Арга хэмжээг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайд С.Зулпхар, Эдийн засаг, хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Х.Батжаргал, Дэлхийн банкны Монгол, Хятад, Солонгос улсыг хариуцсан захирал хатагтай Мара Уорвик, нар нээж үг хэлсэн.
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайд С.Зулпхар хэлсэн үгэндээ, “Сүүлийн 10 жилийн байдлаар ажлын байрны эрэлтийн чиг хандлагыг зорилтот бүлгийн иргэдээр авч үзэхэд эмэгтэйчүүд, залуучуудад зориулсан ажлын байраар хангах эрэлтийн хандлага буурч байгаа нь анхаарал татсан асуудлуудын нэг хэвээр байна. Цаашлаад бид хөдөлмөрийн зах зээлийн мэдээллийн системийг боловсронгуй болгох, илүү идэвхтэй, хүртээмжтэй болгоход судалгааны үр дүнд суурилсан бодлого боловсруулах шаардлагатай”-г онцолсон.
Тус бага хуралд Харвардын их сургуулийн профессор Рикардо Хаусманн “Байгалийн арвин баялагтай улс орнуудын өсөлтийн асуудал” сэдвээр илтгэл тавьж, Дэлхийн банкнаас явуулсан “Монгол Улсын хөдөлмөрийн зах зээлийн дүн шинжилгээ” сэдэвт судалгааны тайланг хэлэлцлээ.
Тайланд Монгол Улсын хөдөлмөрийн зах зээлд хоёр томоохон сорилт тулгарч байгааг дурдсан. Тодруулбал, өмнөх 10 жилд бий болгосноос илүү өндөр цалинтай, эрүүл, аюулгүй, тогтвортой ажлын байрыг олноор бий болгох, нийгмийн зорилтот бүлгүүд рүү чиглэсэн, тэдгээрийн ажиллах хүчний оролцоог нэмэгдүүлэх шаардлагатайг онцолсон юм.
Дэлхийн банк хийсэн судалгаан дээрээ үндэслэн хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, нийлүүлэлтийн бүтэц, өнөөгийн чиг хандлагыг тодорхойлох, эдийн засгийн салбаруудад оруулж буй хөрөнгө оруулалт нь эдийн засгийн өсөлтөд цаашлаад салбарын хөдөлмөр эрхлэлтэд хэрхэн нөлөөлж байгааг илрүүлэх, бизнесийн орчин ба салбар хоорондын уялдаа холбоог сайжруулах, эдийн засгийг төрөлжүүлэхтэй холбоотой зөвлөмжүүдийг өгч байгаа нь хөдөлмөр эрхлэлтийн талаар явуулж байгаа бодлого, үйл ажиллагааг сайжруулахад үнэтэй хувь нэмэр оруулна гэдгийг оролцогчид онцоллоо.