Тээврийн цагдаагийн албанаас энэ жил улсын хэмжээнд "Нэг зам-Нэг соёл" аяныг эхлүүлсэн. Тус аян энэ баасан гараг буюу наймдугаар сарын 18-ны өдөр дуусах юм. Тэгвэл Нийслэлийн Хүүхдийн зөвлөл, Налайх дүүргийн хүүхдийн зөвлөлтэй хамтран тус аянд сайн дураараа нэгдэж, орон нутгийн замд зорчиж буй жолооч нарынхаа автомашины салхины шил, урд, хойд гэрлийг арчиж, жолооч нартаа нөлөөлсөн юм.
Тиймээс UBN.mn сайтын сурвалжлах баг НХЗ-ийн гишүүдийн сайн дураараа тус аянд хэрхэн нэгдэж байгаа болон жолооч нарт өөрсдийн чадах чинээгээрээ хэрхэн нөлөөлж буйг мөн яагаад нэгдэх болсон талаар нь сурвалжиллаа.
Улаанбаатар хот, Налайх дүүрэг
Налайх дүүрэгт Нийслэлийн Хүүхдийн Зөвлөлийг төлөөлөн ирсэн хүүхдүүд орон нутгийн замд зорчиж буй авто машинуудыг зогсоон машины урд салхины шил, толь, урд хойд гэрэл зэргийг хичээнгүйлэн угааж, цэвэрлэж байгаа харагдана. Бүрхэг, сэрүүн, салхитай өдрийн хүйтнийг ч ажрахгүй хүйтэн ус цацан хичээнгүйлэн арчих ахлах ангийн сурагчид. Суудлын бүсээ зүүгээгүй, хүүхдийн суудалгүй жолоочид цөөнгүй харагдсан тул тэдэнд "Нэг зам-Нэг соёл" аяныг танилцуулан, замын хөдөлгөөндөө анхаарал болгоомжтой явах, аян замын ерөөл дэвшүүлэн явуулж байлаа.
Үдээс хойш аадар бороо орох төлөвтэй тул борооноос урьтаж хэд хэдэн автомашиныг угааж өгснөөс гадна хүүхдээ зориулалтын суудал дээр суулгасан мөн зөв тээвэрлэсэн жолооч нарт тэр дундаа хүүхдүүдэд нь гарын бэлэг гардуулан өгсөн юм.
Бид Нийслэлийн Хүүхдийн Зөвлөл яагаад "Нэг зам-Нэг соёл" аяны хүрээнд сайн дураараа нэгдэж байгаа болон авто машины юуг голлон цэвэрлэж байгаа талаар НХЗ-ийн АБДХ-ны гишүүн А.Хулангаас тодруулахад,
Үе тэнгийнхэн болон бяцхан дүү нараа авто тээврээр аюулгүй зорчоосой гэж хүсэж байна
"Нийслэлийн Хүүхдийн Зөвлөл бол хүүхдүүдийг төлөөлж үүссэн байгууллага. Жил бүр маш олон хүүхэд зам тээврийн ослоос шалтгаалан амь насаа алддаг. Үе тэнгийнхэн болон бяцхан дүү нараа авто тээврээр аюулгүй зорчоосой гэж хүссэн учраас бид хамгийн сайн чадах зүйлээрээ тус болохыг хүссэн. Тиймээс авто машинуудын хувьд урд хойд гэрэл, толь, салхины шилийг нь арчиж өгч байгаа. Учир нь автомашины салхины шил цэвэр байвал үзэгдэх орчин сайн харагдана. Харин урд, хойд гэрлийг арчсанаар бусад жолооч нар ч мөн адил дохиог сайн харах боломжтой. Тиймээс жолооч нарынхаа автомашиныг арчиж өгч байгаа юм" гэлээ.
Энэхүү аяныг зохион байгуулж буй учир нь жилд дунджаар 20,000 орчим хүн зам тээврийн осолд өртсөний улмаас эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авч, 500 гаруй хүн амь насаа алдсан гэх харамсалтай тоон мэдээ сүүлийн таван жилийн хугацаанд гарсан байдаг.
Ялангуяа зам тээврийн ослын улмаас нас барсан тохиолдлын 50-60 хувь нь амралт зугаалгын сар буюу 6, 7, 8, 9 дүгээр сард гарсан байдаг. Тиймээс Тээврийн цагдаагийн албанаас жил бүр нөлөөллийн аян зохион байгуулж жолооч нарт хариуцлагатай аялахыг сануулдаг байна.
Харин автомашинаа угаалгасан жолооч,
НХЗ-өөс сайн дураараа автомашиныг маань угааж, аюулгүй зорчиход тусалсанд баярлалаа
"Улаанбаатар хотоос Эрдэнэ сум орох гээд явж байна. "Нэг зам-Нэг соёл" аяндаа нэгдэж чадсан. НХЗ-өөс сайн дураараа автомашины маань салхины шил, урд, хойд гэрлийг угааж өгсөнд баярлалаа. Цаашид замын хөдөлгөөндөө соёлтой оролцоно" гэв.
Өмнө хэлсэнчлэн НХЗ-өөс суудлын бүсээ зөв бүслэсэн болон зориулалтын суудалд зорчиж буй хүүхдүүдэд гарын бэлэг бэлэглэсэн. Тэгвэл яагаад хүүхдүүдийг ийнхүү урамшуулж байгаа талаар НХЗ-ийн АБДХ-ны гишүүн Д.Оюундарьтай ярилцахад,
Жилд 50 орчим хүүхэд зам тээврийн ослоор амь насаа алддаг тул эцэг эхчүүдээ хүүхдээ эрсдэлээс хамгаалж, зориулалтын суудалд суулгахыг уриалж байна
"НХЗ-ийн Аюулгүй байдлын дэд хорооноос хүүхдээ зориулалтын суудалд суулгасан болон суудлын бүсийг нь зүүлгэсэн эцэг эхчүүдийг урамшуулж мөн хүүхдүүдэд нь гарын бэлэг гардуулан өгч байгаа. Яагаад энэ бэлгийг өгч байгаа вэ гэвэл жилд 50 орчим хүүхэд зам тээврийн ослоос болж амь насаа алддаг, 300 орчим хүүхэд гэмтэж бэртдэг гэсэн судалгаа бий. Тиймээс хүүхдээ эрсдэлээс хамгаалж, аюулгүй байдлыг нь ханган, зориулалтын суудалд суулгаад авч явж байгаа эцэг эхчүүдийн хүүхдүүдэд нь гарын бэлэг өгч байгаа. Тиймээс эцэг эхчүүд та бүхэн хүүхдийнхээ аюулгүй байдлыг ханган зориулалтын суудалд нь суулгаж яваарай" хэмээв.
Мөн НХЗ-ийн АБДХ-ны ахлагч Ө.Үйлстөгөлдөр дараах зүйлийг ярив. Тэрбээр,
НЗХ-ны гишүүд бүгд "Нэг зам-Нэг соёл" аянд сайн дураараа нэгдэж чадсандаа баяртай байна
"НХЗ-ийн АБДХ-ны гишүүд Налайх дүүргийн хүүхдийн зөвлөлийн гишүүдтэй хамтран "Нэг зам-Нэг соёл" аянд сайн дураараа нэгдлээ. Бид жолооч ах эгч нарынхаа автомашины салхины шил болон урд, хойд гэрэл, толь зэргийг нь арчиж өгөөд, аян замын ерөөл дэвшүүлэн үдэж өглөө. Бид сайн дураараа нэгдэж, сэтгэл зүрхээрээ нэгдэж чадлаа. Мөн зөрчил гаргаагүй жолооч болон түүний хүүхдэд гарын бэлэг өгч урамшуулсан байгаа. Энэхүү аянд амжилттайгаар нэгдэж чадсандаа бид бүхэн маш их баяртай байна" гэсэн юм.
Ийнхүү НХЗ-ийн гишүүд "Нэг зам-Нэг соёл" аянд амжилттай нэгдэж, олон жолоочид зөвлөгөө мэдээлэл өгч нөлөөлж чадсанаас гадна бяцхан хүүхдүүдээ ч мөн замын хөдөлгөөнд аюулгүй зорчиход нь тусаллаа. Хамгийн гол нь эдгээр хүүхдүүд маань өөрсдийн сайн дурын үндсэн дээр энэхүү аянд нэгдэж багахан ч болов нөлөөлж чадсандаа баяртай байгаагаа илэрхийлж байв. Мөн жолооч нараа замын хөдөлгөөнд соёлтой оролцож, хурдаа тохируулж, үр хүүхдээ аюулгүй тээвэрлэхийг уриалсан юм.
Х.Түмэнжаргал
Г.Маргад-Эрдэнэ