Эдийн засагч Н.Энхбаяртай Ковид-19 цар тахлын дараах дэлхийн эдийн засгийн нөхцөл байдал, өөрчлөлтийн талаар ярилцлаа.
- 2017 оноос эхлээд дэлхийн худалдааны сүлжээ эвдэрч байсан бол одоогийн коронавирусний улмаас тэр харилцан уялдсан тогтолцоонд бүр эвдрэл гарч эхэлсэн.
- Одоогийн коронавирусээс үүдэлтэй хямралыг олон улсын байгууллагаас тусламж аваад, худалдаагаа сэргээгээд, бизнесээ дэмжээд эдийн засгаа хэвийн байдалдаа оруулна гэж ерөөсөө бодож, ойлгож болохгүй. Дэмжлэгээр сэргэхээсээ аль хэдийн өнгөрсөн. Коронавирусний дараа эдийн засгаа зөвхөн сэргээх төлөвлөгөө биш огт өөр болж байгаа ертөнцийг төсөөлж, түүнд дасан зохицох хэрэгтэй. Өөр арга байхгүй.
- Манай улсын ирэх оны төсөв нэлээн доошоо, хэмнэсэн, багасгасан хөрөнгө оруулалтаа хойшоо тавьсан байх ёстой. Ирэх жилд тулгамдаж байгаа асуудал зөвхөн Ковид биш.
-Дэлхийн дахинд өмнө нь ийм биологийн шалтгааны улмаас дэлхий нийтээрээ эдийн засгийн хямралд орж байсан тохиолдол бий юу? Биологийн гаралтай эдийн засгийн хямралын онцлог нь юу вэ?
Судлаачид дэлхий нийтэд өмнө нь ямар халдварт өвчин гарч, хэр олон улс орон өртөж байсан талаар судалсан. Эдийн засгийн бус хямралыг товчхон дурьдвал 1918 оны үед гарсан Испани томуу, 1960-1967 оны үед гарсан ХонгКонг томуу, тэгээд 2003 онд САРС, 2012 онд МЭРС, Эбола гээд гарсан. Эдгээр халдварт өвчин харьцангуй бага бүс нутгийг хамарсан. Халдварын тархалт өндөртэй ч гэсэн дэлхий нийтээр тархаагүй байсан.
Харин одоогийн энэ коронавирус хамаагүй олон улс оронд тархаж, бараг дэлхийн бүх улсад бүртгэгдсэн. Тэгэхээр коронавирустэй дүйцүүлж хэлж болох нь Испани томуу л байна. 1918 оны үед гарсан тус томуу хамгийн олон улс орныг хамарч, хамгийн их хүн өвчлүүлсэн. Энэ томуу 3-4 жил үргэлжлэн дэлхий нийтэд тархсан. Гарал үүслийг нь Зүүн Өмнөд азиас гаралтай гэж ярьдаг. Далайн тээврээр дамжаад Европ, Америк тивүүдэд тархсан. Нэлээн олон хүн өвчлүүлсэн, нас баралт, хохирол өндөр байсан.
Харин коронавирусний одоогийн нөхцөл байдлаас харахад энэ хэзээ зогсох нь тодорхойгүй байна. Ийм нөхцөл байдалд өмнө нь дэлхий нийтээрээ орж үзээгүй учир энэ их цочмог байгаа.
1910-аад оны нөхцөл байдал өөр байсан. Дэлхий нийтийн худалдаа өөр, аялал жуулчлал, иргэдийн хөдөлгөөн бага, газрын тээвэр муу байсан. Нэг тивээс нөгөө тив рүү далайгаар бүтэн сар явдаг байсан. Тэгэхээр халдвар тархалт нь хамаагүй бага байсан гэсэн үг. Харин одоо дэлхий нийт харилцан хамааралтай болж техник технологи хөгжсөн. Энэ нь халдвар хурдан тархах үндэс болсон. Үндсэндээ дэлхийн хоёрдугаар дайнаас хойш халдварт өвчнөөс хамаараад бүс нутгаар хямралд орж байсан тохиолдол байхгүй.
Дэлхий нийтээрээ хөл хорио тогтоож, бизнес эдийн засаг хаагдаж, аялал жуулчлалын салбар тэг зогсолт хийж байсан тохиолдол байхгүй. Ийм учраас дэлхийн аль ч байгууллага үүнд бэлэн биш байсан. Үүгээрээ хохирол их гарах үндэс болж байна.
-Коронавирусний дараах дэлхийн эдийн засгийн тогтолцоонд өөрчлөлт орно гэж олон судлаач, эрдэмтэд ярьж, бичиж байна. Та үүнтэй санал нийлж байна уу? Дэлхийн эдийн засгийн тогтолцоонд ямар өөрчлөлт гарах бол?
-2016 онд АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд Трамп сонгогдож 2017 онд тангарагаа өргөн ажлаа хийж эхэлсэн. 1997 онд Дэлхийн худалдааны байгууллага байгуулагдсанаас Трамп сонгогдох хүртэл хугацаанд дэлхий нийтээр чөлөөт худалдааны талаар л ярьж байсан. Тэгэхээр 1997-2017 он хүртэл 20-иод жил ярьсан гэсэн үг.
Бүх олон улсын байгууллага худалдаа чөлөөтэй байж дэлхий нийтээр хөгжинө, ядуурал буурна, тарифийн хязгаарлалт бууруулах ёстой гээд ярьж байсан. Ийм уриатай байж байтал Трамп сонгогдоод бүх бодлого эсрэгээр эргэж эхэлсэн. АНУ бусад улс оронтой хийсэн чөлөөт худалдааны гэрээгээ дахин авч үзсэн. Ази, Номхон далайн далай дамнасан хэлэлцээрээ цуцлаад оронд нь тэр хэлэлцээрт багтаж байсан цөөхөн улс оронтой хоёр талын хоорондын хэлэлцээр шинээр байгуулсан. Үндсэндээ дэлхийн худалдаанаас гадна маш олон бодлого дээр олон улсын оролцооноосоо татгалзсан.
Коронавирус гарахад ДЭМБ-ыг дорвитой арга хэмжээ авч чадсангүй гээд сая гарахаа албан ёсоор хэлчихлээ.
Тэгэхээр 20-иод жил ярьж байсан бодлого эсрэгээрээ эргэчихээд байгаа учраас тэр хүртэл тогтож байсан дэлхий нийтийг харилцан сүлжиж байсан худалдааны сүлжээ эвдэрч эхэлж байна. Трамп сонгогдсоноос хойш буюу 2017 оноос эхлээд дэлхийн худалдааны сүлжээ эвдэрч байсан бол одоогийн коронавирусний улмаас тэр харилцан уялдсан тогтолцоонд бүр эвдрэл гарч эхэлсэн.
Дэлхийн банкны зургадугаар сард гаргасан дэлхийн хөгжлийн тайланд коронавирусний улмаас дэлхий нийтийн худалдааны сүлжээ яаж эвдэрч, нурж байгаа талаарх тайлан байгаа.
Тухайлбал, Дэлхийн банкны судалгаанд Вьетнамд үйлдвэрлэдэг нэг унадаг дугуйг бүтээхэд 12 улсын компани оролцсон байна. Тэгэж байж тэр дугуй хямдхан гарч байна. Тэгэхээр Ковидийн улмаас тэр 12 улсын 10 нь бүтээгдэхүүнээ нийлүүлэх боломжгүй болж байна. Тэгэхээр дугуй гарахгүй. Яг энэ зарчмаар маш олон салбар ингэж зогсолтод орсон.
Энэ дэлхий нийтийн хамарсан сүлжээ доголдсоны улмаас манай экспорт доголдоод оны эхний зургаан сарын байдлаар тэрбум гаруй ам.долларын экспорт буурсан. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал 28 хувиар буурсан байгаа. Сарынхаа туршид нэмэхтэй гарч байсан. Нийт дүнгээрээ оны эцэст алдагдалтай гарах нь тодорхой.
Коронавирусний өмнөх дэлхий ертөнц бүх талаараа харилцан нягт холбоотой байсан. Харин одоо тэр байхгүй болчихсон. Дахиад дэлхий нийтийн худалдаа, аялал жуучлалыг сэргээнэ гэвэл маш урт хугацаа шаардана. Аялал жуулчлал хэвийн болоод хилээ нээлээ ч урьдных шигээ улс орнууд олон сая жуулчин авахгүй. Европын улс орны аялал жуулчлалын гол орлогыг бүрдүүлдэг байсан өндөр настнууд аялахаа больчихно. Харин улс орнууд эрүүл ахуй, аюулгүй байдлаас хамаараад та өвчтэй юу, өвчилж байсан уу, хаанаас ирсэн бэ зэрэг маш олон зүйлийг харгалзаж үзэж жуулчин авна. Тэгэхээр аялал жуулчлал хумигдана гэсэн үг.
Аялал жуулчлал сэргэлээ ч 2021 онд бараг сэргэхгүй. 2022 онд сэргэвэл маш бага, аажим аажмаар сэргэх байх. Тэгэхээр олон улсын байгууллагууд бүгд хэлж байна. Ковидийн дараах дэлхий нийт огт өөр болно. Тэгэхээр аль ч улс орнууд эдийн засгаа сэргээхдээ тэгэж бодож байх л хэрэгтэй. Түүнээс 2008-2009 оны хямрал шиг олон улсын байгууллагаас тусламж аваад, худалдаагаа сэргээгээд, бизнесээ дэмжээд эдийн засгаа хэвийн байдалдаа оруулна гэж ерөөсөө бодож, ойлгож болохгүй. Дэмжлэгээр сэргэхээсээ аль хэдийн өнгөрсөн.
Коронавирусний дараа эдийн засгаа зөвхөн сэргээх төлөвлөгөө биш огт өөр болж байгаа ертөнцийг төсөөлж, түүнд дасан зохицох хэрэгтэй. Өөр арга байхгүй.
-Таны таамаглалаар Ковид-19 цар тахал хэр удаан үргэлжлэх вэ?
Эдийн засагчид дараах таван нөхцлийг тооцоолсон.
Нэгт, маш сайхан төсөөллөөр, мөрөөдлөөр энэ өвчин дуусаасай. Энэ гэхдээ сүүлийн үеийн нөхцөл байдлаар бараг биелэх боломжгүй болж байна.
Хоёрт, Бразил, АНУ-д болж байгаа шиг халдварын тархалт нэмэгдээд байгаа үед хил орчмын худалдаа нээгдлээ ч дэлхий нитйтийн худалдаа, аялал жуулчлал сэргэхгүй.
Гуравт, манайх олон улстай худалдаа хийдэггүй. Хоёр хөрштэй л худалдаа хийдэг. Бусад улсад тархалт гайгүй боллоо ч хоёр хөршид нөхцөл байдал хэцүү байгаад байвал манай гадаад худалдаа сэргэхгүй. Хоёр хөршөөс хамааралтай.
Дөрөвт, Хүйтний улирал эхлэхэд улирлын томуу сэргэж энэ нь Ковидтой давхцахад төвөгтэй байдал үүснэ. Яагаад гэвэл шинж байдал адилхан. Нэг халуураад дуудлага өгөхөд тэр эмч юу бодож очих вэ, тэр хүн томуутай юу, Ковидтай юу. Тэгэхээр гарцаа байхгүй эрсдэлээ бодоод хамгаалалтын хувцастай очно. Тэгээд шинжилгээ авч байж аль нь вэ гэдэг нь тогтоогдоно. МУ-ын хувьд гэхэд томуугаар хэдэн мянган хүн өвчлөхөд тэр болгон дээр Ковидийн баг очиж шинжилгээ авна гэдэг маш төвөгтэй болно. Тэр болгонд хүмүүсийг тусгаарлана гэдэг боломжгүй. Тэгэхээр дахиад улс орон бүхэлдээ ковидгүй мөртлөө ковидтой юм шиг тусгаарлагдах шаардлага үүснэ.
Тав дахь нь хамгийн муу хувилбар. Коронавирус дахин үргэлжлэх.
Дэлхий даяараа хүсэхгүй байгаа боловч анагаах ухааныхан магадгүй гэж яриад байгаа. Болзошгүй. Энэ бүх хувилбаруудыг бодоод аль алинд нь бэлтгэлтэй байх ёстой.
-Цар тахлын үед эдийн засагтаа зөв бодлого шийдвэр гаргаж байгаа ямар улс орнууд байна вэ таны харж байгаагаар? Бид тэдгээрээс ямар зүйлийг нь сурах ёстой вэ?
-"2020 оны дэлхийн эдийн засгийн төлөв" гээд дэлхийн эдийн засгийн олон байгууллагууд маш олон судалгаа гаргасан.
Дэлхийн банк, НҮБ, Вальютын сан 193,196 гишүүн улстай. Тэгэхээр тэр судалгаанд ер нь дэлхийн бүх улс орон хамрагдсан гэсэн үг.
Тэр бүх судалгааг харахад энэ оны эцэст эдийн засаг нь нэмэхтэй, эерэг гарах улс маш цөөхөн байгаа. Үүнд БНХАУ, Вьетнам, Бангладеш, Египет орно. Эдгээр улсын эдийн засаг яагаад нэмэх гарч байна гэхээр эдийн засаг нь төрөлжчихсөн. Маш олон салбартай. Аж үйлдвэр, үйлчилгээ, худалдааны салбар нь тэнцвэртэй байгаа. Вьетнамын эдийн засаг яг ийм тэнцвэртэй. Аль нэг салбар нь доголдоход нөгөө салбар нь нөхөөд явдаг.
Хятадын нэг эрдэмтэн саяхан бичсэн өгүүлэлдээ “БНХАУ энэ нөхцөл байдалд хоёр эргэлттэй эдийн засаг баримталж явна. Нэг эргэлт нь гадаад худалдаа, хоёр дахь нь дотоод худалдаа байна. Хүн ам ихтэй учир дотоод хэрэглээ байна. Гадаад худалдаа хумигдаж байгаа нөхцөлд дотоодын хэрэглээгээ илүү тэлнэ” гэх зэргээр бичсэн байсан.
Аж үйлдвэр нь хөгжчихсөн, эдийн засаг нь төрөлжчихсөн улс орнуудад ийм боломж байгаа бол манайд одоогоор ийм боломж байхгүй. Эхлэлийн чанартай зүйлүүд байж болно. Жишээ нь аялал жуулчлал. Нийт аялал жуулчлалын орлогыг бодоод үзэхээр 90 хувь нь гадаадаас манай улс руу ирж байгаа аялал жуулчлал байдаг. Тэр 90 хувийг яаж орлуулах вэ гэхээр дотоодын аялал жуулчлалыг хөгжүүлэх.
Аялал жуулчлалын компанид хандаад тодорхой хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулалттай аяладаг хандлага руу орох хэрэгтэй болж байна. Аялал жуулчлалын компаниуд дор хаяж үйл ажиллагаагаа зогсоочихгүй байх ашгийг дотоодоосоо олох боломжтой. Үүнд шинэ санаачлага, зохион байгуулалт хэрэгтэй.
-Коронавирусний улмаас Монголд учрах богино, дунд, урт хугацааны хохирол нь юу вэ?
- Манай эдийн засгийн мөчлөгөөс харахад 1997,1998 оны азийн хямралд манайд зэсийн үнэ буурсан. Дараа нь 2001-2003 онд зуд болсон. Тэгээд малчид хөдөөнөөс хот руу шилжиж ирсэн. Тэр үед эдийн засаг нэлээн доошилсон. Дараа нь 2008,2009 оны хямрал. Вальютын сангийн хөтөлбөрөөр сэргэсэн. 2014-2016 экспортын түүхий эдийн үнэ буурсан. Дотооддоо зарим алдаатай бодлого явуулсан, их хэмжээний өр тавьсан. Үүнээс болоод эдийн засаг хасах руу орсон.
Манай эдийн засаг гурван жил аажуухан өсөөд дөрөв дэх жил дээрээ унаад явж байна.Энд олон хүчин зүйл нөлөөлж байгаа. Гадаад зэх зээлийн түүхий эдийн үнэ ханш, дотоодын сонгууль, буруу бодлого, хуримтлалгүй гээд.Уг нь энийг зохицуулах гээд төсвийн тогтвортой байдлын хууль гарсан. Баялагийн сангийн тухай, хүний хөгжлийн сангийн хуулиарааа 2008 оноос хойш зэсийн баяжмал, нүүрсний орлогын нэлээн их хувь нь хуримтлагдаад явж байх ёстой. Харамсалтай нь тэр хуримтлал одоо болтол дорвитой хуримтлагдаагүй. Яагаад гэхээр төсвийн төлөвлөлт дээр их хуралд оруулахдаа улс төрийн сонирхлоор давамгайлаад ахиу зарахын тулд үнээ өндөр аваад хуримтлалд үлдэх мөнгөө бага болгосон.
Тухайлбал 2020 оны төсөв байна. 2019 оны төсвийн зарлага 11их наяд байсан. Тэрийг 13 их наяд болгож өсгөөд орлого зарлага, адилхан өсгөөд одоо ингээд хаана ч үгүй юм болж байна. Төсвийн төлөвлөлтийн бодлого маань эдийн засгийн онолын, бодит байдалд нийцсэн гэхээс илүү улс төрийн ашиг сонирхолд нийцээд байгаа учраас алдаатай байгаад байна.
Олон улсын байгууллагууд, ОУВС төсвийн төлөвлөлтөө зөв болго залруул, хуримтлалдаа ахиу мөнгө хий, үр ашиггүй хөрөнгө оруулалтаа зогсоо, ач холбогдлоор нь хөрөнгө оруулалтаа жагсаа гэж байнга хэлж байгаа. Гэтэл улс төрийн сонирхлоор сонгуулиас өмнө юм хийх ёстой гээд дааж дийлэхгүй хөрөнгө оруулалт тавиад л байж байна.Энэ байдлаа залруулах хэрэгтэй. Цаашид эдийн засаг сэргэлээ ч манай эдийн засгийн суурь бүтэц яага ч үгүй байна.
Нэгдүгээрт төрөлжөөгүй байна, ХХАА салбар савлагаатай. Зуд болоход олон мал үрэгдэнэ. Ган болоход үр тариа ургац байхгүй.Цаана нь тогтвортой ямар салбар байна гэхээр аж үйлдвэрийн жаан салбар, худалдаа үйлчилгээний жаахан салбар. Тэр нь дотоодын нийт бүтээгдэхүүний 20 хүрэхгүй хувь. Цаашид хамгийн эхэнд эдийн засгийн бүтцийн өөрчлөлтийг хийх ёстой.
Сая долоон сард Японы төв банкны мөнгөний бодлогын хорооны хурлын тэмдэглэл дээр нэг гишүүн нь ингэж хэлсэн байна. "Коронавирусний дараа Япон эдийн засгаа сэргээхийн тулд японы эдийн засагт бүтцийн өөрчлөлт хэрэгтэй. Ийм асуудал тулгарч байгаагүй юм байна. Ийм асуудал тулгарахад эдийн засаг бэлэн байх ёстой. Дор хаяж аялал жуулчлалгүй байхаар эдийн засгаа бодох, эсвэл худалдаа хумигдсан нөхцөлд яаж амьдрах. Үүнд дасан зохицох, даван туулах чадвартай эдийн засгийн суурь хэрэгтэй” гэж хэлсэн байна.
Манайд хамгийн их өгүүлэгдэж байгаа зүйл энэ. Яаж ч эдийн засаг хямарсан иргэдийнхээ, тэтгэвэр, тэтгэмж, цалингаа хэвийн олгох хэмжээний тийм эдийн засгийн суурь, зайлшгүй хэрэгтэй. Тэгэхээр улсын төсвөөс зарж байгаа мөнгө, хөрөнгө оруулалт, бүх зүйлээ өөрчлөх хэрэгтэй гэсэн үг. Тэгэж байж тогтвортой эдийн засгийн суурийг бий болгоно.
Манай улсын ирэх оны төсөв нэлээн доошоо, хэмнэсэн, багасгасан хөрөнгө оруулалтаа хойшоо тавьсан байх ёстой. Ирэх жилд тулгамдаж байгаа асуудал зөвхөн ковид биш. Нэгт, 2021оны 4 сард эхний нэг тэрбум доллар гадаад өрөө төлөх ёстой. Тэрийг төлөхгүй ч гэсэн хүү төлөх, бичиг хүргүүлнэ гээд ачааалал маш их байгаа.
Хоёр дахь эрсдэл байгаль цаг уурын эрсдэл. Монголд хамгийн сүүлд 2009 онд зуд болсон. Тэрнээс хойш харьцангуй бага, хоргодсон малын тоо 1.2-2 саяаас хэтрээгүй. Гэвч одоо 10 жил зудгүй байна гэж монгол улс байхгүй. Дараагийн зуд ойрын хоёр жилийн дотор тохиолдож болзошгүй. Ковид-ийн хүндрэлтэй, өрийн дарамттай, байхад байгаль цаг уурын эрсдэлд орвол маш хүнд байдалд орно. Энэ бүх байдалд бэлтгэлтэй байж ирэх оны төсвөө хийх ёстой.
-АНУ, Хятадын худалдааны дайны талаар? Энэ хоёр улсын дайн манай улсад эерэг болон сөргөөр яаж нөлөөлөх вэ?
-АНУ, Хятадын харилцаа 2018 оноос эхэлсэн. Трамп сонгогдсоноосоо хойш хятадын бараанд татвар тогтоож эхлээд хоёр жилийн турш бие биедээ татвар тогтоож үргэлжилсэн. Сая 2020 оны нэг сард эхний шатны хэлэлцээрт хүрээд нийт барааны 20-30 хувьд л харилцан татвар тогтоохгүй байхаар тогтсон. Одоо тэр хэрэгжих үү үгүй юу гэдэг нь маш ойлгомжгүй байдалд байна. Коронавирусний улмаас худалдаа хязгаарлагдчихсан. Яг тэр хэлэлцээрийн асуудлын үед Хонгконгийн асуудал, Шинжаань уйгарын асуудал гээд маш олон асуудал үүссэн.
Яг худалдаан дээрээ санал нийлээд байгаа боловч бусад улс төрийн бодлого, засаглалийн хувьд санал нийлэхгүй байгаад байгаа учраас тэр худалдааны хэлэлцээр цаашаа явахгүй гацчихсан. Одоо 11сард АНУ-ын ерөнхийлөгчийн сонгууль болно. Тухайн улсын улс төрийн тоймчид, судлаачдын үзэж байгаагаар ардчилсан намаас дараагийн ерөнхийлөгч тодрох магадлал өндөр гээд байгаа. Тэгэхээр ирэх 2021 оны нэг сард арай өөр хүн ерөнхийлөгч болбол АНУ-ын барьж байсан өнгөрсөн гурван жилийн бодлогод нэлээн өөрчлөлт орно. Ялангуяа Европтой харилцах харилцаа, Хятадтай харилцах харилцаанд өөрчлөлт орно.
БНХАУ АНУ-ын бараанд өндөр татвартай тогтоогоод АНУ-ын үйлдвэрлэгчид Хятадад үйлдвэрээ явуулахад хүндрэлтэй болсон. Хятадад үйл ажиллагаагаа явуулж байсан нэлээн олон компаниуд өөр зах зээлийг хайж эхэлсэн. Гэтэл энэ үед ковид-19 гарсан. Тодорхой хэмжээгээр шинэ зах зээл хайж байсан компаниуд байсан боловч тэр нь коронавирусний улмаас байхгүй болчихсон.
Японы машинууд дорж хаяж 20,30 улсаас эд ангиа авч байгаа. Тэр машиныг бүтээхэд шаардлагатай эд ангиуд маш олон газар тараад байрлачихсан байгаа учраас тэр эрсдэлийг багасгахын тулд ялангуяа Япон, БНСУ-ын автомашин үйлдвэрлэгчид шинэ зах зээл хайж байгаа. Энэ бол нэлээн урт хугацааны зүйл. Энэ дээр Монгол улсад боломж гарч ирж байгаа. Японы зарим бизнес эрхлэгчидтэй уулзахад яг ийм сонирхлоо илэрхийлж байгаа.
Хятадаас авдаг түүхий эд, ангиа өөр улсаас авах сонирхолтой байгаа. Тэр өөр улс нь монгол байх боломжотй. Гэхдээ үүнд монгол улс бэлэн байж чадах уу гэдэг асуудал. Энэ эрэлт хэрэгцээг судалж байгаад тэрийг нийлүүлэх хэмжээний чадавхтай байх ёстой. Манай улсын нэг сул тал нь ямар нэгэн зүйл хийчихлээ гэхэд гадагшаа гаргахдаа их хэмжээгээр гаргаж чадах уу гэдэг нь асуудал байдаг.Мөн тээвэрлээд хүргэх. Энэ хоёр асуудлыг нааштайгаар шийдэж чадахгүй бол энэ сүлжээнд орж чадахгүй.