Цахим сүлжээнд “Гацуурт” ХХК-ийн Ерөнхий захирал Л.Чинбат морьтой иргэдийг өөрийн автомашинаар хөөж, дайрахыг оролдож буй дүрс бичлэг цацагдсан нь олон нийтийн шүүмжлэлийг дагуулаад байна. Тэгвэл энэ талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн мэргэжилтнээс тодруулахад "2023 оны 06 дугаар сарын 15-ны өдөр 13:20 минутанд "Гарал үүслийн бичиггүй адуу оруулах гээд байна, оруулахгүй гэхэд манай ажилчдыг дайрна гээд хөөгөөд байна гэх" дуудлага, мэдээллийн дагуу Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын 2 дугаар багт аймгийн төвөөс тус сум руу Цагдаагийн газрын бүрэлдэхүүн ажиллахаар явсан байна. Хойшлуулшгүй ажиллагаа дуусаагүй байна" гэлээ.
Харин үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан Л.Чинбат өөрийн цахим хуудсаараа дамжуулан дараах байр суурийг илэрхийлсэн байдаг.
Тэрбээр "Манай адууг туугаад явж байгаа малын хулгайч нартай тэмцэж байна. Цаашдаа ч тэмцэнэ. Малын хулгай, хулгайч нар хэрээс хэтэрлээ. Хууль хяналтын байгууллагуудад гомдлоо гаргасан" гэсэн юм.