Л.Мөнхбаясгалан: Түлш үйлдвэрлэсэн компанийн 30 гаруй охин компаниас хандив авч УИХ-ын гишүүн болсон олон хүн бий. Тэд сонсголын ажлын хэсэгт орох ёсгүй

Ангилал
Улс төр
Огноо
Унших
7 минут 55 секунд

УИХ-аас Агаарын бохирдол, Тавантолгой түлш ХХК-ийн сайжруулсан шахмал түлшний үйлдвэрлэл, технологи, чанарт тулгамдаж буй асуудлын талаар "нийтийн сонсгол" хийх ажлын хэсэг байгуулахаар болоод буй. Тэгвэл нийтийн сонсгол зохион байгуулахтай холбоотой асуудлаар УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалангаас тодрууллаа.

"УТААНЫ СОНСГОЛЫГ ДАРГАЛАХ АМБИЦ БАЙНА"

- Утааны асуудал нийслэлчүүдийн өвлийн бараг л уламжлалт сэдэв болчихсон. Энэ удаад Тавантолгой түлш компанийн үйлдвэрлэж буй сайжруулсан шахмал түлшний дуулиан урьд жилүүдийнхээс илүү улс төр болоод нийгмийн анхааралд ороод байна уу гэмээр хэд хэдэн үйл явдал тохиолоо шүү дээ. Та үүнийг юу гэж харж байна вэ?

-Яг бодит байдлаа л харж дүгнэмээр байна. Шинжлэх ухааны талаас хэлэхэд сайжруулсан шахмал түлш бол зөв технологи гээд байгаа. Хоргүй гэж. Тэгвэл өнөөдрийн хүртэлх хугацаанд утаанаас шалтгаалж 7000 иргэн нас барсан гэдэг тоо бий. Дээр нь хавдрын өвчлөлийн суурь шалтгааны нэг нь утаа болчихлоо гээд эрдэмтдийн хийсэн судалгаагаар гараад ирчихсэн. Аль аль нь шинжлэх ухаан болчхоод байгаа юм л даа.

Эндээс бид яг аль нь илүү бодитой юм бэ гэдэг дүгнэлтийг гаргах ёстой. Нэг талдаа улстөржүүлж байгаа нь үнэн. Гэхдээ бид бүхэл бүтэн 7000 иргэний амийг авч одсон асуудлаар улс төр хийх нь өөрөө шившиг. Үүний төлөө бид бүгдээрээ огцорсон ч болно. Тиймээс гол ажил нь бид шийдлийг олох ёстой.

Хэд, хэдэн зүйлийг эргэж харах ёстой. Өнгөрсөн хугацаанд утааг бууруулна гээд шуудайны стандарт баталсан. Айлуудын янданг хөөлөх ажилд 54 тэрбум төгрөг зарцуулсан. 68 тэрбум төгрөгөөр зуухыг нь сольсон. Одоо дахиад 28 тэрбум төгрөгөөр зуух солих гэж байна. Гэсэн ч утаа буурсангүй. Хүмүүс бодитоор үхэж эхэллээ шүү дээ. Тиймээс сайжруулсан түлш үнэхээр хортой юм уу, үгүй юу. Итгэмжлэгдсэн лаборатори нь үнэхээр хэнээс ч хараат бусаар дүн шинжилгээгээ хийж чадаж байгаа юу. Технологид хэрэв алдаа байхгүй юм бол Улаанбаатарын утаа яг юунаас болоод байгаа юм. Түгжрэл, автомашины яндангаас гарч байгаа утаатай эсвэл холбоотой юу. Үүнийг тодорхой болгож байж түүнд тохирсон бодлогоо гаргаж ажиллах нь чухал байна.

Түүнээс биш хэн нэг хүн технологио өмөөрдөг, ЗГ-ын бодлого гэж даргаа хамгаалдаг, намын бүлэг, фракцаа өмгөөлдөг байдлыг зогсоох ёстой.

-Саяхан хэсэг иргэд утааны асуудлыг хөндөж жагссан. Утааны сонсгол явуулахыг шаардсан 73 мянган иргэний гарын үсэг цугларсан шүү дээ. Үүний дүнд УИХ-аас ажлын хэсэг гаргах гэж байна. Та ажлын хэсэгт орж ажиллах уу? Бүрэлдэхүүн батлагдсан уу?

-Утааны асуудлаар нийтийн сонсгол зохион байгуулах УИХ-ын даргын захирамж гарсан. Миний харьяалагддаг Аж үйлдвэржилтийн байнгын хороо энэ пүрэв гарагт хуралдана. Үүгээр ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг байгуулна. Хуралдаанд би сонсголыг даргалах амбицтай оролцоно. Учир нь би түлш хийж байгаа компанийн аль нэг охин компаниас хандив авч байгаагүй. Ноцтой нь түлш үйлдвэрлэсэн компанийн 30 гаруй охин компани УИХ-ын гишүүдэд хандив өгсөн байдаг. Олон ч гишүүн тэдгээр компанийн хандиваар санхүүжиж гишүүн болсон байдаг.

Тийм учраас миний хувьд ашиг сонирхлын зөрчилгүй. Хоёрдугаарт, би эрэн сурвалжлах сэтгүүлчээр ажиллаж байхдаа эхийн ураг яаж амьгүй болж байгааг, яаж гаж төрөлт бий болж байгааг есөн жилийн өмнө хийж явсан. Одоо л нотлогдож байна. Дээр нь би УИХ дахь цөөнхийн төлөөлөл учраас сонсголыг даргалъя гэж байгаа юм.

Манай УИХ-ын дэгийн тухай хуульд олонх нь даргалдаг юм билээ. Олонхынхоо гаргасан шийдвэрийг олонх нь өөрөө хянана гэж юу байх вэ дээ. Гэтэл дэлхий нийтээрээ цөөнх нь хяналт тавьж ажилладаг. Хэрэв хууль нь ийм юм гэж гадуурхах гэвэл дэгийн хуулиа яаралтай горимоор хэлэлцүүлж өөрчилье л дөө. Улс төрд ийм жишээ бий шүү дээ. Яаралтай горимоор УИХ руу хуулиа оруулж өөрчлөөд л УЕП-оо сольж л байсан. АТГ-ын даргыг сольж л байсан. Тэгвэл олонх даргалах ёстой гэсэн дэгээ түүн шиг өөрчилж болно л гэж үзнэ.Үгүй бол бидэнд сенсац мундсан биш дахиад л нийтийн сонсгол нэртэй дөрвөн хоног яриад өнгөрдөг зүйл хэрэггүй шүү дээ.

Миний байр суурь бол утааны сонсгол хийх, төсвийн сонсголыг мөн хийх. Төсвөөс хэн, хэдэн тэрбум, их наяд төгрөгийг хаашаа оруулсан, хэн хэнийг татвараас чөлөөлсөн, ямар компани тендерт ялсан, утаагүй түлшийг хийхэд гаднаас юу импортолдог юм гэдгийг олон нийтэд таниулж, мэдээлэх ёстой. Мөн сонсголд гэрч, хохирогч нарыг байлцуулж байгаад олны өмнө нээлттэй, ил тод явуулах ёстой. Тэгж байж буруутай этгээдүүдэд хариуцлага тооцно. Ингэж чадахгүй бол утааны сонсгол бусдын адил нэг хэсэгтээ л дуулиан болоод өнгөрнө.

"УТААНЫ АСУУДЛААР УЛС ТӨР ХИЙНЭ ГЭВЭЛ БҮГДЭЭРЭЭ ОГЦОРСОН Ч БОЛНО"

-Та яриандаа түлшний үйлдвэрийн том компанийн 30 гаруй охин компани УИХ-ын гишүүдэд хандив өгсөн гэлээ шүү дээ. нэрсийг нь дурдаж болох уу, үгүй бол хэзээ?

-Одоо нэрийг нь зарлаад яах вэ. Шаардлага тулбал зарлана. Хэрэв нийтийн сонсгол зохион байгуулах ажлын хэсэгт хандив авсан гишүүдээс орох юм уу, сонсголыг даргалах юм бол утгаа алдана. Юу ч өөрчлөгдөхгүй гэсэн үг. Ашиг, сонирхлын зөрчилтэй гишүүд ухамсраараа нэрээ татах ёстой.

-Товчхондоо сайжруулсан шахмал түлшний үйлдвэрлэл, нийлүүлэлт анхнаасаа бизнес байсан гэж үзэж байгаа юу?

-Тийм. Энэ бол цэвэр бизнес. Ерөнхийлөгч сайд нар, бүлгийн дарга нарыг дуудаж уулзахдаа "энэ бол авлиглын утаа" гэж хэлсэн байна лээ. Үнэн шүү дээ. Хяналтгүй, хариуцлагагүй явж ирсний л үр дагавар гэж хэлмээр байна.

-Нийтийн сонсголыг хэзээ зохион байгуулахаар төлөвлөж байгаа вэ?

-Ажлын хэсэгт орох хүсэлтэй гишүүд нэгдүгээр сар гаргаад зохион байгуулахаар ярилцаж байна. Энэ хооронд бид холбогдох баримт, материалуудыг судалж танилцах, зохион байгуулалтын бэлтгэл ажлаа хангах шаардлага байна.

“Нийслэлийн гэр хороололд амьдардаг айл өрх 2023 онд 50.2 хувь байсан бол энэ онд 44 хувь болж буурсан“
“Нийслэлийн гэр хороололд амьдардаг айл өрх 2023 онд 50.2 хувь байсан бол энэ онд 44 хувь болж буурсан“
 
ШЕЗ-ийн шүүгч бус гишүүнээр С.Энхбаатарыг томилохыг дэмжив
ШЕЗ-ийн шүүгч бус гишүүнээр С.Энхбаатарыг томилохыг дэмжив
Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!