UBN.mn сайт улиран одож буй 2024 онд улс төрийн хүрээнд болж өнгөрсөн онцлох үйл явдлуудыг тоймлон хүргэж байна. Дөрвөн жилд нэг удаа болдог УИХ-ын ээлжит сонгуультай жил гэдэг утгаараа улс төр идэвхэжсэн жил байлаа. Сонгуулийн тогтолцооны өөрчлөлт, сонирхолтой нэр дэвшүүлэлт, 126 гишүүнээс бүрдсэн парламент, хамтарсан ЗГ зэрэг нэр цохох олон үйл явдал дээр "хачир" нэмэх үйл явдлууд ч цөөнгүй өрнөсөн юм.
Ардчилсан нам "Z" үеийн Нарийн бичгийн дарга нараа томилов /2024.01 сар/
"Цус сэлбэх" бодлогыг аман дээрээ уралдуулдаг ч бодит байдал дээр нэг л учраа олж өгөхгүй явсан Ардчилсан нам 2024 оны босгон дээр залуу үеийн төлөөлөл болсон Нарийн бичгийн дарга нараа сонгосноо танилцуулав. Тэд бүгдээрээ "Z" үе буюу 1990-ээс хойш оны төлөөллүүд юм.
Ардчилсан намын Бизнес хөгжил, технологи, инноваци хариуцсан Нарийн бичгийн даргаар Н.Гансүхийг, Боловсролын асуудал хариуцсан Нарийн бичгийн даргаар "Электрон жаал" нэрээр олонд танигдсан Э.Энхпүрэвийг томилов. Харин Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан Нарийн бичгийн даргаар одоогийн УИХ-ын гишүүн С.Цэнгүүнийг томилсон. Залуучуудын хөгжлийн бодлого хариуцсан Нарийн бичгийн даргаар Б.Батзаяаг томилов. Харин Гадаад харилцаа хариуцсан Нарийн бичгийн даргаар Б.Энхдөлгөөнийг сонгов. Түүнийг УИХ-ын гишүүн асан З.Нарантуяагийн охин гэдгээр нь олон нийт таних болсон.
Үндэсний эвсэл байгуулагдаж, Н.Номтойбаяр улс төрд ЭРГЭН ИРЭВ /2024.01.29/
Нэгдүгээр сарын 19-нд болсон Монголын ногоон намын XIV их хурал болон Монгол ардчилсан намын VI их хурлын шийдвэрээр “Үндэсний эвсэл” байгуулах шийдвэр гаргаж, улмаар улс төрийн намуудын нэгдэл бүхий “Үндэсний эвсэл”-ийг байгуулж, тэргүүнээр нь Нямтайширын Номтойбаярыг сонгосон болохыг зарлав.
Н.Номтойбаяр нь 2012, 2016 онд УИХ-ын гишүүнээр сонгогдож, 2012 онд Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн дэд сайд, 2016-2017 онд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаар тус тус ажиллаж байв.
Улс төрийн нам, эвслүүд УИХ-ын сонгуулийн нэр дэвшүүлэлтээ тодруулж, "Үндэсний эвсэл"-ийн жагсаалтыг Н.Номтойбаяр тэргүүлэхээр болов. Гэвч СЕХ түүнийг нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзсан шийдвэрийг тавдугаар сарын 31-нд гаргав. Н.Номтойбаярыг “Ажилдаа хайнга хандсан” гэх үндэслэлээр буюу Эрүүгийн хуулийн 23.5 дугаар зүйлд зааснаар буруутгаж 2020 онд ял оноож байсан. Үүнд үндэслэж, нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзсаныг тэрбээр эсэргүүцэж, Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан. Улмаар Давж заалдах шатны шүүх Н.Номтойбаярыг УИХ-ын сонгуульд нэр дэвших эрхтэй гэх шийдвэрийг зургаадугаар сарын 6-нд гаргав.
Эвслийнхээ жагсаалтыг тэргүүлсэн тэрбээр сонгуулийн үр дүнд Б.Пүрэвдаваа, А.Ундраа, М.Сарнай нарын хамтаар УИХ-д орж ирсэн юм.
Т.Аюурсайханд 3 жил, Б.Ганхуягт 5.9 жилийн хорих ял оноов /2024.01.31/
"Нүүрсний" гэх хэрэгт яллагдагчаар татагдсан УИХ-ын гишүүн асан Т.Аюурсайхан, "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг нарын 11 хүнд холбогдох хэргийн гэм буруугийн шүүх хурал 14 хоногийн турш үргэлжилж, нэгдүгээр сарын 31-нд шийдвэрээ гаргасан. Тодруулбал Т.Аюурсайханд 3 жил, "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуягт 5 жил 9 сар хорих ял оноож, нийтийн албанд томилогдох эрхийг нь долоон жилээр хасах шийтгэл оногдуулав. Улмаар тэд давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахаар болсон юм.
Давж заалдах шатны шүүх өнгөрсөн есдүгээр сарын 12-нд шийдвэр танилцуулсан. Тодруулбал Б.Ганхуягт оноосон хорих ялыг 2 жилээр бууруулж 3.9 жил, Т.Аюурсайханд оноосон ялыг 4 сараар бууруулж 2.6 жил хорих ял оноосон байдаг.
Газрыг гадаадын иргэн 100 жилээр ашиглах, эзэмшихийг цуцлах саналыг 100 мянган иргэн дэмжсэнээр УИХ-аар хэлэлцэж батлав /2024.02.05/
“D-Parliament” платформын нийтийн өргөдөл хүлээн авах “D-Өргөдөл” систем дээр “Газрыг гадаадын иргэн 100 жилээр ашиглах, эзэмшихийг цуцлах” нийтийн өргөдлийг иргэн Н.Номун-Эрдэнэ санаачилсан. Нэгдүгээр сарын 23-нд санаачилсан тус өргөдлийг хоёрдугаар сарын 05-ны 10.00 цагийн байдлаар 100.117 иргэн дэмжиж, санал өгөв. Иймд дээрх асуудлыг УИХ-аар хэлэлцэх боломж бүрдсэн юм.
Дашрамд сануулахад, иргэдийн өргөдөлтэй зэрэгцэн Ерөнхийлөгч асан Х.Баттулга Төрийн ордонд мэдээлэл хийж, Хөрөнгө оруулалтын тухай хуулийг эсэргүүцэж буй шаардлагаа тухайн үеийн УИХ-ын дарга Г.Занданшатарт хүргүүлж байв.
Иймд дээрх асуудлыг УИХ-аар хэлэлцэж эхэлсэн. УИХ-ын хаврын чуулганы дөрөвдүгээр сарын 12-ны хуралдаанаар Хөрөнгө оруулалтын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцэслэн батлав. Ингэснээр хөрөнгө оруулагчид үзүүлэх татварын бус хөрөнгө оруулалтын дэмжлэгийн нэг хэлбэр болох газрыг 60 хүртэл жилээр гэрээний үндсэн дээр эзэмшүүлэх, ашиглуулах уг хугацааг гэрээний анхны нөхцөлөөр нэг удаа 40 хүртэл жилээр сунгах зохицуулалтыг тусгасан заалт Хөрөнгө оруулалтын тухай хуулиас хасагдсан.
Энэ талаар тухайн үеийн УИХ-ын дарга Г.Занданшатар "Монгол Улсын иргэн Номуун-Эрдэнэ газрыг гадаадын иргэнд 100 жилээр эзэмшүүлэх, ашиглуулах тухай 2013 оны хуулийг хүчингүй болгох санаачилгыг цахим өргөдлийн системд байршуулж, долоо хоногийн хугацаанд 100,157 иргэн дэмжиж, гарын үсэг зурсан. Үүний дагуу УИХ-аас ажлын хэсэг гарч, хуулийн төсөл боловсруулан эцэслэн батлагдлаа" гэсэн байдаг.
Газрыг гадаадын иргэнд 100 жилээр эзэмшүүлэх хуулийн заалт Ч.Хүрэлбаатарыг УИХ-аас мултрахад хүргэв
Хэдийгээр Хөрөнгө оруулалтын тухай хуулиас энэхүү заалт хасагдсан ч хууль санаачлагч Ч.Хүрэлбаатарын рейтинг нэгэнт унасан байлаа. УИХ-д тасралтгүй дөрвөн удаа сонгогдож, 16 жил суусан түүний амжилт энд хүрээд тасрав. Ганцхан заалтаас болж рейтинг нь унасан Ч.Хүрэлбаатар "Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хууль анх 1993 онд батлагдахад л байсан заалтыг гэнэт өнөөдөр би оруулаад ирсэн юм шиг улстөржиж, зохион байгуулалттайгаар дайрч буй Монголын хөгжлийг гацаасан хэсэг бүлэг хүмүүс энэ хуулийг эсэргүүцэж байгаа" гэж хэлсэн байдаг.
-Дөрвөн удаагийн сонсголын ард гарав-
Өмнөх онд нь Хөгжлийн банк, нүүрсний асуудлаарх нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол Төрийн ордныг хэсэгтээ л хөл хөдөлгөөнд оруулж, эрээд олддоггүй нөхдүүдийг босгоо давуулж байв. Харин он гарсаар эм, ногоон автобус, ашигт малтмалын лиценз, “Эрүүдэн шүүлт тулгах, хүнлэг бус, хэрцгий хандахаас ангид байх хүний эрхийн хэрэгжилт”-тэй холбоотой дөрвөн ч сонсгол болсон. Асуудал нь чухал. Хүлээлт ч байсан. Гэсэн хэдий ч бодит байдал дээр өмнө, өмнөх сонсголууд шигээ болж чадсан гэж хэлэхэд хэцүү. Ямартай ч тэд "сонсгол"-оо хийсэн.
Ц.Элбэгдорж, Л.Оюун-Эрдэнэ нарын ДИСС /2024.04 сар/
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өмнөх парламентын бүрэн эрхийн хугацааны сүүлийн хаврын чуулганы үеэр үе үе "Ачит-Ихт" ХХК болон Эрдэнэт үйлдвэрийн асуудлаар мэдээлэл хийж, эдгээр асуудалд Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж байдаг гэх мэтээр үг дайж эхэлсэн. Тэр ч бүү хэл Ерөнхий сайдын оролцсон "Улаанбаатараас ярьж байна" ярилцлагын нэвтрүүлэг өргөн нэвтрүүлгийн 14 сувгаар цацагдсан бөгөөд гол агуулга нь Ц.Элбэгдорж руу чиглэсэн байдаг.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ энэхүү нэвтрүүлэгт оролцох үеэрээ “Эрдэнэт”-ийн 49 хувь, С.Зоригийн үхэл, МАН-ын хуваагдал, Н.Энхбаярыг авлигын хэргээр шүүхээс ялласны ард АН болон Ц.Элбэгдорж байсан талаар нэр цохон тэмдэглэсэн. Үүний хариуд Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг "ХАЛЗ МЭТГЭЛЦЭЭН"-д дуудаад зогсохгүй "Rokit bay"-ийн "BLAAVGAI" дууны хэв маягийг ашиглан "дисс"-лэв.
Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг эцэслэн батлав /2024.04.19/
УИХ-ын хаврын чуулганы нэгдсэн хуралдаанаар Үндэсний баялгийн сангийн тухай хууль болон хамт өргөн мэдүүлсэн Ирээдүйн өв сангийн тухай, Хуримтлалын сангийн тухай, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн төслүүдийг эцэслэн батлав.
Тус хуулийн төсөл нь нийт таван бүлэг, 16 зүйлээс бүрдэх бөгөөд Үндэсний баялгийн санд Ирээдүйн өв сан, Хуримтлалын сан, Хөгжлийн сан багтах юм. Мөн доорх үр нөлөөг үзүүлнэ гэж тооцоолсон. Үүнд:
Хөгжлийн сангаар дамжуулан хөгжлийн төсөл, хөтөлбөрийг санхүүжүүлснээр үр өгөөжийг одоо ба ирээдүй үеийн иргэн бүр тэгш хүртэх боломж бүрдэнэ. Хуримтлалын сангаар дамжуулан иргэн бүрийн эрүүл мэнд, боловсрол, орон сууцны суурь хэрэгцээг хангах хөтөлбөрүүд хэрэгжүүлснээр иргэний эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг нь баталгаажуулах нөхцөлийг бүрдүүлнэ.
Ирээдүйн өв сангаар дамжуулан иргэн бүрд тэгш хүртэх хуримтлалыг бий болгоно. Ирээдүйн өв сангийн хуримтлалын зарим хэсгийг өндөр өгөөжтэй, эрсдэл багатай гадаад санхүүгийн хэрэгсэлд хөрөнгө оруулалт хийх, хөрөнгийн зах зээлээс өгөөж хүртэж, санг арвижуулах боломжийг бүрдүүлнэ" хэмээн хуулийн төсөлд тусгасан.
Нам, эвслүүд УИХ-ын сонгуулийн нэр дэвшүүлэлтээ тодруулав /2024.05.20/
2024 оны УИХ-ын сонгуульд оролцох нам, эвслүүд тус тусын хурлаа зохион байгуулж, нэр дэвшүүлэлтээ тодруулав. Холимог тогтолцоогоор явагдсан сонгуульд тойрогт өрсөлдөх 78, жагсаалтаар нэр дэвших 48 хүнийг тодруулсан. Нэр дэвшүүлэлтээс онцолбол, МАН-ын жагсаалтыг одоогийн УИХ-ын гишүүн Г.Лувсанжамц тэргүүлсэн бол АН-ыг жагсаалтыг Л.Гантөмөр, ХҮН намынхыг Т.Доржханд, "Үндэсний эвсэл"-ийнхийг Н.Номтойбаяр нар тус тус тэргүүлэн нэр дэвшив.
Ерөнхийлөгч асан Х.Баттулга УИХ-ын сонгуульд нэр дэвшиж, ялалт байгуулав /2024.06-р сар/
Нам, эвслүүдийн нэр дэвшүүлэлт тодорхой болж, энэ дундаас онцлох хүмүүс гарч ирэв. Тухайлбал, АН-аас УИХ-ын 4-р тойрогт Ерөнхийлөгч асан Х.Баттулга нэр дэвшихээр болсон нь олны анхааралд байв. Арга ч үгүй биз, Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан хүн УИХ-д нэр дэвшсэн анхны тохиолдол болсон. Уг нь тэрбээр дөрөвдүгээр сарын 20-нд С.Зориг агсны хөшөөнд цэцэг өргөх үеэрээ "Би нэр дэвшихгүй. Залуучуудаа дэмжиж ажиллана" гэж хэлсэн нь тодхон ч сарын дараа гэнэт нэр дэвших хүсэлтээ гаргасан байдаг.
Гэвч тэрбээр зургаадугаар сарын 7-нд нэр дэвшигчдэд үнэмлэх, батламж гардуулах үйл ажиллагаанд оролцоогүй юм.
Сонгуулийн сурталчилгааны үеэр НАМЧИРХАЛААС болж нэгнээ хөнөөж, Л.Оюун-Эрдэнэ Л.Гантөмөрөөс уучлал гуйв /2024.06.15/
УИХ-ын сонгуулийн сурталчилгаа эхэлснээс хойш тав хоногийн дараа нийгмийг цочроосон харамсалтай хэрэг гарав. Тодруулбал, Өвөрхангай аймгийн Сант сумын АН-ын дарга Б.Баянмөнх бусдын гарт амиа алдсан юм. Цагдаагийн байгууллагаас шалгалтын ажиллагаа явуулахад МАН-ын ухуулагч О нь архидан согтуурсан үедээ "Даргын уулзалтад яахаараа ирдэггүй юм" гэх байдлаар амь хохирогч руу дайрч, амийг нь хөнөөсөн нөхцөл байдал тогтоогдсон гэж мэдээлж байв.
Хэрэг үйлдсэн гэх ухуулагч нь О нь Батлан хамгаалахын сайд асан Г.Сайханбаярын ухуулагчаар ажиллаж байсан тул МАН-аас мэдэгдэл хийж, Г.Сайханбаярыг нэр дэвшигчээс эргүүлэн татах шийдвэр гаргаснаа мэдэгдэж байв. Гэвч СЕХ-ноос "Нэгэнт саналын хуудсанд тэмдэглэгдсэн тохиолдолд нэр дэвшигчдийн жагсаалтаас хасалт хийх боломжгүй. Харин нэр дэвшигч санал авахгүйн тулд өөрийн хүсэлтээр сурталчилгаагаа зогсоож, штабаа тарааж болно" гэх мэдээллийг өгсөн байдаг.
Болсон хэрэгтэй холбогдуулан МАН-ын дарга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ АН-ын дарга Л.Гантөмөртэй уулзаж, эмгэнэл илэрхийлсэн.
УИХ-ын сонгуулийн үр дүнгээр МАН 68, АН 42, ХҮН нам 8, Үндэсний эвсэл, ИЗНН тус бүр 4 суудал авав /2024.06.28/
Үндсэн хуульд орсон өөрчлөлтийн хүрээнд холимог тогтолцоогоор явагдсан сонгуулийн дүнгээр МАН 68, АН 42, ХҮН нам 8, Үндэсний эвсэл 4, ИЗНН 4 суудал авсан. УИХ-ын ээлжит сонгуульд 19 нам, хоёр эвсэл, 40 гаруй бие даагч буюу нийт 1341 нэр дэвшигч өрсөлдсөн. 2.2 сая орчим сонгогч саналаа өгөхөөр бүртгүүлснээс 1.4 сая нь саналаа өгсөн юм.
Засгийн ГАЛ ТОГООГ базаж байсан Д.Амарбаясгалан 126 гишүүнтэй ангийн дарга болов
УИХ-ын Анхдугаар чуулган долоодугаар сарын 2-нд хуралдсан. Энэ үеэр өнгөрөгч дөрвөн жилд ЗГХЭГ-ын гал тогоог базаж ажилласан Д.Амарбаясгаланг УИХ-ын даргаар томилсон. Түүнийг МАН-ын Удирдах зөвлөлөөс УИХ-ын даргад томилуулахаар нэр дэвшүүлэхийг дэмжсэн. Улмаар УИХ-ын чуулганд оролцсон гишүүдийн 121 нь дэмжиж, Х.Баттулга тэргүүтэй 5 гишүүн татгалзсанаар Д.Амарбаясгаланг УИХ-ын даргаар томилсон байдаг.
-УИХ-ын дарга асан Г.Занданшатар ЕТГ-ын даргаар томилогдов /2024.07.03/-
76 гишүүнтэй сүүлийн парламентын “Ангийн дарга” хийсэн Г.Занданшатар бүсчилсэн тойргийн өрсөлдөөнөөс “мултарсан” ч ЕТГ-ын даргын албан тушаал дээр буув. Учир нь ЕТГ-ын даргаар ажиллаж байсан Я.Содбаатар МАН-ын Генсекээр томилогдож, намын гал тогоог базах болсноор гурван ч парламентын нүүрийг үзээд амжсан Г.Занданшатар Ерөнхийлөгчийн дэргэд очсон нь энэ юм.
-Хоёр ч сөрөг хүчин нь МАН-ын Засгийн газарт хамтрав /2024.07.04-2024.07.10/-
Сонгуульд ялалт байгуулсан МАН-ын дарга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өөрийн байгуулах Засгийн газартаа АН, ХҮН намуудыг татан оруулсан нь улс төрийн хүрээнд багагүй анхаарал татсан үйл явдал байв. Гэхдээ эл төлөвлөгөөгөө аль хоёр жилийн өмнө л сонгуулийн тогтолцоог өөрчилж байхдаа зурсан байсан зураг гэдгийг учир мэдэх хүмүүс олонтоо хэлдэг. Ийнхүү МАН-д 12, АН-д 8, ХҮН намд хоёр сайдын суудал ногдсон энэ бүтэц түүхэндээ хамгийн олон буюу 22 сайд, 16 яамны бүрэлдэхүүнтэйгээр ажиллаж байна.
-2024 оны төсвөө 3.1 их наядаар тодотгож, ирэх оны төсвийн төслийг өргөн барив /2024.08.12-2024.08.30/-
Засгийн газраас 2024 оны төсвөө гурван их наяд төгрөгөөр тодотгохоор хуулийн төслийг УИХ-д өргөн барьж, ээлжит бус чуулган хуралдав. 14 мега төслийг хөдөлгөнө хэмээн “бачимдсан” Засгийн газрын тодотголыг УИХ дэмжиж өгөөд явуулав. Үүнтэй зэрэгцэн наймдугаар сарын 30-нд Засгийн газар хуулийн хугацаандаа 2025 оны төсвийн тухай хуулиа өргөн барьсан юм. Товчхондоо, улс төрийнхөн эл сард улсын төсвөөр бүхэлдээ “амьсгалав”.
-ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин албан ёсны айлчлал хийв /2024.09.03/-
Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгч Владимир Владимирович Путины монголд хийсэн энэ айлчлал олон улсын анхааралд байв. Айлчлалын үеэрх яриа хэлэлцээний үр дүнд “Газрын тосны бүтээгдэхүүн нийлүүлэх салбарт хамтран ажиллах тухай”, “Улаанбаатар хотын Дулааны гуравдугаар цахилгаан станцын өргөтгөл, шинэчлэлийн төслийн зураг төсөл, төсөв боловсруулах тухай” Засгийн газар хоорондын хэлэлцээрт гарын үсэг зурсан. Үүгээр “Эгийн голын усан цахилгаан станц”-ыг барих ажил урагшилна гэдэгт хүлээлт тавьж, Монгол Улс, Евразийн эдийн засгийн холбоо хооронд Чөлөөт худалдааны түр хэлэлцээр байгуулах талаар ч ярьж тохиролцсон байдаг.
-Орон нутгийн сонгуульд МАН амжилтаа ахиулж, ХҮН "сугарав" /2024.10.11/ -
10 нам, эвслийн 17,278 нэр дэвшигч 8031 суудлын төлөө өрсөлдсөн энэ удаагийн орон нутгийн сонгуульд МАН үнэмлэхүй ялалт байгуулав. Тухайлбал, 21 аймгийн 14-д МАН олонх болж, үлдсэн долоон тойрогт нь АН-ын төлөөлөгчид ялалт байгуулсан юм. Харин НИТХ-д МАН-аас 40, АН-аас 5 суудал авсан бол 2020 оны сонгуулиар гурван ч төлөөлөгчтэй болж байсан ХҮН нам энэ удаа суудалгүй хоцров.
-2025 оны төсвөө хоёр удаа УИХ-ын босго давуулж байж, шинэ оны зааг дээр батлуулав-
35.8 их наядын зарлагатай байхаар тусгасан 2025 оны төсвийг УИХ хэлэлцэн баталсан ч Ерөнхийлөгчөөр хориг тавиулав. Улмаар хэлэлцэх дэг дээрээ тохирч чадалгүй дахин Засгийн газар руу буцааж, ажлын хэсэг гаргаж, алдагдалгүй төсөв батлах гэсээр хугацаа ч алдаж, ихээхэн шүүмжлэлтэй нүүр тулсан. Гэсэн хэдий ч шинэ оноос өмнө амь наана, там цаана гэгч нь ирэх оны төсвөө баталж, алх цохив.
-Төсвийн зардлыг бууруулах "акц"-ыг өрнүүлэв-
Ерөнхийлөгчийн хоригийг парламент нь алга таших шахуу хүлээж авахын өмнөхөн 2025 оны төсвийн урсгал зардлыг бууруулах саналыг УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин, Г.Тэмүүлэн, Ж.Баярмаа, Б.Түвшин нарын гишүүд гаргаж, шаардлагаа Ерөнхий сайдад атгуулсан. “Мартсанаас мал мэнд үү“ гэгчээр намуудад мөрийн хөтөлбөрийг нь сануулж төсвийн зардлаа бууруулахыг шаардсаныхаа төлөө зарим гишүүд нь "Намынхаа бодлого сөрсөн" гэх үгэнд ороогдоод ч амжсан. Гэсэн хэдий ч тэдний энэ акц төсвийн хэлэлцүүлгийг урагшлуулж, алдагдалгүй төсөв батлах үйл явцыг түргэсгэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн гэж хэлж болно.
-Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсөвт бүхэлд нь хориг тавив /2024.11.20/-
Шинэ оны зааг дээр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ирэх оны төсөвт бүхэлд нь хориг тавьж, Монголын улс төрийн хамгийн том нь гэдгээ бүгдэд дахин нэг сануулж амжив. Богинохон хугацаанд өрнөж орхисон эл процесс дээр УИХ өөрөө өөрийгөө үгүйсгэж эвгүй байдалд орсон ч хоригийн дагуу төсвөө алдагдалгүй батлав.
- Л.Оюун-Эрдэнэ, Лу.Гантөмөр, Т.Доржханд гурав хамтарсан ЗАСГАА ХАМГААЛАХЫН тулд улс төрийн намын хууль хэрэгжих хугацааг нэг жилээр хойшлуулав-
Улс төрийн намын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн хэрэгжилтийг 2028 он хүртэл хойшлуулах санаачилгыг Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар гаргаж, парламентаар алх цохиулав. Ингэснээр Л.Оюун-Эрдэнэ, Лу.Гантөмөр, Т.Доржханд нар өөрсөд дээр нь гал дуудаж мэдэх намын их хурлаа хийх хугацаагаа 2028 он хүртэл хойшлуулж чадав. Угтаа тэд энэ өөрчлөлтөөр хамтарсан Засгийн газрынхаа насыг уртасгах боломжоо олж атгасан юм.
Б.Дарьсүрэн
Ц.Янжиндулам
Сэтгэгдэл (5)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!