УИХ-ын гишүүн Ж.Галбадрах Сэлэнгэ аймгийн Мандал сумын 4 дүгээр сургуульд очиж ажиллажээ. Энэ тухай тэрбээр "УИХ-ын гишүүний хувиар орон нутагт ажиллаж явахдаа хүсэл мөрөөдөл хүрэх замаа тодорхойлчихсон, харц нь гэрэлтэй сурагчидтай таарлаа.
Тэд бол Сэлэнгэ аймгийн Мандал сумын ЕБС-ийн 4 дүгээр сургуулийн 12-р ангийн Анужин, Болорчимэг, Номингоо нар. Олзуурхууштай сайхан нь гурвуулаа багш болох мөрөөдөлтэй гэнэ. Хоёр нь нийгмийн ухааны, нэг нь монгол хэлний багш болохоор шийдсэн гээд итгэл дүүрэн ярилаа. Нэг нь ээжтэйгээ зөвлөлдөж мэргэжлээ сонгожээ. Бас нэг нь Мөнхбаатар багшийгаа хараад багш болохоор шийдсэн гэсэн бол нөгөө нь сурагч болгоноо ЭЕШ-д 800 оноотой төгсөх мөрөөдөлтэй гэж байна.
Ганц мөрөөдлөө төдийгүй багш мэргэжлийн үнэ цэнийн талаар ч сургуулийнхаа алсын хараа, үнэт зүйл, сургуулийн соёл төлөвшлийн талаар ч хуваалцав. Хоёрхон жилийн өмнө эхлүүлсэн сургуулийн менежментийг сайжруулах төслийн ажлын хүрээнд ийнхүү сургуулиа, сурагчдаа хөгжүүлж байгааг харах урамтай сайхан аж.
Би улс орон хөгжие гэвэл хүн нь, хүн нь хөгжие гэвэл сургалт нь чанартай байх ёстой гэсэн зарчим баримталдаг хүн.
Энэ охид шиг багш болох хүсэл мөрөөдөлтэй залуусыг хараад маш их баярладаг. Иймээс ч шилдэг төгсөгч багш болдог хөтөлбөрийг санаачлах гэж байгаа юм.
Энэ нь;
- Элсэлтийн ерөнхий шалгалтад 600-аас дээш оноо авсан хүүхдийг шилдэг төгсөгч гэж үзнэ. Ийм хүүхэд багш болбол төр амлалт өгч, эдийн засгийн сайн хөшүүрэг гаргахаас өөр аргагүй.
- Тухайлбал 600-аас дээш оноо авсан хүүхэд багшийн сургуульд элсвэл төлбөрийг нь 100 хувь даахаас гадна сар бүр тэтгэлэг өгье. Өндөр оноо авсан хүүхэд багш болох тусам улам сайн нөхцөл санал болгох хэрэгтэй.
- Боловсролын зээлийн сангаас тэр хүүхдүүдэд тэтгэлэг олгож яагаад болохгүй гэж. Тэтгэлэг, төлбөрийн хөнгөлөлт авсаныхаа төлөө орон нутагтайгаа гэрээ байгуулж, төгсөөд нутагтаа ирж ажиллана.
- Төгсөөд гэрээний дагуу сум, орон нутагтаа очиж багшилна.
- Сум, орон нутагт элсэлтийн ерөнхий шалгалт өгөөд өндөр оноо авсан хүүхдүүдэд гадаадад сургуульд явах боломж маш хомс. Тиймээс сум, орон нутагт 5-аас дээш жил үр бүтээлтэй багшилбал гадаадад магистрт сургадаг тогтолцоог бүрдүүлмээр байна.
- Өөрөөр хэлбэл багш мэргэжлээр их сургууль төгссөн оюутан сумандаа буцаж ирээд таван жил сайн ажиллавал гадаадад магистрт үнэ төлбөргүй, тэтгэлгээр сургана гэсэн үг.
Магистр хамгаалчихаад буцаж ирээд дахиад таван жил ажиллавал Боловсролын зээлийн сангаас авсан тэтгэлгийг нь 100 хувь тэглэнэ гэдэг ч юм уу. Ийм хөшүүрэг хийх хэрэгтэй байна" гэжээ.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!