
-УИХ-ын гишүүн Э.Болормаатай төсвийн тодотгол болон цаг үеийн улс төрийн асуудлаар ярилцлаа-
-Засгийн газраас оруулж ирсэн төсвийн тодотголыг энэ долоо хоногт ээлжит бус чуулган болон байнгын хороодоор хэлэлцэж байна. Эдийн засагч гишүүний хувьд харахад хэр бодит тооцоо, судалгаатай тодотгол орж ирэв гэж харж байна гэдгээс ярилцлагаа эхэлье?
-ЗГ-аас наймдугаар сарын 20-нд төсвийн тодотголыг өргөн барьсан. Бид цаг алдалгүй хэлэлцэх ёстой гэж үзэж, намрын ээлжит чуулган эхлэхээс долоо хоногийн өмнө ээлжит бус чуулганаа зарлаж, хэлэлцэж эхэлж байна. Энэ удаагийн төсвийн тодотголыг харин ч хоцорч орж ирж байна гэж би харж байна. 2026 оны эхний хагас жилийн байдлаар төсвийн алдагдал аль хэдийнэ 1.2 их наядад хүрсэн. Гэтэл энэ алдагдлаа бус өмнөх Засгийн газрын буруу тооцооллын алдааг засахаар энэ удаагийн тодотгол орж ирлээ. Үүнийг задлаад харах юм бол, дийлэнх нь багш эмч нарын дутсан цалинг нөхөх зорилготой зарлага орж ирж байна. Түүнийг хийхийн тулд тодорхой хэмнэлтүүд орж ирж байгаа юм.
Өнгөрсөн хавар ч "Алдагдал үүсчихсэн байна. Тодотголоо яаралтай оруулж ирээч" гэж хэлж байсан. Тухайн үед Сангийн яамны зүгээс мэдэгдэхдээ өмнөх ЗГ 2025 онд 2026 оны татварын орлогыг түрүүлж аваад ашиглачихсан учраас орлого дутаж байна гэдэг зүйлийг хэлсэн. Тухайн үед төсөв тодотгохоос өөр аргагүй нөхцөлд байдалд орчихсон байсан. Багш, эмч нарын цалинг нэмнэ гээд амлачихсан. Гэвч түүнийгээ төсвийн тооцоололд оруулаагүй байсан. Одоо бид үүнийг засахаар ярилцаж байна. Мөн төсвийн хэлэлцүүлгийн үеэр инфляцын асуудлыг маш өргөн хүрээнд авч үзэж, ярилцах ёстой. Монгол Улсын айл өрх бүр өөрсдийн "төсвийн тодотгол"-оо хийчихсэн байгаа. Статистик тооцооллоор ярьж үзвэл, цар тахлаас хойш өрхийн бодит ор сардаа лого буурсан. Үүнийг дагаад өрхийн зарлага ч буурсан байна. Өмнө нь өрхийн орлого буурахаар зээл аваад ч хамаагүй түүнийгээ нөхдөг байсан бол одоо бүсээ чангалж, зарлагаа ч дагаад бууруулж байна. Өөрөөр хэлбэл, ард иргэд хэдийнэ бүсээ чангалаад эхэлчихсэн. Энэ утгаараа төр одоо л бүсээ чангалъя гэж оруулж ирж байгаа нь хоцорсон явдал гэж харж байна.
-Тодотгол дээр гол хэдэн л агуулга яригдана. Үүнд цалин, тэтгэврийн нэмэгдэл, хуулийн үйлчлэх хугацааг урагшлуулах болон зарим салбар дахь татаас дэмжлэгийн асуудал багтаж байна. Таны зүгээс тодотголын хэлэлцүүлгийн үеэр инфляцын асуудлыг дэлгэрэнгүй авч үзэх ёстой гэдгийг хэлж байна шүү дээ. Хэдийгээр цалин, тэтгэврийг нэг сарын өмнө ч болтугай нэмээд иргэдийнхээ орлогыг нэмэгдүүлье гэж байгаа боловч түүний цаана инфляцын асуудал яалт ч үгүй хөндөгдөөд байна?
-Нэгдүгээрт, бид сүүлийн гурван сарын хугацаанд үүсэх асуудлыг л тодотгохоор ярьж байна. Эхний 9 сардаа худлаа хэлчихсэн байгаад байна шүү дээ. Төсвийн тодотголын хэлэлцүүлгийн үеэр инфляцын асуудлыг чухалчилж ярих ёстой. Монгол Улсын эдийн засгийн тусгаар тогтнол нь дундаж давхаргаар баталгааждаг. Гэтэл дундаж давхарга үгүй болж байна. Орлогын тэгш бус байдлаас шалтгаалж кастын системд шилжих хэмжээнд хүрэх гээд байна. Энэ бол бидний хувьд маш том эрсдэл. Үүнд л Засгийн газар хамгийн түрүүнд анхаарлаа хандуулах ёстой. Цалин, тэтгэвэр нэмнэ гэдэг нь араас нь хөөж байгаа арга хэмжээ шүү дээ. Таны халаасанд байсан 100 төгрөгийн үнэ цэн өнөөдөр 60,80 төгрөг болоод буурч байгаа учир түүнийг нь нөхөх гээд цалин, тэтгэвэр нэмж байна. Тэгвэл хувийн хэвшил яах юм. Орлого бүрдүүлж байгаа хэсэг шүү дээ. Хувийн хэвшлийнхээ орон зайг улам их хумьж байна. Үүний нөлөөг яаж тооцож байгааг бид ярих ёстой. Ирэх жилийн төсөв дээр ч ялгаагүй ярих ёстой. Нэг талдаа Монголбанк инфляцыг барих үүрэгтэй боловч эргээд энэ нь нийлүүлэлтийн гаралтай буюу төсвөөс болж байгаа учир ЗГ хариуцах ёстой гэдэг. Гэтэл нөгөө талд ЗГ-ын зүгээс Монголбанк хариуц гэдэг. Энэ дунд л инфляцын асуудал хаягдаад байна.
Үнэндээ ард иргэдэд хэнийх нь хариуцлага вэ гэдэг нь хамаагүй шүү дээ. Бид инфляц үнийн өсөлтөө л барих ёстой. Ард иргэд бүх л зардал дээрээ бүсээ чангалж байна. Түүнчлэн оны эцэст шатахуун түлш нэмэгдсэний нөлөө улам мэдрэгдэнэ. Нөгөөтээгүүр бид зөвхөн Улаанбаатар хотоор төсөөлж болохгүй. Алслагдсан аймаг, сумдад энэ нөлөө улам ихээр мэдрэгдэнэ. Энэ бүрийг ирэх жилийн төсөв дээрээ яаж тооцох вэ гэдэг нь анхаарал татаж байна. Одоо өргөн бариад буй тодотгол дээр нэлээн төсвийн тэлэлттэй байгаа. Энэ нь инфляцыг өдөөх шинж чанартай байгааг би гэлтгүй эдийн засагчид хэлэх байх.
-Монголбанкны зүгээс төсвийн тодотгол батлагдсанаар инфляцт 0.7 хувийн л эффект үзүүлнэ тооцооллыг танилцуулсан гэж зарим гишүүд хэлсэн. Ийм тооцоолол үнэхээр танилцуулагдсан уу?
-УИХ-ын ээлжит бус чуулганы хуралдаанд Монголбанкны дэд Ерөнхийлөгч төсвийн тодотгол батлагдсанаар инфляц 18 хувьд хүрнэ гэдэг тооцооллыг хариуцлагатайгаар хэлсэн. Энэ тооцооллыг араас нь хараагүй байна. Гэхдээ энэ зүйлийг тэдний зүгээс хэлсэн. Энэ бол маш өндөр дүн шүү дээ. Суурь инфляц аль хэдийнэ өндөр болчихсон байгаа. 9 сарын өмнө л бид зургаан хувийн инфляцтай байсан. Дахиад хэлэхэд, шатахууны үнэ нэмэгдсэний нөлөөллийг бид мэдэрч эхлээгүй байна.
-Нэг талдаа инфляцыг өдөөх эрсдэлтэй гэдгийг гишүүдийн төдийгүй эдийн засагчдын зүгээс хөндсөөр байна. Харин нөгөө талд инфляцыг тогтвортой барих чиглэлд нь ЗГ ямар арга хэмжээ авахаар тусгаж оруулж ирсэн бэ?
-Байнгын хороон дээр хэлэлцүүлэг өрнөж байх үеэр энэ агуулгыг хөндөхөд, зоорь л ярьж байна лээ. Гэхдээ яг аж ахуйн түвшинд ажиллаж, аймгийн орон нутгийн Засаг даргаар ажиллаж байсан хүний хувьд харахад ганц зоориор л шийдэгдчих асуудал биш. Асуудал руугаа нэлээн нарийн орох ёстой. Махыг сонгоод ярья л даа. Үүнийг бодлоготой, бодлогогүйн дунд хаячихлаа. Нэг талдаа махны үнэ өндөр байх нь малчдад сайн хэрэг. Нөгөө талдаа нүүдэлчин ахуй соёл, мал аж ахуйтай орон хэр нь нэг килограмм махыг 40 мянган төгрөгөөр авна гэдэг бол дэлхийд үнэтэйд тооцогдоно шүү дээ. Өөрөөр хэлбэл, 10 ам.долларын үнэтэй мах иднэ гэдэг дэлхийд үнэтэйд орно. Энэ дунд зөв бөгөөд тэнцвэрт байдлаа олох ёстой. Өнгөрсөн намар маш хямд үнээр, маш их мах экспортолсон. Энэ бол бодлогын алдаанаас л үүдсэн зүйл.
-Өнгөрсөн жил улаан, ногоон лаазаар яаж төсөв баталж байлаа даа. "Би хэлж байсан биз дээ" гэж хэлээд суух нь таатай биш байгаа ч төсөвтөө ухаантай хандахгүй бол дараа жил нь ийм л байдалтай сууж байна-

-Төсвийн тогтвортой байдлын зөвлөлөөс тодотголыг бодлогын хувьд зөв арга хэмжээ биш боловч өнөөгийн тулгамдсан асуудлыг шийдэхийг хичээсэн хувилбар гэх дүгнэлтийг өгсөн байна лээ. Магадгүй тодотгол хийхгүйгээр эдийн засгийн хүнд нөхцлийг давж гарах, өмнөх бодлогын алдаагаа шийдвэрлэх боломж шийдэл байгаагүй юу гэдэг асуудлыг ч хөндмөөр л санагдаж байна?
-Тодотголыг заавал сөрөг зүйл мэт харах нь өрөөсгөл. Өмнөх жил нь бид төсөв дээрээ төлөвлөлт гаргаад, түүнийгээ хууль болгоод баталдаг. Гэтэл төлөвлөгөө давж биелдэг жил байдаг. Бид төлөвлөснөөсөө илүү мөнгөтэй болчихлоо шүү дээ. Энэ нөхцөлд түүгээр юу хийх вэ гэдгээ тооцоолоод тодотголоо хийдэг. Харин энэ удаагийнх бол эсрэгээрээ орлого дутсанаас үүдэлтэйгээр оруулж ирж байгаа тодотгол болж байна. Тэр дундаа амлалт дээрээ тооцооллоо хийгээгүй байна.
Өмнөх Засгийн газар гээд ярихаар тэрний, энэний алдаа гэж яримааргүй байна. Гэхдээ бодит үнэн л тэр. Тэр үед улаан, ногоон лаазаар яаж төсөв баталж байлаа даа. Тухайн үед шүүмжилж байсан хүмүүсийн нэг нь би. "Би тэр үед хэлсэн биз дээ" гэж хэлээд суух нь өөрөө таатай биш байгаа ч бид төсөвтөө ухаантай хандахгүй бол дараа жил нь ийм байдалтай л сууж байна. Энэ буруу төлөвлөлтийн горыг иргэд л үүрч байгаа шүү дээ. Цалинг нь нэмнэ гэж худлаа ярьчхаад нэмээгүй. Түүнийг нь одоо засах гээд сууж байна. Цалин нэмэх сурагаар юмны үнэ ч нэмэгдэнэ. Үнэ нэмэгдэх тусам бидний халаасанд байгаа мөнгөний үнэ цэн буурч байна шүү дээ. Иймээс ч одоо түүнийхээ араас хөөгөөд явж байна.
-Цалин, тэтгэврийн асуудал хөндөгдсөн болоод ч тэр юм уу төр төрийн алба хаагчид, ахмадууд руугаа чиглэсэн бодлого дээрээ л анхаарч байна гэх шүүмжлэл нийгэмд бий болж байна. Гэтэл төсвийг бүрдүүлж байгаа хувийн хэвшлүүд рүүгээ чиглэсэн бодлого дээрээ анхаарахгүй юм уу?
-Бид хязгаарлагдмал хөрөнгөө яаж зөв зарцуулах вэ гэдэг дээр шийдвэр гаргахаар ажиллаж байна. Би төсвийн төлөвлөлтөд сэтгэл ханамжгүй байгаа. Би улстөрч хүний хувьд бус эдийн засагч хүний хувьд сэтгэл ханамжгүй байна. Үүнийг надаар хэлүүлэлтгүй бүх тоо, статистик харуулж байна. Энэ инфляцаа хар л даа. Зээлийн хүүг хар л даа. Өрхийн орлогод орж байгаа өөрчлөлтийг хар л даа. Өрхийн зарлагыг ч анзаараад хар л даа. Хамгийн чухал зүйл нь Монгол Улсын эдийн засгийн аюулгүй байдал ба тусгаар тогтнол. Үүнийг дундаж давхарга баталгаажуулдаг. Цөөн хэд нь баяжлаа гээд улс орон хөгжиж байна гэж бид харж болохгүй. Бид зөвхөн нүүрс, зэсээ ихээр гаргалаа гээд улс орон хөгжиж байна гэсэн үг биш. Бид түүхэн дээд хэмжээндээ хүрсэн нүүрс экспортоллоо л гэдэг. Гэтэл татварын орлого яагаад буураад байгаа юм. Өрхийн зарлага яагаад буураад байна. Энд нэг зүйл болохгүй байна. Үүн дээр зөв онош тавих ёстой. Ийм зүйлийг хийчихвэл энэ алдаанууд засарна гэж бид худлаа хэлэхгүй. Бүх балансыг зөв олох ёстой. Нэг талдаа хувийн хэвшлээ яаж дэмжих юм. Нөгөө талдаа цалин, тэтгэврийн бодлого ямар байх юм гэдгээ бодолцох ёстой. Энэ чинь эцэстээ хөдөлмөрийн зах зээл шүү дээ.
Төрийн эсвэл хувийн хэвшлийн алба хаагч байхаас үл шалтгаалаад бүгд л хөдөлмөрийн зах зээлд оролцогч. Миний хувьд бодлого хангалтгүй байна гэж үзэж байна.
-Та ер нь энэ Засгийн газрын төсөв чиглэлд барьж байгаа бодлого дээр нь ямар байр сууринаас хандаж байна вэ?
-Бодлого гаргахаас илүүтэйгээр асуудлын араас хөөцөлдөж, засах гэж оролдож байна уу даа л гэж хараад байгаа. Засах гэж оролдож байгааг нь буруу гэж хэлэх хэцүү. Цалин, тэтгэврийг нэмэх нь буруу гэж хэлэхгүй. Гэхдээ 2026 оны төсвийн тодотгол болоод 2027 оны төсвийн асуудал хоёр тусдаа. 2027 оны төсөв хэлэлцэж эхлэх үед энэ асуудлыг илүү нухацтай хөндөх ёстой гэж бодож байна.
-Г.Дамдинням сайдын ажлын хариуцлагын асуудлыг ярих ёстой. Би л гэхэд шатахууны хомстлоос болж тойргоороо ажиллаж чадсангүй-

-Ирэх долоо хоногт намрын ээлжит чуулган нээлтээ хийнэ. Өнгөрсөн хавар танай намын бүлэг дээр эв нэгдлийн асуудал нэлээдгүй яригдсан. 30, 38-ийн бүлэг гээд ч ярьж байна. Ер нь танай намын бүлэг дотооддоо хэр эв нэгдэлтэй байна вэ?
-Үүнийг бүлгийн гишүүд тус бүрээс л асуух нь зөв байх. Аливаа улс төрийн нам гэдэг бол дотоод ардчилалтай байдаг. Түүнээс биш нэг нам гээд бүх зүйл дээр дуугаа хураагаад, санал бодлоо илэрхийлэхгүй байна гэсэн зүйл байхгүй. Бидний өргөсөн тангараг бол эх орныхоо эх ашгийн төлөө ажиллах. МАН бол социал демократ нам. Зүүн төвийн үзлээр улс орныхоо ажлыг удирдах ёстой. Түүнийгээ хэрэгжүүлээд явж байхад үзэл бодол зөрчилдөх зүйл гаралгүй л яахав. Гэхдээ энэ бол улс төрийн нам дотор байх ардчилал л гэж харж байна.
-Өнгөрсөн хавар ЗГ-ыг тогтвортой ажиллуулах чиглэлд бүлгийн гишүүдийг "Амлалтын бичиг"-т гарын үсэг зуруулсан. Үүнийг танай бүлгийн дарга Ж.Батжаргал л баталсан. Тухайн үед та гарын үсэг зурсан уу. Саяхнаас ЗГ-ын үйл ажиллагаатай холбоотой асуудлууд хөндөгдөөд эхэллээ. Үүнтэй холбоотойгоор бүлэг дээр ярилцсан, нэгдсэн байр суурьт хүрсэн зүйл байгаа юу?
-Бүлгийн гишүүдэд албан ёсоор тийм бичиг танилцуулаагүй. Хэрэв байгаа бол түүнийг харж байж шийднэ. Дүрмийнхээ дагуу бүлгийн тэргүүлэх зэргийн шийдвэрийг бүлгийн гишүүдийн 80 хувь нь дэмжих учиртай. Энэ чинь намын дотоод ардчилал, ардчилсан санал хураалтаар л шийдэгдэх байх.
-ЗГ-ын үйл ажиллагаа тал дээр та хэр сэтгэл ханамжтай байгаа вэ?
-Миний хувьд инфляц болоод бензин шатахууны асуудал дээр нэлээн шүүмжлэлтэй хандаж байгаа. Өнөөдөр иргэдийн өмнө тулгамдаж байгаа асуудлын нэгдүгээрт эдгээр асуудлууд орох болов уу. Тодорхой хэсэг нь гадаад хүчин зүйлээс шалтгаалж байж болох юм. Гэхдээ муу ажиллаж байгаагаас үүдсэн шалтгаан ч байна. Г.Дамдинням сайдын ажлын хариуцлагын асуудлыг ярих ёстой гэж харж байна. Инфляцын асуудал дээр бид хэнтэй хариуцлага ярих ёстой юм. Эдийн засаг хөгжлийн сайд юм уу эсхүл Монголбанк юм уу. Эсвэл Засгийн газрын гал тогоог хариуцаж буй хүнтэй хариуцлага ярих ёстой юм уу. Энэ мэтчилэн асуудлыг бид ярих ёстой. Түүнээс биш бид улаан цайм юмны үнэ тэнгэрт тулаад, нөхцөл байдал хүндэрч байхад чимээгүй байгаад байж чадахгүй нь. Намайг сонгосон олон сонгогч энэ асуудлыг өдөр тутам л хэлж байгаа.
Энэ зун тойрогтоо очиж ажиллая гэж бодсон боловч бензин шатахууны хомстлоос болж төвөгтэй байдалд орсон. Нэг талдаа л гэхэд 2 мянган км явна шүү дээ. Тиймээс Засгийн газрыг одоо тулгамдаж буй бодит асуудлуудаа юун түрүүнд шийдээсэй гэж харж байна. Яг үнэндээ ЗГ солилоо гээд нөхцөл байдал сайжраад байгаа зүйл байхгүй байна шүү дээ. Тэгэхээр төр засаг тогтвортой байгаасай гэж чин сэтгэлээсээ хүсэж байна. Дээрээ суудлаа олж байж, доороо гүйдлээ олно. Нөгөө талдаа асуудлууд нь бодитой байна шүү дээ. Үүнийг шийдэж чадахгүй хүмүүс ЗГ дотор байна шүү дээ. Харин ч бүр асуудлыг даамжруулаад, удаашруулаад байгаа хүмүүс ч байна.
-"30"-ын гэх бүлэг Булган аймагт уулзалдсан гэх мэдээлэл дээр та юу хэлэх вэ?
-Тэнд ЗГ-ын үйл ажиллагаатай холбоотой зүйл яригдаагүй. Одоогийн нөхцөлд энэ тийм ч чухал асуудал биш гэж харж байна. Бид одоо төсвийн тодотгол хэлэлцэж байна шүү дээ. Энэ л чухал асуудал.
-Санхүүгийн хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай анхдагч хуулийн төслөө энэ намрын чуулганд багтаан батлуулахын төлөө ажиллана-

-Ярилцлагын төгсгөлд асуухад, та чуулганы завсарлагаар тойрогтоо ажиллаж чадав уу. Намрын чуулганаар иргэд ямар асуудалд илүү хүлээлттэй байх шиг байна?
-Миний хувьд төдийлөн тойрогтоо ажиллаж чадсангүй. Энэ нь бензин шатахууны хомстолтой холбоотой. Аймгийн төвүүд рүү автобус, шугамын унаагаар явж болно. Гэхдээ цааш сумд руу явахад хүндрэлтэй нөхцөл байдалд хүрч буй юм. Сумдад бензин олгохгүй байгаа. Улаанбаатарт асуудал арай намжиж байгаа боловч аймаг, сумдад нөхцөл байдал сайжраагүй байна. Гэхдээ цахим сүлжээ ашиглаж иргэдтэйгээ байнга холбоотой байж, ярилцаж байгаа. Энэ зуны хугацаанд иргэдтэй ярилцахад хамгийн их хөндсөн зүйл нь үнийн өсөлт, бензин шатахууны хомстолтой холбоотой асуудал байлаа.
Зуншлага харьцангуй сайхан байлаа. Бороо хур арвин зун байлаа. Тиймээс өвөлжилтийн бэлтгэл ажилдаа иргэд орж эхэлсэн. Харьцангуй өнтэй өвөлжих болов уу гэсэн найдлагатай байна. Монгол хүн амны билэгээр гэдэг дээ.
-Ирэх Даваа гарагт УИХ-ын ээлжит чуулган нээлтээ хийх гэж байна. Таны хувьд залуу гишүүний хувьд одоо ямар хуулийн төсөл дээр төвлөрөн ажиллаж байна вэ?
-Миний хувьд хаврын чуулганд Санхүүгийн хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай анхдагч хуулийн төслийг өргөн барьсан. Энэ намрын чуулганаар үргэлжлүүлэн хэлэлцүүлж, батлуулах болов уу гэсэн найдлагатай байна. Хаврын чуулганаар Уур амьсгалын өөрчлөлтийн тухай анхдагч хуулийн төслийн ажлын хэсгийг ахалж, батлуулсан. Түүний дагалдах журмууд дээр анхаарч ажиллана. Энэ бол нэлээн өргөн цар хүрээтэй хуулиуд юм. Үүнээс гадна Хог хаягдлын тухай хууль дээр анхаарч ажиллана гэсэн бодолтой байна.
Ярилцсанд баярлалаа
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!