УИХ-аар 2025 оны төсвийг хэлэлцэн баталсантай холбоотой эдийн засагч Н.Энхбаяртай ярилцлаа.
---------------------------------
НҮҮРСНИЙ ЭКСПОРТООС ШАЛТГААЛЖ ТӨСВИЙН ОРЛОГО ТАСРАХЫГ ҮГҮЙСГЭХГҮЙ ТУЛ ХАВРЫН ЧУУЛГАНААР АМЖИЖ ТОДОТГОЛ ХИЙХ ЁСТОЙ
-Шинэ оны босгон дээр амжиж 2025 оны төсвийг амжиж баталлаа. Анх удаа Ерөнхийлөгч хориг тавьсан алдагдалгүй төсөв болсон гэдгээрээ онцлог болж байна. Ирэх оны төсөв үнэхээр алдагдалгүй болж чадсан уу?
- Энэ жил анх удаа Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг хориг тавьсны дараа дахин төсвийг хэлэлцэж, төсвийн тэнцлийг анх удаа эерэгээр төлөвлөж байна. Гэхдээ гүйцэтгэлээр эерэг гарна гэсэн үг биш. Магадгүй гадаад зүйлээс шалтаалах эрсдлүүд нөлөөлж орлого маань буурч болно. Хэрэв алдагдал бидний бодсноос нэмэгдэж 500 тэрбум ч юм уу, нэг их наяд төгрөгийн алдагдалтай гарахыг үгүйсгэхгүй.
- Алдагдалгүй төсөв гэж тодотгоод байгаа ирэх оны төсөв Ерөнхийлөгч хориг тавьснаар мөнгөний бодлоготой уялдсан төсөв болсныг онцлох боллоо. Гэхдээ улсын төсөв хэзээний л Монголбанкны мөнгөний бодлоготой уялдаж байсан нь түүхэндээ ховор. Энэ удаагийн төсөв мөнгөний бодлоготойгоо уялдаж чадсан юм уу. Ялангуяа инфляци төв банкны зорилтот интервалиас давж өнөөдөр 8.1 хувьд хүрлээ. Ирэх онд инфляцыг 5 хувьд хүргэхээр зорьж байсан шүү дээ. Магадгүй инфляци халбал эргээд мөнгөний бодлого чангарч болзошгүй эрсдэл ч хүлээж байгаа?
-Төсөв ба мөнгөний бодлогын уялдаа нэлээн төвөгтэй асуудал. Ерөнхийдөө инфляциар холбоотой байж болно. Үүнээс гадна амин чухал асуудал бол төлбөрийн тэнцэл. Төр маш их худалдан авалт хийж 14 мега төсөл зэрэг том төсөл хэрэгжүүлэхээр импорт нэмэгдэнэ. Өмнө нь 100 мянган айлын орон сууц төсөл хэрэгжүүлэхэд импортоор маш их хэмжээний цемент худалдан авч, хэрэглээ огцом нэмэгдэж байсан. Тэгвэл 2024 онд импорт 26 хувиар өссөн. Хэрэв ирэх оны төсөв 35 их наяд хэвээрээ батлагдсан бол ирэх жил импорт 30 гаруй хувиар өсөх магадлалтай байсан. Импорт хурдтай өсөхөөр гадаад худалдааны тэнцлийн алдагдал нэмэгдэнэ. 11 сарын статистик мэлдээлэлд хүртэл урсгал тэнцлийн алдагдал 1.5 тэрбум амн.долларт хүрлээ гэж мэдээлсэн шүү дээ. Тиймээс урсгал тэнцлийн аллдагдал, төлбөрийн тэнцлийн алдагдал нэмэгдэхээр Монголбанканд хуримтлагдаж буй валютын нөөц буурна.
Өөрөөр хэлбэл, одоо байгаа 5 тэрбум ам.долларын нөөц багасна гэсэн үг. Улмаар валютын ханш нэмэгдэх эрсдэл болно. Инфляциас илүүтэй валютын ханш тогтворгүй болох эрсдэлтэй.
Тиймээс Монголбанк ЗГ-т төсвийг тэлэхэд импортыг нэмэгдүүлэх чиглэлд бага нөлөө үзүүлэхийг анхааруулсан. Ингээд сая төсвийн зардлыг танасныг төвбанк дэмжлээ. Гэхдээ эрсдэл байгаа учраас бодлогын хүүгээ бууруулсангүй.
Ирэх онд анхаарах асуудал нь хэдий бид зорилгоо төсвийн тэнцэл эерэг байхаар баталсан ч одоогийн баталчихаад байгаа төсвийн орлого дахиад тасалдах эрсдэл байна. 33 их наяд төгрөгийн орлогод гол нөлөөлөх нь нүүрсний экспорт.
Одоогийн төлөвлөөд байгаа нүүрсний үнийг 105 ам.доллараар тооцож байгаа нь буурч буй дүн, эрсдэл болж байгаа. Магадгүй ирэх онд АНУ, Хятадын Ерөнхийлөгч нарын зөрчлөөс гадна ОХУ-аас Номхондалай чиглэлд барьсан 530 км төмөр замын төслөө оны эхээр ашиглалтад оруулж нүүрс тээвэрлэж эхэлбэл “Таватолгой түлш” коксжих нүүрсний экспортод эрс мэдрэгдэнэ. Шууд бугатын үйлдвэрд ирэхгүй ч Хятадын коксжих нүүрсний импортод ОХУ-ын хувийн жин нэмэгдэнэ. Энэ нь аажмаар Монгол Улсын хөгжлийн экспошртод нөлөөлнө. Тийм учраас бидний өөдрөгөөр төсөөлж буй 83 сая тонн нүүрс биет хэмжээгээр гүйцсэн ч үнийн хувьд хүрэхгүй.
-Хэрэв орлого тасарвал төсөвт дахин тодотгол хийнэ гэсэн үг үү?
-Эрсдэл байгаа, ялангуяа нүүрсэн дээр. Хэрэв нөхцөл байдал нэгэнт өөрөөр эргэвэл оройтолгүй хаврын чуулган хаалтаа хийхээс өмнө төсвийн тодотголоо хийх ёстой. Тэгвэл аж ахуйн нэгжүүд хавар зарим төслөө эхлээгүй байж болно шүү дээ. Үгүй бол хавар зам, барилгын ажил явсны дараа найм, есдүгээр сард тодотгол хийж танах нь аж ахуйн нэгжүүдэд жинхэнэ хохирол үүснэ. Тиймээс хаврын чуулган хаалтаа хийхээс өмнө орлого, зарлагаа танавал хохирол бага гарна гэсэн үг. Иймд ирэх гурав, дөрөвдүгээр сарын төсвийн гүйцэтгэл, нүүрсний үнэ ханш ямар байна вэ гэдгийг үнэлэж УИХ, ЗГ маш шуурхай арга хэмжээ авах ёстой. Иймд дөрөв, таван сар бол маш чухал. Миний яриад байгаа АНУ-ын Ерөнхийлөгч ямар шийдвэр гаргах вэ, ОХУ-ын нүүрсний экспорт хэр хурдтай өсөх вэ зэрэг нөхцөл байдлуудыг үнэлж тодотгол хийх эсэхээ маш хурдан шийдэх ёстой.
ЕСДҮГЭЭР САРЫН 1-НД ӨРГӨН БАРЬСАН ТӨСӨВ БОЛ МӨРӨӨДЛИЙН ЖАГСААЛТ БАЙСАН
- Ерөнхийдөө 2025 оны төсвийг 3 их наядаар бууруулж алдагдалгүй төсөв баталсан нь Ерөнхийлөгч хориг тавьсан, аудитын дүгнэлтээр зардлыг механикаар хассан зэрэг нь өнгөц харвал алдагдалгүй төсөв юм биш үү?
-Хэдий богино хугацаанд нэг сарын дотор хийгдсэн ч танах нь зөв. Юуг танасан бэ гэхээр 2025 оны есдүгээр сарын 1-нд өргөн барьсан төсөв өөрөө буруу байсан. 35 их наяд батлах ямар ч шаардлагагүй байсан. Жишээ нь, өнгөрсөн 2023 оны намар батлагдсан 2024 төсөв 27 их наяд төгрөг байсан. Гэтэл энэ оны наймдугаар сард тодотгол хийгдэж 30 болсон бол есдүгээр сарын 1-нд өргөн барихдаа 35 их наяд болголоо. Үндсэндээ 27 их наяд төсвийг 35 болгож 8 их наяд төгрөгөөр нэмэгдсэн нь байж болохгүй шүү дээ. Тэгэхээр ийм төсөв зүгээр л мөнгө байгаа учраас заръя гэсэн төсөв хийсэн. Есдүгээр сарын 1-нд өргөн барьсан төсөв бол маш хариуцлагагүй. Миний хэлсэнчлэн салбар бүрийн мөрөөдлийн жагсаалтыг нийлүүлээд л бүхэлд нь багтааж оруулах маягтай л төсөв болсон байхгүй юу. Тэгээд болохгүйг нь ойлгоод засч 33 их наяд төгрөг болголоо. Энэ бол 27 их наяд төгрөгөөс 33 руу явж байна гэж ойлгох хэрэгтэй. Энэ бол эрүүл төсөв.
БИДНИЙ ТООЦООЛООГҮЙ ГАДААД ХҮЧИН ЗҮЙЛЭЭС ШАЛТГААЛЖ НҮҮРСНИЙ ҮНЭ УНАХ ЭРСДЭЛТЭЙ
-Хэдий алдагдалгүй гэх тодотголтой төсөв батлагдсан ч ирэх онд манай улс хэр их нүүрс зарахаас хамаарч орлого биелэх үү, үгүй юу цаашлаад төсвийн алдагдал яригдана гэж ярианы эхэнд ойлголоо?
- Манай улс түүхий эдийн орлогоос хамаарсан эдийн засагтай. Нийт экспортын 92 хувь нь түүхий эд. 2023 оны байдлаар 15.3 тэрбум ам.долларын экспортын орлого олсон. Үүний 94 хувь нь нийт түүхий эд бол 6 хувь нь л бидний зорьж буй түүхий эдийн бус экспорт байгаа юм. Тэгэхээр алт, зэс, нүүрс зэрэг 14 орчим тэрбум ам.долларын орлого нь түүхий эд байна гэсэн үг. Эдгээр түүхий эдийг олборлож буй компаниудын төлж буй АМНАТ, НӨАТ зэрэг бүх төрлийн татвар нийлж Монгол Улсын төсвийн 35 орчим хувийг бүрдүүлж байгаа юм. Өнгөрсөн жил 30 байсан бол одоо 35 хувь болж нэмэгдэж байна.
Өнөөдөр нүүрсний үнийг 105 ам.доллар гэж тооцож байгаа. Энэ нь ирэх оны эхний хагас жилд ийм үнэтэй байж болно. Үүнээс хойш үнэ зөрөх магадлалтай. Бидний нэг бэрхшээл бол худалдан авагч нь ганц улс. Хоёрт, бид далайд гарцгүй.
Дэлхийд 43 улс далайд гарцгүй улсын нэг нь Монгол. Үүний дотор Африкийн, Төв Азийн улс орнууд голдуу байна. Тэдгээр улс орны эдийн засгийн бүтцийг нь авч үзвэл 20 улс нь түүхий эдээс хамааралтай. Эдийн засгийн хувьд нэлээн хэцүү бэрхшээлтэй нөхцөлд байгаа юм. Далайд гарцгүй, экспорт, импорт нь өндөр үнэтэй. Импортоор бараа авахын тулд өөр улсын нутгаар дамжуулан авна. Гэтэл гаргаж буй экспортынх нь 70, 80 хувь нь түүхий эд. Ийм төвөгтэй. Үндсэндээ энэ төвөгтэй байдлаас хамаарч эдийн засгийг төлөвлөх жолоодох, төлөвлөх аль аль нь амаргүй. Монгол Улсын хувьд 2010 оноос хойш сүүлийн 14 жил эдийн засгийн бүтэц нь түүхий эдийн хамааралтай болсон. Үүнээс өмнө түүхий эдийн хамаарал харьцангуй бага, нүүрсний экспортын хэмжээ бага байсан учраас төсвийн орлого нь уул уурхайн салбараас хамааралтай байдал нь бага байсан. Тэгэхээр түүхий эдийн хамгааралтай засгийн хувьд төсвийн орлогыг зөв төлөвлөхөд маш төвөгтэй гэсэн үг. Бид ирэх 2025 оны орлогыг төлөвлөж байгаа ч магадгүй оны эхний хагас 6 сарыг төлөвлөж чадах байх. Гэтэл үүнээс хойш оны хоёрдугаар хагаст дэлхийн зах зээл дээр байх түүхий эдийн үнийг таамаглах нь бидний хувьд барагтай л оновчтой төсөөлж чадахгүй. Зөрөх магадлал маш өндөр болж байгаа байхгүй юу.
Хэдийгээр цар тахлын дараах гурван жил эдийн засаг сэргэсэн, төсвийн орлого сайн биелсэн үзүүлэлт энэ оны статистик үзүүлэлтээр гарсан ч энэ хэвээрээ ирэх жил биелнэ гэх магадлал бага. Маш өндөр эрсдэлтэй байхгүй юу. Тийм учраас бид аль болох төсвийн алдагдлыг бага байлгахад хичээх ёстой. Яагаад гэвэл бидний бодоогүй алдагдал гарч ирэх байхгүй юу.
Бид нүүрсний экспортоо 105 ам.доллараар тооцож байтал биднээс үл хамаарах АНУ, Хятадын хоорон дахь худалдааны дайн ч юм уу, ОХУ-ын нүүрсний экспорт нэмэгдэх зэрэг багахан зүйл өөрчлөгдөхөд л бидний төлөвлөж буй 83 сая тонны биет хэмжээ нэг бол худлаа болно, эсвэл үнэ худлаа болно.
2024 оны байдлаар биет хэмжээ нь биелсэн мөртлөө үнэ нь биелээгүй байна шүү дээ. Нүүрсний экспорт 12 сая тонноор нэмэгдсэн хэрнээ орлого бараг байхгүйтэй адил байна шүү дээ. Тэгэхээр бидний анх бодож байсан төсөөллөөс хол зөрж байгаа байхгүй юу. Ийм учраас бид төсвийн алдагдлаа аль болох бага байлгах ёстой. Тэр алдагдал нь тэнцэл дээр харагддаг. Алдагдлыг нөхөх эх үүсвэр нь дандаа гадаадын зээл. Хэрэв эдийн засаг нь төрөлжөөд гадаадын хөрөнгө оруулалт сайн татсан улс, орнуудын хувьд бол энэ алдагдлыг санхүүжүүлэх шууд эх үүсвэр нь гадаадын шууд хөрөнгө оруулалт болон бусад хөрөнгө байж болно. Дэлхий дээр хамгийн өндөр өртэй гэдэг АНУ, Японы бүтэц гадаад өрийн бүтэц маш өөр. АНУ-г асар их өртэй гэдэг, өрнийх нь 70 гаруй хувь нь зөвхөн үндэсний дотоодын компаниуд. Гадаад улс орноос хамаарал нь маш бага. Япон мөн адил. Тиймээс эдгээр улс орнуудтай манай улс харьцуулшгүй. Тийм учраас алдагдал хэдий их гарна, Монгол Улсын гадаад өр нэмэгдэнэ гэсэн үг. Ийм байдлаар бид гадаад өрийн зохистой байдлаа хангахын тулд эрсдлээ тооцоолж төсвийн алдагдлыг хамгийн боломжит бага хувилбараар бага байлгах ёстой. Өнгөрсөн жилүүдэд бид төлөвлөхдөө төсвийн алдагдлыг эерэг буюу нэмэх байна гэж төлөвлөсөн жишээ өнгөрсөн 20 жил байхгүй. Харин гүйцэтгэлээр эерэг гарсан жишээ бий. 2018 онд түүхий эдийн үнэ өсч, ОУВС-ийн төсөл хэрэгжиж байсан учраас төсвийн санхүүг маш хямгадаж байсан. Тийм учраас төлбөрийн тэнцэл гүйцэтгэлээр 855 тэрбум төгрөгийн ашигтай гарч байсан. Энэ бол төсвийн сахилга батыг чанд сахисны үр дүн. Мөн Монгол Улс эдийн засгийг сэргээх хөтөлбөр хэрэгжүүлж байсан. Энэ хоёр хөтөлбөрийн үр дүн гэсэн үг. Мөн 2022 оны гүйцэтгэлээр эдийн засгийн өсөлт түүхий эдийн үнийн өсөлт, экспортын ачаар төсвийн тэнцэл 361 тэрбум төгрөгийн ашигтай гарч байсан.
- Таны хэлсэнчлэн цар тахлаас хойш гурван жилд экспорт нэмэгдлээ, эдийн засаг сэргэлээ. Харин ирэх онд гадаад нөхцөл байдлаас хамаарч эдийн засаг амаргүй байхыг үгүйсгэхгүй бололтой. Магадгүй зарим УИХ-ын гишүүд, сайд нарын ярьж байгаа шиг нүүрсний экспорт 100 сая тоннд хүрэх боломж нөхцөл нь хэр байна?
-Нүүрсний экспортын биет хэмжээ 12 сая тонноор нэмэгдсэн ч нэг тонн нүүрсний үнэ буурч эцсийн дүндээ өнгөрсөн оны хэмжээнд очиж байна. Тэгэхээр түүхий эдийн худалдааг хэрхэн хийх вэ гэх арга аргачлалыг маш сайн бодох ёстой. Үүн дээр бусад улсын жишгээр гадаад худалдааны бодлого хэрэгтэй. Зөвхөн Эдийн засгийн хөгжлийн яам /ЭЗХЯ/, Сангийн яам дангаараа бодож чадахгүй. Нүүрсний экспорттын худалдааг яаж хийх вэ гэдгийг төр өөрөө гадаад худалдааны бодлогоор тусгах ёстой. Зэсийн баяжмалын тухайд “Эрдэнэт” үйлдвэр, “Оюутолгой” гэх хоёр л том компани байна, худалдан авагч нь тодорхой, олон жил үйл ажиллагаа нь тодорхой байсан. Нүүрсэн дээр тийм биш. 10 гаруй компани худалдаа хийдэг. Тиймээс ямар үнээр, хэр хэмжээтэй экспортлох нь тодорхой бодлоготой байх ёстой. Манайх шиг ганц улстай худалдаа хийж буй улс орон яаж үр ашигтай байх вэ гэдгийг чамбай бодох хэрэгтэй.Цар тахлын үед хил хязгаарлалтаас үүдэн нүүрсний экспорт нэлээн буурсан бол сүүлийн жилүүдэд нүүрсний худалдаа сайн байна. 2022 он бол манай улсын хувьд нүүрсээ хамгийн сайн худалдсан жил болсон. Үүнээс хойш манай улс төрчид ахиу худалдвал ахиу орлого олно гэж бодож төөрөгдсөн. Энэ бол гадаад худалдааны оновчтой бодлого биш. Эсрэгээрээ үнэ унасан. Тэгэхээр энэ хандлагаар явж болохгүй гэдгийг өнгөрсөн 3 жилийн сургамж өгсөн байхгүй юу. Зарим сайд нар 100, 120 сая тонн гэж ярьж эхэллээ шүү дээ. Огт болохгүй. Энэ бол том алдаатай бодлого. Иймээс дараа, дараагийн жилийн төсөв дээр нүүрсний экспортыг хэд гэж төлөвлөх вэ, үнийг хэд гэж төлөвлөх вэ, үнийг зарлах уу үгүй юу гэдэг бол маш ухаалаг бодлого хэрэгтэй.
ТӨСВИЙН ТӨЛӨВЛӨЛТИЙН АРГУУДАА ӨӨРЧЛӨХ ЁСТОЙ
-Нэг үгээр хэлбэл, манайх өнөө маргааш орлогодоо тааруулж л төсвөө төлөвлөж байна гэж ойлголоо. Таны хэлсэнчлэн манайх цаашид 100 сая тонн нүүрс экспортолно гэж төөрөгдөөд байна уу?. Нүүрсийг биет хэмжээгээр нь төсөөлж орлого болон зарлагаа төлөвлөж байгаа нь төсвийн алдагдал үүсэх эрсдэл болох байх. Нэг жилийн дотор гэхэд л төсвийн зарлага 40 их наяд хүртэл тэлж байна. Нөгөө Үндсэн хуулийн заалтаа уншихгүй байна уу ?
-Гол нь бид төсвийн төлөвлөлтийн аргуудаа өөрчлөх ёстой. Өмнө нь бид түүхий эдээс харьцангуй хамаарал багатай байх үед 2000 оны эхээр баталсан төсвийн төлөвлөлтийн арга журмуудыг одоо хүртэл мөрдөж байна. Явцын дунд бага зэрэг өөрчлөлт оруулсан л даа. Энэ арга одоогийн түүхий эд савлагаатай нөхцөлд нийцэхгүй байна. Их орлого олсон үедээ ахиухан зарах бололцоотой төлөвтэй байна. Сул, чөлөөтэй зарцуулах бололцоонууд нь байна гэсэн үг. Уг нь эдийн засгийн нөхцөл байдал нь тийм биш. Эдийн засаг нь түүхий эдийн хамааралтай улс орнуудын жишгээр бол түүхий эд өндөр байх үед орлогоо хуримтлуулж, энэ орлогоо уналттай үедээ дутаж буй санхүүжилтээ нөхье л гэж байгаа юм. Баялгийн сангийн зорилго нь энэ шүү дээ. Дээр нь үүнийг ойлгохын тулд ҮСХ-оос зарладаг гадаад худалдааны статистик мэдээг нарийвчлан задалж харах ёстой. Гэтэл ихэвчлэн хялбарчилж ерөнхий дүнгээр нь л харж сонсоод байна. Жишээ нь, 2023 оны гүйцэтгэлээр экспорт 25, 26 хувь өссөн байхгүй юу. Гэтэл энэ жил энэ оны эхний 11 сарын байдлаар дөнгөж 6-хан хувийн өсөлттэй байна. Том дүнгээр нь, харвал экспорт өссөн үзүүлэлттэй харагдаж байгаа ч нүүрс, зэс, төмрийн хүдэр зэргийг задалж нэг нэгээр нь авч үзвэл огт өөр дүр зураг гарч ирж байгаа байхгүй юу. Ялангуяа зэс, нүүрсний экспорт улсын төсвийн гол хэсгийг бүрдүүлж байгаа. Энэ хоёр түүхий эдийн өсөлт бууралт хоорондоо зөрж байна. Сүүлийн 3 жилд Оюутолгойн ил далд гүний уурхай ашиглалтад орсны дараа зэсийн олборлолтын хэмжээ тогтмол хэмжээнд хүрсэн.Олборлолтын хэмжээг төдийлөн өсгөж чадахгүй хүчин чадалдаа хүрсэн. Одоо доторх агууламжийн өөрчлөлт, дэлхийн зах зээл дээрх зэсийн баяжмалын үнийн өөрчлөлт дээр л зэсийн орлого нэмэгдэнэ. Биет хэмжээг өөрчилж чадаж буй ганц түүхий эд нь нүүрс, төмрийн хүдэр. Нүүрс сүүлийн 3 жилд идэвхтэй, экспортод болон төвсийн орлогод хүчтэй нөлөөлдөг. Үүнээс хамаарч бүх орлого төлөвлөлтөө маш болгоомжтой төлөвлөх ёстой
-Товчхондоо олсныхоо хэрээр л үрдэг жишиг улсын төсөвт нэгэнт тогтжээ. Нүүрсний үнэ өссөн, орлого өндөр үед тэр мөнгөө хааш нь хийхээ мэдэхгүй, зам, жорлон бариад дэмий үрдэг болохыг та нэг бус удаа шүүмжилж байгаа шүү дээ. Уг нь бол Баялгийн сангийн тухай хуулиараа түүхий эдийн үнийн зөрүүнээс олсон ашгаа цааш нь хийж эрсдэлээ тооцох ёстой байх. Гэвч энэ хууль бэлэг тэмдэг төдий бололтой?
-Баялгийн сангийн баримталж буй гол тулгуур үнийн өсөлт. Зэсийн баяжмал, нүүрсний үнийн өсөлтөөс орж буй ахиу орлогыг хадгалах тухай шүү дээ. Тэгэхээр энэ аргачлал болж байна уу гэдэг. Зэсийн тухайд болж байгаа юм. Нүүрсэнд Баялгийн сангийн хуульд түүхий эдээс орж буй оорлогыг тогтворжуулсан ба тогтворжуулаагүй хоёр өөр аргачлалаар тооцож байгаа. Нүүрсний хувьд үнээс илүү биет хэмжэ чухал. Илүү их хэмжээгээр экспортолж илүү орлого олж байна. Гэтэл илүү экспортолж буй орлогыг илүү их хэмжээгээр экспортолж илүү орлого олоод байна. Илүү экспортолж буй орлогыг биет хэмжээнд тогтворжуулах хэрэгтэй байна. Одоо бол нүүрсний 105 юм уу 120 гэдэг үнийн зөрүүгээр тогтворжуулалтын санд хийж байна. Тэгэхээр үүнд маш бага орлого олж байна. Үнэн хэрэгтээ нэмэлт орж буй орлого биет хэмжээгээр 40-60 сая болох хэмжээгээр орлого эрс нэмэгдэж байгаа юм. Тэгэхээр эрс нэмэгдэж буй орлогыг зарчихаад байна. Энэ нь төсвийг тогтворгүй байлгаж байгаа юм. Тогтвортой байлгах зорилго, Баялгийн сангийн агуулгыг бодвол зөвхөн үнэд биш биет хэмжээнд тогтворжуулалт хэрэгтэй. Жишээ нь, нүүрсний үнийг олон жилийн дунджаар 60 сая тонныг экспортлох бололцоотой гэж үзсэн байна. Тэгвэл 60-аас дээш давсан тонн тутмын хувийг нь баялгийн санд хийх аргачлал хэрэгтэй байна. Ингэж байж Баялгийн сан тогтвортой болно. Тэгэхээр энэ мөнгө нь ирээдүйд эдийн засгийн өсөлтийг бий болгох, эрүүл амьдрах орчныг бий болгоход зарцуулагдах ёстой. Тэгэхээр үүнд бидний баримталж буй маш чухал асуудал байгаа. Одоо бидний баримталж буй Засгийн газрын 278 дугаар тогтоолд “Төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээг төлөвлөх, санхүүжүүлэх, хянах, тайлагнах журам” уншихаар бүх процесс харагдаж байгаа биз. Гэтэл биш. Энэ журмыг мэргэжлийн бус хүмүүс , хөрөнгө оруулалтын үнэлгээ хийж үзээгүй хүмүүс харахаар энэ журамд бүх процессыг нарийвчлан зохицуулсан мэт болов ч төсөл арга хэмжээг сонгох, үнэлэх гэдэг нь байхгүй. Төслийг анх сонгох. Энэ үе шат байхгүй. Үүнийг олон улсын валютын сан дэлхийн олон улс орнуудад адилхан энэ тухай дүгнэлт өгсөн. Улсын төсвийн хөрөнгө оруулалтын менежмэнтийн аргачлалд улсын төсвийн үр ашгийг сайжруулахад хэрэгтэй үе шатуудыг дурдсахн байдаг. Тухайлбал, гурван үе шат байдаг. Нэгт, төслөө сонгох. Манайд энэ төсөл байхгүй учраас жишээ нь Зам тээврийн яам 20 зам төсөл дээр оруулж ирж байна, үүний дотор Дархан, Лүн, Тэрэлжийн зам зэрэг бий. Хэрэв төсөл сонгох шат байсан бол магадгүй эдийн засгийн үр ашигтай чухлыг нь үнэлэх ёстой. Гэтэл энэ үнэлгээ хийгдэхгүй байна. Зам тээврийн яамнаас гурвуулаа чухал гээд оруулж ирж байгаа юм. Үнэлгээ хийгээд үзвэл, маргаан болж тэрэлжийн замыг хасч байгаа шүү дээ. Хэрэв төсөл сонгох үе шат байсан бол Тэрэлжийн зам гэдэг төсөл орж ирэхгүй байх ёстой. Энэ үе шат байхгүй учраас аялал жуулчлал хөгжүүлнэ гэсэн хийсвэр бодлоор сонголт хийгээгүй төсөл хийгээд орж ирнэ шүү дээ. Шүүлтүүргүй.
Хоёрт, төслийг унших. Энэ үе шат манайд бараг байхгүй. Одоо Сангийн яамны Хөрөнгө оруулалтын газар үнэлгээ хийж байгаа. Гэхдээ хүчин чадал, ирж буй төслөөс хамааран бүрэн хийгдэхгүй байна. Одоо тэгвэл төсөв хэлэлцэх явцад Сангийн яамнаас жилд 1000 төсөл дээр хөрөнгө оруулалт үргэлжилж, шинээр 500, 600 төсөл орж ирж байна шүү дээ. Тэгэхээр нэг сарын дотор 10 хэдхэн хүн суугаад энэ төслүүдийг үнэлэх ямар ч боломж байхгүй. Хэт ачаалал нь ихэдсэн төслүүд орж ирж байна. Иймээс салбарын яам өөрөө төслийг сонгох, үнэлэх үе шат байхгүй. Зам тээврийн яам төслүүдээ үнэлэхгүй, зүгээр л гоё гэсэн төслүүдээ нийлүүлж байгаад л өгч байна. Манай салбарын яамд юу гэж бодож байна вэ гэхээр, зүгээр улсын төсвөөс ахиухан мөнгө авъя гэдэг бодолтой байна шүү дээ. Жишээ нь, Зам тээврийн яам ахиухан л зам барья гэх бодолтой атал замын үр ашиг, оновчтой байдал, аль нь чухал вэ гэдэг тоо огт байхгүй байна шүү дээ. Хамгийн харамсалтай нь, Засгийн газрын тогтоол зохицуулахгүй байгаа юм. Дараа нь манайд хэрэгжихгүй байгаа нь олон жилийн төсөвлөлт. Жишээ нь, Дарханы зам, Сайншандын газрын тос боловсруулах үйлдвэр, Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц зэрэг санхүүжүүлээд л байдаг. Ийм алдаа байдаг. Анхнаасаа төлөвлөхдөө ийм төлөвлөлттэй. Одоо манайх төсвийг төлөвлөхдөө төсвийн хөрөнгө оруулалтыг 3 жилдээ хувааж тавих журамтай. Удаан үргэлжилсэн төслийн 3 жилээс илүү санхүүжүүлэхгүй нь байна шүү дээ. Бодит байдал дээр 3 биш төслүүд 5, 8 жил үргэлжилж байна шүү дээ. Манайх оруулсан зардал, түүнээс эргэж төлөгдөх үр ашиг гэх ганцхан аргаар үнэлж байгаа байхгүй юу. Төсөл бүрээс хамаарч олон улсад хэрэгжиж буй төсвийн хөрөнгө оруулалтыг үнэлдэг маш олон арга бий. Цаашид бид 5-6 арга хэрэглэх ёстой. Ингэж аль төсөв хамгийн үр ашигтай зөв бэ гэдгийг сонгох ёстой. Ийм сонголт хийгдэхгүй байгаа учраас УИХ дээр маргаан үүсч, бараг л соёл урлаг нь эрчим хүчээсээ илүү чухал мэт ойлгомжгүй, зүгээр л амаар тайлбар хийгээд байна шүү дээ. Хэрэв аргачлал нь тодорхой бол эдийн засгийн үзүүлэлтүүдээр үнэлэгдсэн шалгуурууд байх ёстой
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!