Соёл урлагийн салбарын хар ТОЛБУУД

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
6 минут 51 секунд

1990 онд Монгол Улс “Хүмүүнлэг, иргэний, ардчилсан нийгэм байгуулахаа" Үндсэн хуульдаа тунхагласан. Гэвч бид 34 жилийн дараа өөрсдийнхөө хүнийг хайрлах нинжин сэтгэл, ёс суртахуун руугаа эргэж өнгийх цаг болжээ. Ялангуяа соёл, урлагийнхан. Гаднаас нь харахад дэгжин сайхан мөртлөө дотор руу нь өнгийгөөд үзвэл авах юмгүй, ёс суртахууны хир даагиндаа баригдсан хүмүүсээр дүүрчихжээ.

2024 онд соёл, урлагийн салбарт шүгэл үлээгчид дуугарч эхэлсэн. Тодруулбал, өнгөрсөн дөрөвдүгээр сард жүжигчин А.Хандмаа “Эмоци” продакшны залуу жүжигчдийн дээрэлхэлт, дэглэлтийн талаар, дуучин И.Мишээл 7-8 жил хамтран ажилласан Хөгжмийн зохиолч, төгөлдөр хуурч Б.Чинбат түүнд сэтгэл санааны хүчирхийлэл үйлдэж, цаашлаад гар хүрсэн талаар шүгэл үлээсэн.

А.Хандмаад хүчирхийлэл үйлдсэн гэх жүжигчин Б.Номин “СУИС-ийг хагас цэрэгжилтийн байдалтай байдаг” гэсэн бол Б.Мишээл “Урлагийн сургуулийн дэгийг үе, үеийн төгсөгч нар ярьдаг. СУИС-ийн бүх оюутан тэр дэгийг үзэх үедээ үздэг” гэж өөрсдийгөө өмөөрсөн байдаг. Эцэг эхчүүд цэргийн албанд үр хүүхдээ бахархалтайгаар бус айдас түгшүүртэйгээр үддэг болсон. Харин СУИС дараагийн Батлан хамгаалах салбар болоход ойрхон болжээ.

Гурван хүүхэд зодсон жүжигчин Б.Амарсайхан 300 мянган төгрөгөөг торгуулав

Жүжигчин Б.Амарсайхан Halloween-ы баяраар “хаалга нүдлээ” гэх шалтгаанаар бухимдаж, бага насны хүүхдүүдэд гар хүрсэн хэргээр шалгагдаж байсан. Тодруулбал, “Хаалга нүдлээ” гэж уурлан 13-15 насны гурван хүүхэд зодсон гэх нөхцөл байдал тогтоогдсон талаар цагдаагийн байгууллагаас мэдээлж байв.

Тэгвэл уг хэрэг хэрхэн шийдэгдсэн талаар ЦЕГ-ын ХМТ-өөс тодруулахад "Жүжигчин Б.Амарсайханыг Зөрчлийн хуулийн дагуу 300 нэгжээр торгож шийдвэрлэсэн" гэлээ. Өөрөөр хэлбэл, бага насны хүүхдэд гар хүрсэн тэрбээр 300 мянган төгрөгөөр торгуулиад өнгөрчээ.

С.Одбаяр: Дан ганц миний буруу биш байсан ч өөрийгөө өмөөрч хэлэх үг алга

"Этик" продакшны жүжигчин С.Одбаяр бусдыг зодож буй бичлэг энэ сарын 16-нд цахим орчинд нийтлэгдсэн. "Этик" продакшн "Юуны өмнө продакшныхаа жүжигчний өмнөөс ёс зүйгүй үйлдэл гаргасанд уучлалт хүсэж байна. Тэр үйлдэл ажлын бус цагаар хувь хүний өөрийн асуудал бөгөөд бид продакшнаараа ярилцаад тухайн жүжигчинд хариуцлага тооцохоор болсон" гэдгийг мэдэгдсэн байдаг. Харин С.Одбаяр "Би ямар муухай харагдсан гэдгээ та бүхнээр хэлүүлэхээргүй сайн мэдэж байгаа. Бас гэмшиж байна. Дан ганц миний буруу биш байсан ч өөрийгөө өмөөрч хэлэх үг алга" гэжээ.

Б.Гантулга өөрийн хүсэлтээр ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгөв

Реппер Б.Гантулга буюу sekstsagaanbogd нь өнгөрсөн наймдугаар сард Ерөнхий сайдын зөвлөх Л.Оюун-Эрдэнийн залуучуудын асуудал хариуцсан зөвлөхөөр томилогдсон. Улмаар түүний найз бүсгүйдээ хүч хэрэглэж буй бичлэг есдүгээр сарын 5-нд цацагдсан. Тэрбээр лайв хийж болсон явдлын талаар хэлэхдээ "Н.Урин гэрийн түлхүүргүй, согтуу байж гэртээ харина гэж дайрсан. Н.Урин шиг жаахан эмэгтэй ганцаараа явж байгаад бусдад хүчиндүүлчих вий, ямар нэгэн юм болох вий гэж 1-2 цаг хэрэлдээд аргагүй эрхэнд алгадсан" гэх утгагүй зүйл амнаасаа унагасан нь ёстой л дарин дээр нь давс нэмэв гэгч нь болов. Тэрбээр арванхоёрдугаар сард өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн байдаг.

Rookie-г 30 хоногийн хугацаатай баривчлав

У.Мөнхбагана буюу рэппер Rookie согтуу жолоо барьж буй бичлэг таван өдрийн өмнө олон нийтийн сүлжээнд цацагдсан. Тэрбээр яриандаа "Согтуу машин барьж яваа өөрийг нь барьсан замын цагдаад бүх хөрөнгөө өгье" гэжээ. Тэгвэл уг хэргийг Хан-Уул дүүргийн цагдаагийн газраас шалгаж, түүнийг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчилд буруутган 30 хоногийн хугацаагаар баривчилж, жолоодох эрхийг нь нэг жилийн хугацаагаар хасжээ.

Rookie-ийн эхнэр жүжигчин Г.Золзаяа түүнийг буруу зүйл хийсэн бол хариуцлагаа хүлээх ёстой гэдгийг мэдэгдсэн.

Ташрамд дурдахад, өнгөрсөн арваннэгдүгээр сард түүний "CU" сүлжээний дэлгүүрт танхайрч, ажилтных нь биед халдсан бичлэг тархаж байв. Энэ талаар цагдаагийн байгууллагаас "Дуучин Roockie-гийн үйлчилгээний ажилтныг зодож буй бичлэг өнгөрсөн зургаадугаар сарынх бөгөөд хуулийн дагуу шийдсэн" гэх мэдээллийг өгсан байдаг. Түүнийг Зөрчлийн хуулийн дагуу 100 мянган төгрөгөөр торгосон юм.

Бойкотлох соёлд Монголчууд суралцах цаг болжээ

МУИС-ийн философи шашин судлалын тэнхимийн доктор, профессор Р.Дарьхүү “Манай нийгэмд ёс суртахууны доройтол газар авч байна. Үүнийг засч залруулахгүй бол Монгол хүн, нийгэм хөгжихгүй. Яагаад нийгэм харгис, зэрлэг болоод байна вэ гэхээр ёс суртахууны боловсролын тогтолцоо алдагдсантай холбоотой. Нийгэмд ёс суртахууны үлгэр дуурайл үзүүлэх ёстой хүмүүс бол багш, төрийн алба хаагч, улстөрчид, соёл,урлагийнхан. Хүн зөв явснаар нийгэм зөв явна” гэдгийг онцлов.

Урлаг соёл нь хүнийг соён гэгээрүүлэх, авьяас, ур чадварыг нээн илрүүлэх, хөгжүүлэх, эх оронч сэтгэлгээг төлөвшүүлэх зорилготой. Харин урлаг, соёлын ажилтнууд мэргэжлийн ёс зүйн хэм хэмжээг сахин биелүүлэх ёстой. Гэвч уг салбарт тогтолцооны өөрчлөлт хийхгүй бол амаараа шороо үмхэхэд тун ойрхон болжээ.

Тиймээс ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн олны танил хүмүүсийг реклам зар сурталчилгаанд тоглуулахгүй байх зэрэг бойкотлох соёлд Монголчууд суралцах цаг болжээ. Урлаг соёл ч гэлтгүй бүх салбарт ингэж чадсан цагт асуудлууд тос, усаараа ялгарна. Шинэ соёл тогтоно.

ХЗБХ: Цагдаагийн албаны тухай хуульд зохих нэмэлт, өөрчлөлт оруулах эсэх асуудлыг хэлэлцэнэ
ХЗБХ: Цагдаагийн албаны тухай хуульд зохих нэмэлт, өөрчлөлт оруулах эсэх асуудлыг хэлэлцэнэ
 
Г.Дамдинням: Бид Дарханы зам дээр шар махтайгаа хатсан. “ТЭЦ-3” дээр дахиад хатах вий дээ
Г.Дамдинням: Бид Дарханы зам дээр шар махтайгаа хатсан. “ТЭЦ-3” дээр дахиад хатах вий дээ
Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!