Г.ЁНДОН: Ногдол ашиг тараахад хууль зөрчөөгүй. “Эрдэнэт” үйлдвэр хувийн компани биш, 100 хувь төрийн өмчит үйлдвэрийн газар

Ангилал
Эдийн засаг Ярилцлага
Огноо
Унших
9 минут 47 секунд

Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийн захирал Г.Ёндонгоос цаг үеийн асуудлаар тодрууллаа.

-------------------------------------

- “Эрдэнэт” үйлдвэрийнхэн саяхан шинэ жилийн баяраа тэмдэглэсэн. Таныг 100 сая төгрөгөөр шагнуулсан гэх мэдээлэл цацагдаад байна. Анхаарал татаж байгаа нь иргэд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ногдол ашиг 350 мянган төгрөг авч байхад “Эрдэнэс Монгол” нэгдлийнхэн 100 сая төгрөгөөр нэгийгээ шагналаа гэх шүүмжлэл дагуулж байна.

- Би жилийн дараа 2024 оны үйл ажиллагаагаа тайлагнаж байна. Энэ онд олон ололт амжилттай байсан учраас та бүгдийн өмнө ярьж суугаадаа таатай байна. Яагаад гэвэл 7000 уурхайчин жилийн хугацаанд зогсох эрхгүй ажилладаг. Цар тахлын үед ч “Эрдэнэт” үйлдвэрийн уурхайчид амралгүй ажилласан шүү дээ. 1.1 их наяд төгрөгийг иргэн, аж ахуйн нэгжүүдийг санхүүжүүлж, цахилгаан, дулаан, хогны мөнгийг төлж байсан шүү дээ.

Нэгт, 100 сая төгрөгийн тухайд яривал, намайг 100 сая төгрөгөөр шагнасныг өнөөдөр л мэдлээ. Уг нь энэ мөнгө бол манай хамт олныг шагнасан юм. “Эрдэнэт” үйлдвэрийн 7000 уурхайчныг шагнасан юм. Намайг шагнасан гэдгийг мэдээгүй юм байна.

Өнгөрсөн жил бас яг ийм шагналаар шагнуулсан. “Эрдэнэт” үйлдвэр өнгөрсөн жил Алтан эрдэнийн өргөмжлөл цомоор 100 сая төгрөгөөр шагнуулсан. Энэ бол “Эрдэнэс Монгол” нэгдэл дотор байгаа маш олон үзүүлэлтээр, дан ганц орлого биш. Орлого гэвэл “Эрдэнэс Тавантолгой” компанид хүрэхгүй шүү дээ. Тэгэхээр маш олон үзүүлэлтээр байгаль орчин, нийгэм, засаглал, ЗГ-аас өгч буй үүрэг даалгаврын биелэлт, эрсдлийн удирдлага зэрэг бүх зүйлээр дүгнэдэг юм. Би хувьдаа дүгнэлтүүдийг нь нарийвчлан мэдэхгүй. Дээр хэлсэнчлэн “Эрдэнэт” үйлдвэр 100 сая төгрөгөөр шагнуулж, энэ мөнгийг захирлын зөвлөлөөр ярилцаж 50 орчим сая төгрөгийг “Энэрэл” төвд хөрөнгө оруулсан. 60 гаруй хүүхэд байдаг /бүтэн өнчин/ асрах төвийг “Эрдэнэт” үйлдвэр олон жил өөрийнхөө зардлаар санхүүжүүлж явдаг. Тиймээс өнгөрсөн жил асрах төвийн өсвөр үеийн охидын буланг зайлшгүй тохижуулах шаардлага гарсан болохоор санхүүжилтыг нь шийдвэрлэсэн. Үлдсэн 50 сая төгрөгийг “Эрдэнэт” үйлдвэрийн ажилчдын гурван төрийн бус байгууллага /Эмэгтэйчүүдийн холбоо, Залуучуудын холбоо, Ахмадын холбоо /-д хувааж өгсөн. Миний тушаал ч бий. Энэ жил “Эрдэнэт” үйлдвэр Очир Эрдэнийн цом шагнал авсан.

“Эрдэнэс Монгол” нэгдлийн компаниуд дотор уул уурхайн компаниуд олон шалгуур үзүүлэлтээр өрсөлддөг. Ингээд шилдгийн шилдэг энэхүү шагналаар өнгөрсөн жилийнхтэй адил 100 сая төгрөгөөр шагнуулсан. Энэ бол Ёндон гэх хүнийг биш 7000 уурхайчныг шагнаж буй асуудал.

Төлөөлөөд ажил олгогч гэх утгаараа Ёндон гэх хүн тухайн үед арга хэмжээнд оролцож манайхаас төлөөлөл болох 6 хүн энэхүү шагналыг авсан юм. “Эрдэнэт” үйлдвэрийн шилдэг ажилчдыг шалгаруулах арга хэмжээ 21-ны өдөр болсон.

20-ны өдөр “Эрдэнэс Монгол” нэгдэл дээр энэхүү шагналаа авч, 21-нд арга хэмжээ болсон. Гэхдээ бид ямар мөнгөөр шагнуулахаа мэдээгүй байсан.

“Эрдэнэт” үйлдвэр өмнө нь МХААҮТ-аас ТОП-100 аж ахуйн нэгжээр шалгардаг байсан бол одоо хувийн хэвшилтэй өрсөлдөх шаардлагагүй гэж оролцохоо больсон шүү дээ.

ГЕРМАНД СУУХ ЭЛЧИН САЙДАД БИ ТОХИРОХГҮЙ

- Мөн таныг Герман руу Элчин сайд руу явна гэж яригдаад байгаа шүү дээ. Энэ мэдээлэл үнэн үү?

- Элчин сайдын тухайд зунаас хойш ийм яриа явж байгаа. Намайг “Эрдэнэс Монгол” руу ч явуулж Элчин сайдаар ч томилоод байх шиг байна. “Эрдэнэт” үйлдвэрийн захирлын томилгоог ЗГ буюу гүйцэтгэх засаглал шийднэ. Болжээ гэвэл ажлаа өгөх нь тодорхой.

Элчин сайдын тухайд намайг томилоогүй. Энэ бол тусдаа институт. Уул уурхайн салбарыг би мэднэ. Харин гадаад харилцаа, дипломат түвшинд над шиг уурхайчин хүн үг хэлнээсээ авхуулаад болохгүй шүү дээ. Ийм зүйл байж болохгүй.

Ялангуяа Герман улс бол Монгол Улсын том хөрш. Тус улсад суух Элчин сайдыг Герман хэлтэй, дипломат боловсролтой хүн байх ёстой гэж би үздэг. Энэ бол зүгээр л захиалгат л зүйл. Бүгд л захиалгатай, үүнийг нь мэддэг. Тиймээс хойноос нь хөөцөлдөх зав бидэнд байхгүй.

- Сая ногдол ашиг тараахад компанийн тухай хууль зөрчсөн асуудал нэлээн яригдлаа. Төр хувийн компани руу гараа дүрж ногдол ашиг хэлбэрээр мөнгө тараах нь зөв үү гэх асуудал хөндөгдөж байна. Таны хувьд хэрхэн харж байна. Нөгөөтэйгүүр ОХУ-аас худалдан авсан “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийн 400 сая ам.долларыг “сахал” Д.Эрдэнэбилэг рүү буцааж өгөх хэлэлцээр Засгийн газар дээр яригдаж байгаа гэж сонсогдлоо?

- Ногдол ашиг хууль зөрчсөн зүйл байхгүй. “Эрдэнэт” үйлдвэр бол хувийн компани биш шүү дээ. 100 хувь төрийн өмчит үйлдвэрийн газар. Төр бол хувьцаа эзэмшигч нь.

Засгийн газрын хэрэг эрхлэх газар “Эрдэнэс Монгол” нэгдэл компаниар дамжуулан хувьцаа эзэмшиж буй асуудал бол нэгэнт төрийн өмч учраас иргэддээ зориулсан бодлого баримталдаг. Тиймээс 273 тэрбум төгрөгийн ногдол ашгийг Хуримтлалын сан руу болон бусад эрүүл мэнд, боловсролд зарцуулж байгаа.

Үүн дээр би хувьдаа ямар нэгэн хууль зөрчсөн асуудал байхгүй гэж үзэж байгаа. Та бол 49 хувь байгаа гэх талаас нь харж байх шиг байна. Өнөөдөр “Эрдэнэт” үйлдвэр бол 100 хувь Төрийн өмчит үйлдвэрийн газар. Тэр 400 сая ам.долларын тухайд би Засгийн газрын хуралд суудаггүй, гүйцэтгэгч учраас миний эрх мэдэл Төлөөлөн удирдах зөвлөл, Төрийн болон орон нутгийн компанийн тухай хуулиар хязгаарлагддаг.

Баталж өгсөн төсвийн хүрээнд л байдаг. Засгийн хуралд би суугаагүй, дээр нь энэ чиглэлийн яриа хэлцэл болно гэж бодохгүй байна.

Яагаад гэвэл, 49 хувийн асуудал бол нэгэнт шийдэгдсэн гэж үздэг. Харин ч 49 хувийн асуудал шийдэгдсний дараа “энэ компанийг нээлттэй болгоорой” гэх үүрэг даалгаврыг тухайн үеийн Ерөнхий сайд надад үүрэг өгч байсан.

Энэ чиглэлээр давхар олон улсын аудит хийж, ISO-уудыг нэвтрүүлсэн асуудал, тогтвортой хөгжлийн олон улсын стандарт хэрэгжүүлэх шалгуур үзүүлэлтүүдээ баталж байгаа зэрэг нь нээлттэй болгох чиглэл рүү бид алхам хийж байгаа.

ЗЭСИЙН АРИЛЖААГ ЦААШИД ҮРГЭЛЖЛҮҮЛНЭ

- Та яриандаа Хөрөнгийн биржийн арилжаатай холбоотой чухал асуудлыг ярилаа. Биржийн тухай хуулиар манай улс түүхий эдээ арилжаалдаг болсон. Харин зэсийн арилжаа тааруу байна. Цаашид биржээр хүчлээд явуулаад байх юм уу. Энэ тухайд та ямар байр суурьтай байна вэ?

- Бид зэсийг анх туршилтаар арилжсан. Зайлшгүй биржээр арилжиж цаашид үргэлжлүүлнэ. “Эрдэнэт” үйлдвэр өдөр тутамдаа мөнгөн урсгал гарч байдаг. Нэлээн хэмжээний зардал гарч байдаг. Тэгэхээр цаашид мөнгөн урсгал саатах, эдийн засгийн нөхцөл байдал буурах нөхцөл байдал харагдаж байна. Иймээс ямар ч тохиолдолд биржийн арилжааг зогсоохгүй. Зэс хайлуулах үйлдвэр баригдах хүртэл шүү дээ. Үйлдвэр баригдсаны дараа тодорхой хэмжээний катодын зэсийг биржээр арилжаалах нь тодорхой. Бид 124 мянган катодын зэсийг бүгдийг нь өндөр технологийн үнэлэмж өндөртэй бүтээгдэхүүн боловсруулж чадах нь уу, үгүй юу. Тэгэхээр тодорхой хэмжээний катодын зэсийг биржээр арилжаалах шаардлага үүсэх байх. Биржээс холдохгүй, ухрахгүй. Энэ бол компанийн засаглал талаас маш хэрэгтэй. Харин тодорхой хэмжээний баяжмалыг биржээр явуулах байдлаар хослуулбал мөнгөн урсгал талдаа илүү зөв байх болов уу. Гэхдээ энэ бүгдийг Засаг л шийднэ.

Л.Мөнхбаясгалан: Сайд Л.Энх-Амгалангийн төсөл гадаад ажилтны тоо, хувь хэмжээг хязгаарлалтгүй тогтоохоор заажээ. Ар хударгаар  батлуулахаар зэхэж байна
Л.Мөнхбаясгалан: Сайд Л.Энх-Амгалангийн төсөл гадаад ажилтны тоо, хувь хэмжээг хязгаарлалтгүй тогтоохоор заажээ. Ар хударгаар батлуулахаар зэхэж байна
 
Маргааш: Улаанбаатарт -14 хэм хүйтэн
Маргааш: Улаанбаатарт -14 хэм хүйтэн
Сэтгэгдэл (5)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!