
Гол, усны ослоос урьдчилан сэргийлэх, иргэдийн сонор сэрэмжийг нэмэгдүүлэх зорилгоор “Оюутан аврагч” хөдөлгөөнт эргүүл Сонгинохайрхан дүүрэгт ажиллаж байна.
Нийслэлийн Онцгой байдлын газраас Гамшгийн эрсдэлийг бууруулах Нийслэлийн зөвлөлийн дэмжлэгтэйгээр Монголын Улаан загалмай нийгэмлэг, Монголын Оюутны холбоотой хамтран “Оюутан аврагч” арга хэмжээг анх удаа зохион байгуулж байгаа.

Энэ хүрээнд нийслэлийн их, дээд сургуулийн 100 оюутан, Монголын Улаан загалмай нийгэмлэгийн 40 сайн дурын идэвхтэн гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх, үер, усны ослоос хамгаалах, анхны тусламж үзүүлэх, аюулгүй ажиллагааны чиглэлээр сургалтад хамрагдсан байна.
Сургалтад хамрагдсан оюутнууд дүүргийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчидтай хамтран практик үйл ажиллагаанд оролцож, иргэдийн аюулгүй байдлыг хангах, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр ажиллаж байна.

Тодруулбал, Сонгинохайрхан дүүрэгт өдөр бүр 10 оюутан Онцгой байдлын хэлтсийн бэлтгэл ээлжийн 6 алба хаагчтай хамтран Яармагийн гүүрээс Сонсголонгийн гүүр хүртэлх маршрутад хөдөлгөөнт эргүүлийн үүрэг гүйцэтгэж байна.
Энэ үеэр гол, усны эрэг орчимд зорчиж, амарч буй иргэдэд усны ослоос урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлэг, зөвлөмж хүргэж, урьдчилан сэргийлэх тараах материал түгээж байна.
Түүнчлэн бага насны хүүхдэд тавих хараа хяналтаа сайжруулах, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ усанд орохгүй байх, баталгаагүй гарц болон усан замаар зорчихгүй байх зэрэг аюулгүй байдлын зөвлөмжийг иргэдэд өгч, сонор сэрэмжтэй байхыг уриалж байна.
“Оюутан аврагч” арга хэмжээ 9 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл үргэлжилж, хөдөлгөөнт эргүүлээр дамжуулан иргэдийн аюулгүй байдлыг хангах, гол, усны осол болон болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхэд чиглэн ажиллана.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!