Би наадмын өмнө гурван найз охинтойгоо аялалд явсан юм. Ойрд уулзаагүй найзуудтайгаа хамт явна гэхээс сэтгэл тогтохгүй ёстой л далбаа шиг намирч дарцаг шиг дэрвэж байсан юм. Майхан сав, хоол хүнс гээд аялалд хэрэгтэй бүх зүйлээ базааж аваад баруун тийшээ гараад давхилаа. Хичээл сургууль амарчихсан, айлууд лагер гарчихсан тул зам сэлүүхэн сайхан байлаа. Бид нар Архангай, Өвархангай аймгаар аялах маршрут гаргасан юм.
Хөгжмөө чангалаад л арын хоёр маань суудал дээрээ бүжиглээд л хөгжилтэй явж байв. Товчоо гараад хэсэг явсны дараа замын хажууд шар шар самбарууд босгосон байгааг олж харав. Дээр нь он болон бас ямар нэгэн тоонууд бичжээ. Би жолоо барьж явсан болохоор төдийлөн сайн анзаарсангүй. Гэхдээ ард сууж яваа хоёр маань орилж дуулж, бүжиглэж хөгжилдөхөө больсон байгааг би гэнэт анзаарав. Би хэн ч дагаж дуулахгүй бас хэн ч дагаж бүжиглэхгүй байгааг анзаарч, чанга хөгжмөө аажмаар суллаж, та хоёр чинь яааваа гээд толиндоо харсан чинь хоёр найз маань гүн бодолд автаастай цонхоор ширтэн сууцгааж байв. Би гайхаж хажуугийнхаа охин руу харлаа. Угийн дуу цөөтэй үргэлж бодол болж явдаг тэр маань ч бас ямар нэгэн зүйлд санаа зовох мэт зам ширтээстэй.
Би нөгөө асуултаа арай чангаар нухацтай асуулаа.
Нээрээ та гурав чинь яагаад эморчихоо вэ? Аялал дөнгөж эхэлж байна шүү дээ охид оо, гэтэл Уянгаа хойноос энэ самбаруудыг хараад сэтгэл өвдчихлөө гэж гунигтайхан хэлэхтэй зэрэгцэн би нөгөө самбарууд руу дахин тогтож харахад 2022 он 539 гэсэн тоотой самбарын хажуугаар өнгөрч явав. Энэ ямар утгатай самбар вэ гэж намайг асуухад хажуунаас Гэрэлээ: 2023 онд автомашины ослоор 539 хүн нас барсан гэсэн үг гэж хэлээд миний нүүр рүү харсанаа харцаа хянах самбар руу шилжүүлэв.
Гэрэлээгийн тэр харц надад
- “Ойлгож байна уу? Хурдаа хас” гэж хэлэх шиг л уншигдлаа.
- Пөөх тийм үү дэлхийд биз дээ гэж би асуулаа.
Уянгаа хойноос:
- Юу гэж дээ зөвхөн манай улсад ш дээ гэж хариулав.
Би гадаадад сурдаг, олон жил эх орондоо ирээгүй тул манай улсад зам тээврийн ослоор тийм олон хүн нас бардаг гэж үнэхээр мэдээгүй байсан юм.
Бид чимээгүй болцгоов. 539 хүн, 539 хүн гэж бодох бүрт л цээж өөрийн эрхгүй гунигаар дүүрч, олоон жилийн өмнө ээжийн дүү нас барахад ээж болон ээжийн ах дүү эмээ гээд ойр дотны хүмүүс яаж уйлж гашуудаж орилж, чаралж, нус нулимс болж байсныг би нэхэн санав. Тэр ах маань зам тээврийн ослоор нас бараагүй л дээ. Гэхдээ л ойр дотны хүн нас барахад юу болдгийг би мэднэ.
Ганцхан жилийн дотор 500 гаруй айлд тийм их уй гашуу хагацал зовлон тохиолдсон гэж бодохоор хэдэн мянган хүний уйлж хашгирч орилох чимээ чихэнд сонсогдох шиг болов.
Би замаар яваад байна уу дайны талбарт яваад байна уу ч гэж бодогдох шиг. Гэнэт араас машин сигналдаж гэрэлээрээ дохиход би сая л хэт удаан яваад байгаагаа ойлгосон ч хурдаа нэмэхийг хүссэнгүй. Самбарын тооноос айсандаа ч юм уу, Гэрлээгийн харцнаас эмээсэндээ ч юм уу би аль хэдийнэ хурдаа хасжээ. Би энэ зам дээр ганцаараа яваагүй. Бас би зөвхөн автомашин жолоодож яваагүй, өөрийнхөө болон хамт яваа гурван найзынхаа хувь заяаг залж явна. Тиймээс би аюултай зүйл хийж чадахгүй нь ээ.