НҮБ-аас 1994 оноос эхлэн жил бүрийн зургадугаар сарын 17-ний өдрийг цөлжилттэй тэмцэх дэлхийн өдөр болгон зарласан. Энэ өдрийг тохиолдуулан Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо, Монголын бэлчээр ашиглагчдын холбоотой хамтран өнөөдөр (2023.06.15 ) Бэлчээрийн үндэсний зургадугаар форумыг зохион байгууллаа.
Форум “Бэлчээрийн талхагдал: Монгол орны унаган экосистемийн үйлчилгээний алдагдал” сэдвийн хүрээнд өрнөв. Тус арга хэмжээнд Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Б.Саранчимэг, Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь МАН-ын бүлгийн дарга, Цөлжилттэй тэмцэх бүлэг болон Газрын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх Ажлын хэсгийн ахлагч Д.Тогтохсүрэн, Улсын Их Хурлын гишүүн Ц.Идэрбат нар оролцсон юм.
Форумыг нээж, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга, Цөлжилттэй тэмцэх бүлгийн дарга Д.Тогтохсүрэн үг хэлсэн. Тэрбээр хэлсэн үгэндээ, “Бэлчээр бол монголчуудын хувьд үнэлж баршгүй алт гэдэгтэй хэн ч маргахгүй. Монголын мал аж ахуйн үйлдвэрлэлийн тогтвортой байдалд нэн тулгамдаж буй асуудал бол малын тэжээлийн үндсэн эх үүсвэр болсон бэлчээрийн чанар, бүтээмжийн бууралт, үүнтэй уялдсан орчны доройтол юм. Нийтээр нэг мөр сахин хэрэгжүүлэх эрх зүйн асуудлаа цэгцэлж чадахгүй байгаагийн уршгаар ногоон алт болсон бэлчээр малын хөл, хүний буруутай үйл ажиллагааны улмаас хэт талхлагдаж доройтлын эцсийн цэг болох элсэн цөл болох аюул руу хурдацтай явж байгааг эрдэмтэд судалгаагаар харуулж, сануулсаар байна. Үүнийг шийдвэрлэх хүрээнд малчдыг бэлчээр нутагтаа өөриймсөг хандах, зөв зохистой ашиглах, хариуцлага хүлээлгэх тогтолцоог бүрдүүлэх, цогц арга хэмжээ авч ажиллахыг хичээж байна. Уг хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг орон даяар 21 аймгийг хамруулж таван бүс болгон 960 гаруй малчин, мал бүхий иргэд эрчимжсэн мал аж ахуй эрхлэгчид, орон нутгийн газар бэлчээрийн асуудал хариуцсан мэргэжилтнүүд, аймаг, сум, багийн Засаг дарга нарыг оролцуулсан хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Нийт 20 гаруй чиглэлийн санал, хүсэлт ирүүлснийг нэг бүрчлэн задлан шинжилж, хуулийн төсөл болон дагалдах хуулийн төслүүдэд тусгасан. Хэлэлцүүлгийн үед явуулсан санал асуулгын дүнгээс харахад нийт оролцогчдын 97.7 хувь нь бэлчээр доройтож байгаатай санал нийлсэн байна. Эрх зүйн орчныг өөрчлөх шаардлага байна уу гэсэн асуултад оролцогчдын 90.6 хувь нь заавал өөрчлөх хэрэгтэй гэж хариулсан байна. Бэлчээр ашиглалтыг хэрхэн хариуцлагажуулах вэ гэсэн асуултад 46 хувь нь гэрээгээр 57 хувь нь малын тоо толгой болон татвараар гэж хариулсан байна” гэв. Газрын тухай хуульд бэлчээрийг зүй зохистой ашиглах, хамгаалах, нөхөн сэргээх нэмэлт, өөрчлөлтийн төслийг боловсруулан, өргөн мэдүүлэхээр ажиллаж байна” гэв.