Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нь Оюуны өмчийн үндэсний зөвлөлийг даргалдаг бөгөөд АНУ-д хийж байгаа албан ёсны айлчлалын үеэр Монгол Улсын Оюуны өмчийн газар болон АНУ-ын Патент, барааны тэмдгийн газар хооронд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа.
Уг санамж бичигт Монгол улсын талаас Оюуны өмчийн газрын дарга Г.Элбэгсайхан, АНУ-ын талаас АНУ-ын Патент, барааны тэмдгийн газрын дарга Катерин Видалнар гарын үсэг зурав.
Санамж бичгийн хүрээнд инновац, эдийн засгийн өсөлтийг дэмжихэд оюуны өмчийн гүйцэтгэх үүрэг, оюуны өмчийг эзэмших, ашиглах, хамгаалахад чиглэсэн уулзалт, сургалт, семинар зохион байгуулах, оюуны өмчийг олон нийтэд сурталчлах, патент, барааны тэмдгийн шинжээчдийг сургах, харилцан туршлага, мэдээлэл солилцох зэргээр талууд ирэх таван жилийн хугацаанд хамтран ажиллана.
Ташрамд дурдахад АНУ-ын Патент, барааны тэмдгийн газар нь Дэлхийн оюуны өмчийн байгууллагын гишүүн 190 гаруй улс орнуудаас хамгийн том байгууллагад тооцогддог бөгөөд 13,000 гаруй албан хаагчтай, жилийн 4 тэрбум гаруй долларын төсөвтэйгээр бизнес эрхлэлт, инноваци, бүтээлч байдлыг урамшуулах, хамгаалахад гол үйл ажиллагаагаа чиглүүлдэг байгууллага юм.