
Монгол Улсын иргэн болсон сагсан бөмбөгчин Амари Робинсон “Айчи-Нагояа 2026” Азийн наадамд Монголын шигшээ багийн бүрэлдэхүүнд оролцохоор болжээ.
Өдгөө 26 настай Амари Робинсон 183 см өндөртэй бөгөөд довтлогчийн байрлалд тоглодог тоглогч юм. Тэрбээр АНУ-ын Клемсон их сургуулийн багт тоглож байсан бөгөөд улмаар Европ, Австралийн лигүүдэд мэргэжлийн түвшинд тоглосон туршлагатай.
Робинсон өнгөрсөн онд Монголд ирж, “Улаанбаатар Амазонс” багийн бүрэлдэхүүнд тоглох болсон. Энэ хугацаанд Монголын сагсан бөмбөгийн орчинд өөрийн тоглолтоороо танигдаад зогсохгүй, Монгол Улсын иргэн болох хүсэлтээ гаргасан юм.
Түүний Монголын иргэншилтэй болох асуудал шийдэгдсэнээр шигшээ багт тоглох боломж бүрдсэн ч олон улсын тэмцээнд Монголын нэрийн өмнөөс оролцохтой холбоотой FIBA-ийн шаардлага, бүртгэлийн асуудал хүлээгдээд байсан юм.
Харин энэ удаад шигшээ багийн өмсгөлөө гардан авсан нь Амари Робинсон Монголын эмэгтэйчүүдийн шигшээ багт нэгдэж, “Айчи-Нагояа 2026” Азийн наадамд эх орноо төлөөлөн оролцох гэж байгааг илтгэж байна.
Робинсон энэ оны зургадугаар сард Улаанбаатарт болсон FIBA 3x3 Women’s Series тэмцээнд “Улаанбаатар Амазонс” багийн хамтаар түрүүлж, тэмцээний MVP-ээр шалгарсан нэгэн юм.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!