Улаанбаатарт үргэлжлэн орсон борооны улмаас үерийн усанд автаж, нөхцөл байдал хүндэрсэн байршлууд дээр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч, Нийслэлийн онцгой комиссын дарга Д.Сумъяабазар ажилласан. Энэ үеэр тэрбээр,
"Үерийн улмаас 144 барилга байгууламжийн зоорийн давхар усанд автсан. Одоогоор орон сууцны барилгын усыг соруулж, хатаах, цэвэрлэх, ариутгаж халдваргүйжүүлэх ажил үргэлжилж байна. Зарим барилгын дороос хөрсний ус нэвчиж байгаа тул ус соруулах ажил удааширч, хүндрэл гарлаа. Хоёр барилгын дороос булаг байж болох ус оргилж гарч эхэлсэн. Энэ талаарх мэргэжлийн байгууллагын дүгнэлтийг хүлээж байна. Ус соруулахад шаардлагатай шахуурга, цахилгаан үүсгүүрийн хүрэлцээг нэмэгдүүлэхийн тулд хувийн хэвшлийн байгууллагуудаас ч түрээслэн ашиглаж буй. Эхний ээлжинд ус, цахилгааныг холбох асуудал оршин суугчдад тулгарч байна" гэв.