёр дахь парламентад нь шадар сайдын хэмжээнд хүргээд буй юм. Мөн өнгөрсөн 2020-2024 онд ердөө ганцхан суудалтай байсан ХҮН нам энэ удаад УИХ-д найман гишүүнтэй болсон. Жагсаалтаар голдуу эдгээр гишүүд бүрдсэн бөгөөд тойргоос хоёр гишүүн нь сонгогдсон юм. Өөрөөр хэлбэл, өнгөрсөн гурван жилийн хугацаанд ҮХНӨ-ийг хийхийг хамгийн их шахаж шаардсан Т.Доржханд болон ХҮН намынхан энэ удаад үр шимээ хүртэж буй. Харин хамтарсан засагт ажиллахдаа ямархуу үр бүтээлтэй байх вэ гэдгээс цаашдын хувь заяа нь шалтгаална. Ямартаа ч олон жил хөдлөөгүй цахилгааны эрчим хүчний реформын ажлыг авторлож авцгаасан. Мөн хамтарсан Засгийн газрын хамгийн чухал тулах цэгүүдийн нэг нь Т.Доржханд тул нөлөө бүхий эрхмүүдийн нэг мөн билээ.

Лу.Гантөмөр /Тэргүүн шадар сайд бөгөөд ЭЗХ-ийн сайд

Засгийн газрын том төслүүдийг хэрэгжүүлэх гол ачааг үүрсэн Лу.Гантөмөрийн хувь заяа улс төрийн хүрээнд багагүй яригдаж буй. Нам доторх нөхцөл байдал нь түүнийг сүүлийн өдрүүдэд багагүй зовоож буй. Гэхдээ Лу.Гантөмөрийн гаргах шийдвэр, илэрхийлж чадах зориг чадлын хэмжээнээс шалтгаалж ирэх жилүүдийн Монголын улс төрийн дүр зураг өөрчлөгдөнө. Өөрөөр хэлбэл, түүний гарт 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намыг ялуулах уу, ялагдуулах уу гэдэг сонголт бий. Харин суудалдаа үлдэх, эсвэл байр сууриа тавьж өгөхийн аль нь болохыг зөвхөн тэр шийдэх учиртай. Ямартаа ч үлгэн салган бүлэг байгуулах хэмжээнд сүүлийн хоёр парламентыг туулсан АН-ыг 42 суудалтай болгосон. Мөн энэ хамтарсан Засгийн газрын үлдэх эсэх ч шууд түүнтэй холбоотой. Тиймээс тэр нөлөө бүхий байхаас гадна Ардчилсан намдаа ч, Ардын намд ч ач холбогдолтой "хөзөр" байх болно. Харин сайн нэрээр үлдэх үү, муугаар дурсагдаж үлдэх үү гэдгээ зөвхөн өөрөө сонгоно.

З.Дашдаваа /АТГ-ын дарга/

Авлигатай тэмцэх газрын нөлөө жилээс жилд өсөн нэмэгдэж байна. Хэрэг шийдвэрлэлт, мөрдөн шалгасан ажлуудын статистик нь ч өмнөхөөсөө өсөж, улстөрчдийг "эргүүлдэж" байна. Энэ хэрээр АТГ гэдэг бол асуудалтай улстөрчдийн хувьд сонсохоос ч эмээдэг нэрсийг жагсаалтын дээгүүрт бичигдэх болов уу. Товчхондоо АТГ-ын даргын нөлөө манайх шиг хулгай дээрэм нүүрлэсэн улсын буруу гарынханд хамгийн сонсохыг хүсэхгүй нэрсийн нэг биз. Мөн тэрбээр ирэх жил хугацаа нь дуусах учир дараагийн томилгоо, дараагийн нүүдэл нь улс төрийн хүрээнд хамгийн сонин байгаа юм.

"Херо" Б.Баатар /найруулагч/

"Тамгагүй төр" жүжиг дэлхийд гарах аяллаа улам бүр өргөжүүлж, дэлхийн хэмжээний жүжигчдээр хүчээ зузаатгасан хэвээрээ л байна. Тэгвэл энэ төслийг найруулж, удирдаж яваа хүн бол Ерөнхий сайдын ах, "Херо" энтертайнментын найруулаг Б.Баатар юм. Улс төрийг урлагийн тайз шиг найруулдаг гэх түүний "найруулга" өнөөдөр Монголын улс төрд хамгийн хүчтэй гэдэгтэй маргах хүн үгүй биз ээ. Үүнийгээ ч нотлох мэтээр өнгөрсөн УИХ-ын сонгуулийг төлөвлөгөөт зохиолын дагуу явуулж МАН-ыг, биднийг хөтөлсөн юм.

П.Батсайхан /"Шунхлай" группийн ТУЗ-ийн дарга/

Жил бүр зарладаг ТОП-100 аж ахуйн нэгжид П.Батсайханы удирддаг "Шунхлай" группийн хэд хэдэн компани багтсан нь энэ группийн хүчин чадлыг шууд илтгэнэ. Өнгөрсөн жил бүх ажилчдадаа хувьцаагаа эзэмшүүлж байсан тус группийн үнэлгээ улам бүр өсөн нэмэгдэж байна. “Шунхлай” групп, АПУ гэх түүний удирддаг аж ахуйн нэгжүүд өнөөдөр татвар төлөлтөөрөө ч, хөрөнгийн зах зээлийн үнэлгээгээрээ Монголдоо тэргүүлж байна.

Б.Жавхлан /Сангийн сайд/

Төвийн бүсийн сонгуульд багаа ахалж орсон Б.Жавхлан сайд шинээр байгуулагдсан Л.Оюун-Эрдэнийн хамтарсан Засгийн газарт Сангийн сайдаар улиран томилогдсон. Сангийн сайдаар улирч томилогдож байгаа нь түүний улс төрийн бяр хэр хэмжээнд байгааг харуулж буй юм. Сая төсвийн үеэр багагүй зэмлүүлж, асуудалд орсон. Гэхдээ түүний суудал ганхсангүй. Магадгүй түүнээс өөр туниа муутай улстөрч байсан бол үлдэх үү, үгүй юу гэдэг дээрээ тулах эзэгтэй мөч. Ер нь ч тэгээд гишүүд, сайд дарга нараас эхлээд аймаг орон нутгийнхан хүртэл бүгд Б.Жавхлан сайдын мөнгөн "авдар"-ыг харж, түүнд тал засан байж тав гурван төгрөг хуваарилуулж авч байна. Мөнгө, улс төр хоёр бол нэг зоосны хоёр тал гэдэг билээ. Хэнд мөнгөний хүч байна түүнд хүч чадал оршвой.

Ж.Оджаргал /"MCS" группийн захирлуудын зөвлөлийн дарга/

Монголын хамгийн том ажил олгогчдын нэг. Түүний үүсгэн байгуулсан MCS гэх их айл ажлын байр олголтоороо ч, татвар төлөлтөөрөө ч тэргүүн фронтод алхаж байна. Ж.Оджаргал бол Монголын бизнес, улс төрд хамгийн нэр нөлөөтэй хүмүүсийн нэг. Өнгөрсөн сонгуулиар түүний толгойлж буй групп компанийн эд эс бүр хамгийн олон гишүүдэд хандив тусламж үзүүлснээрээ тодорч олон нийтийг шуугиулаад амжсан билээ.

Н.Номтойбаяр /УИХ-ын гишүүн "Үндэсний эвсэл"-ийн тэргүүн/

Улс төрд Н.Номтойбаяр дахин шинэ өнгө төрхөөр гарч ирсэн жил байв. Түүнийг "Үндэсний эвсэл"-ийг тэргүүлж сонгуульд орох мөчид хүн бүр л хүчтэй өрсөлдөөн үзүүлнэ гэж таамаглаж байсан. Таамаг ёсоор дөрвөн суудал авч, Н.Номтойбаяр дахин парламент хөл тавив. Өнгөрсөн хугацаанд ял авч, шоронд хүртэл хоригдсон тэрбээр дахин ингэж орж ирсэн нь олон хүний хүлээлтийг үүсгээд байна. Ямартаа ч эрх баригчдын нэг байсан Н.Номтойбаяр энэ өдрүүдэд цөөнхийн төлөөллийг тэргүүний үүргийг гүйцэтгэж байна.

Н.Учрал /ЗГХЭГ-ын дарга/

Улс төрд залуугаасаа хүчтэй карьер хийсэн цөөхөн хэдэн улстөрчид өнгөрсөн 32 жилийн түүхэнд бий. Н.Учрал бол хамгийн залуу гишүүнээс эхлээд сайдаар улиран ажиллаж шинэ үеийн Ардын намын улстөрчдийн нэг. ЗГХЭГ-ын даргаар томилогдсон түүнийг өмнө өнгөрсөн хугацаанд бий болгосон замналаа хэрхэн үргэлжлүүлэх вэ гэдэг хүлээлт байна. Энэ удаагийн сонгуулиар тэрбээр Сонгинохайрхан дүүргээ сольж Ардын нам уналтад орсон Сүхбаатар дүүргийг тэргүүлж оролцсон нь ихээхэн сонирхолтой шийдэл байлаа. "Орона"-гаас эхлээд том төслүүдийг барьж авсан Н.Учралд хиймэл дагуулын төсөл шиг халтирах эрх байхгүй билээ.

Д.Жавзандорж /Гандантэгчилин хийдийн тэргүүн хамба/

Монголчуудын бараг тэн хагас нь буддын шашинтай. Тиймээс Гандантэгчэнлин хийдийн шинэ хамбыг 2024 оны хамгийн нөлөө бүхий эрхмүүдийн нэгээр тодруулж байна. “Монгол багш” гэж алдаршсан Лхаарамба Д.Жавзандоржийг Монгол дахь буддын шашинд зохих өөрчлөлтийг авч ирнэ гэж сүсэгтэн олон хүлээж буй юм. Тэргүүний суудалд заларсан даруйдаа тэрбээр бурхан шашны номыг төрөлх Монгол хэлээрээ уншдаг болох асуудлыг хөндсөн юм. Мөн Х Богдын ирээдүйд хамгийн их тус нэмэр үзүүлж, ихээхэн үүрэг гүйцэтгэх хүн хэмээн буддын шашинтай бүх монголчууд итгэл тээж сууна.

Б.Жаргалсайхан /Ерөнхий прокурор/

Хуулийн байгууллагуудын хэргийг унагах, босгох эрх зөвхөн түүний гарт л бий. Тиймээс олон таван үггүй энэ улсын хамгийн нөлөө бүхий эрхмүүдийн нэг бол гарцаагүй Улсын Ерөнхий прокурор. Хашиж буй албан тушаал нь ч олон нийтийн өмнө ил гараад байхыг шаарддаггүй. Гэхдээ түүн шиг алсуураа маш их нөлөөтэй хүн тун ховор билээ.

Д.Энхтүвшин /УИХ-ын гишүүн/

МҮХАҮТ-ын ерөнхийлөгчөөр сонгогдоод жил ч болоогүй шахам байхдаа Ардын намын жагсаалтад багтаж УИХ-ын гишүүн болсон тэрбээр сая төсвийн хэлэлцүүлгийн үеэр гол дүр болон тодров. Түүний өдүүлсэн "хэрэг"-ээс болоод улс төсөв танагдаж, Ерөнхийлөгчийн хоригт хүртэл оров. Цаашлаад Засгийн газар, УИХ хоёр гацаанд орох дөхсөн өдрүүдийг үдсэн. Гэхдээ төсвийн энэ их тэлэлт, шаардлагагүй хөрөнгө оруулалтын талаар зөв цагтаа, зөв хүн дуугарлаа гэж олон хүн олзуурхан хүлээн авав. Харин төсвөө хасуулсан, төсөв нь дутсан маш олон дарга нар түүнд дотроо дургүйцэж буй нь лавтай.

П.Золжаргал /“Баавгай болохсон” УСК-ны найруулагч/

Энэ жилийн турш монголчууд бүгдээрээ л "Баавгай болохсон" гэх энгийн хэрнээ гүн гүнзгий утга агуулгатай УСК-г үзэж, санал сэтгэгдлээ хуваалцаж сууцгаалаа. Монголын кино урлагт ойрын жилүүдэд гараагүй дэвшилтэд бүтээл хэмээн урлаг судлаачид дүгнэж байна. Түүнийг ч илтгэх мэт тус кино нь "Оскар", "Канн"-ын кино наадмуудыг зорих хэмжээний бүтээл хэмээн дэлхий дүгнэв. Хэдийгээр "Оскар"-ын шагналын шилдэг гадаад кино төрөлд сүүлийн жагсаалтад үлдээгүй ч Монголын төлөөлөн эхний шатанд нэр дэвшинэ гэдэг бол манай кино урлагт багагүй том амжилт билээ. Байраа зараад зохиолоо бичээд, киногоо найруулаад олон нийтийн хүртээл болгосон П.Золжаргал найруулагч энэ жилийн кино урлагийн хамгийн том нөлөөлөгч нь гарцаагүй мөн байлаа.

Х.Баттулга /УИХ-ын гишүүн/

Энэ жил цаасан дээр бичигдэж үлдээгүй нэгэн дүрэм улс төрд эвдэгдсэн. Тэр нь Ерөнхийлөгч байсан улс төрд эргэн ирэх, тэр тусмаа Үндэсний аюулгүй байдалтай холбоотой мэдээлэлтэй танилцаж байсан хүн УИХ-ын гишүүнээр буцан орж ирсэн анхны тохиолдол байв. Х.Баттулга гишүүн сонгууль болохоос хэдхэн сарын өмнө "нэр дэвшихгүй" гэж байсан ч сонгуулийн нэр дэвшилтийн үеэр хойд бүсэд АН-аас нэр дэвшиж бүсээ хол тасархай тэргүүлж сонгогдов. Ингээд түүний улс төрийн дахин шинэ үе эхэлж байна гэхэд буруудахгүй. Харин аль хүртэл явах, хаана очиж зогсох вэ гэдэг хүлээлт л улс төрийн хүрээнд байна даа. Магадгүй тэрбээр намын даргаа аваад дараагийн том улс төрийн аянд гарах талаар бодож байж ч болох юм.

Ц.БААТАРСАЙХАН / "Таванбогд" группийн ерөнхийлөгч/

“Таван богд” групп өдрөөс өдөрт өргөжин тэлж байна. ТОП аж ахуйн нэгж гэдэг нэр сүрээ тэд ирэх жилүүдэд ТОПУУДЫН эхэнд бичүүлэх том амбиц тээж яваа нь гарцаагүй. Ц.Баатарсайханы нэр нөлөөг энд ярих шаардлагагүй биз ээ. Түүний хувьд энэ жил МҮХАҮТ-ын Ерөнхийлөгчид нэрээ дэвшүүлж, ганц алхмын наанаас буцсан.

Н.Батсуурь /Дархан аварга/

Энэ оны спортын салбарын нөлөө бүхий эрхмүүдийн нэгээр дархан аварга Намсрайжавын Батсуурь зайлшгүй нэрлэгдэнэ. Сүүлийн арван жилд дархан аварга цолтон мэндлээгүй байсныг Н.Батсуурь аварга тасалж хүсэн хүлээсэн цолоо энэ жилийн наадмаар хүртсэн билээ. Түүний барилдаан, түрүүтэй холбоотой бөх сонирхогчдын олон янзын байр суурь байсан ч түүхэнд тэрбээр арав дахь дархан аварга хэмээн нэрээ мөнхөлж үлдээв.

Т.Сүхболд /Цагдаагийн Ерөнхий газрын дарга/

Хуулийн байгууллагуудын удирдлагуудаас олон зүйл хамаардаг. Ялангуяа цагдаагийн байгууллагыг удирдана гэдэг бол олон нийтийн амар тайван байдлаас эхлээд олон зүйлийг хариуцдаг хариуцлагатай алба. Өнгөрсөн жил энэ албанд томилогдсон Т.Сүхболд даргыг манай сайт энэ оны нөлөө бүхий эрхмүүдийн нэгээр нэрлэж байна. Шинэ цагдаагийн дарга энэ жил шинэ цолоо авч бригадын генерал болов.

Б.Баасанхүү /Дэлхийн аварга, олимпын мөнгөн медальт жүдоч/

Монголын спортын салбарт Бавуудоржийн Баасанхүү шиг амжилт гаргасан хүн энэ жил байсангүй. Тэрбээр, оны эхэнд улсын аварга болж гаргаа эхлүүлсэн. Улмаар азийн аварга, "Душанбе"-гийн гранд сламын аварга болсон. Ингээд өнгөрсөн тавдугаар сард ДАШТ-нээс алтан медаль хүртэж эх орныхоо алтан соёмбот далбайг өргөж, төрийн дууллаа эгшиглүүлсэн билээ. Үүнээс ердөө хоёрхон сарын дараа болсон хүн төрөлхтний цэнгэлийн манлай болсон олимпын наадамд оролцож эмэгтэйчүүдийн -48 кг-ийн жинд финалдаж, олимпын мөнгөн медаль хүртсэн юм.

ROKITBAY

"Пуужин Баяраа" энэ жилийн урлагийн салбартаа дахин нэг удаа тэсрэлт хийгээд амжив. Түүний реппер "FLA"-тай хийсэн дисс олны анхаарлыг зүй ёсоор татаж нэг хэсэгтээ л залуусын зүрхийг хөөргөөд амжсан. Бүр улсын Ерөнхийлөгч байсан хүн нь хүртэл одоогийн Ерөнхий сайдад зориулж түүний дууны үгийг ашиглаж "дисс" хийгээд амжсан. Мөн тэрбээр төв цэнгэлдэх хүрээлэнд ЧАНАР гэгчийг мэдрүүлсэн галзуу нэгэн тоглолтоо хийж үзэгч фэнүүдээ баярлуулсан билээ. Төв цэнгэлдэх хүрээлэн дүүрч, үзэгчдийн нүргээн багтаж ядан байсныг онцлох нь зүйтэй.

БЭЛТГЭСЭН: UBN.MN сайтын редакци

Л.Мөнхбаясгалан: Гадаадаас ажиллах хүчнийг тооны хязгааргүй авна гэдэг бол газар нутгаа 100 жилээр харийнханд өгөх гэсэн “урвалт”-ын дэд бүлэг болохуйц улс төрийн санаатай өдөөн хатгалга
Л.Мөнхбаясгалан: Гадаадаас ажиллах хүчнийг тооны хязгааргүй авна гэдэг бол газар нутгаа 100 жилээр харийнханд өгөх гэсэн “урвалт”-ын дэд бүлэг болохуйц улс төрийн санаатай өдөөн хатгалга
 
Гадаад улсын иргэдэд орон нутгаас амьтан барих эрхийг олгож, давуу байдал олгосон Засаг даргын хэргийг шүүхэд шилжүүлжээ
Гадаад улсын иргэдэд орон нутгаас амьтан барих эрхийг олгож, давуу байдал олгосон Засаг даргын хэргийг шүүхэд шилжүүлжээ
Сэтгэгдэл (11)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!