Сүүлийн үед нэр бүхий сэтгүүлч, сайтууд олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр “Гацуурт” ХХК-ийн ажил хэргийн нэр хүндэд халдсан, үндэслэлгүй, илтэд худал мэдээлэл тараах болсонтой холбогдуулан энэхүү мэдэгдлийг гаргаж байна.
Тухайлбал, Монгол Улсын Ерөнхий сайд тариалангийн бүс нутгуудад ажиллаж байх үед яригдсан тариалангийн бүс нутгуудыг хашаажуулах асуудлыг нэр бүхий хэвлэл мэдээллийн хэрэгсэл, сайтууд “...Гацуурт” ХХК-нд төрийн 9 тэрбум төгрөгөөр хашаа барьж өгөх гэж байна” гэж мушгин гуйвуулж, үндэслэлгүй, худал мэдээлэл нийтэлсэн байна.
“Гацуурт” ХХК нь тариалангийн талбайгаа хашаажуулахад төрөөс нэг ч төгрөг авч байгаагүй, цаашид ч авахгүй, төрийн мөнгөөр хашаа бариулахгүй болохыг үүгээр мэдэгдэж байна.
2003 оноос хойш өнөөдрийг хүртэл тус компани өөрийн зардлаар, нийт 400 гаруй км, 10 гаруй тэрбум төгрөгөөр тариалангийн талбайгаа хашаалсан байгаа бөгөөд орон нутгийн зарим иргэд, малчид зун, намрын улиралд удаа дараа, санаатайгаар хашаа эвдэж сүйтгэж адуу, үхрээ оруулж маш их хэмжээний хохирол учруулсаар байна. Зөвхөн хашаа сүйтгэсэн хохиролд тус компани жил бүр хашаа сэлгэн засдаг хүмүүсийн цалинд 200 гаруй сая төгрөг, материал, бензин, хоол хүнсэнд 300 гаруй сая төгрөг нийтдээ 500 сая төгрөг зарцуулж байна. Санаатайгаар тариан талбайд адуу, үхрээ оруулж ургац идүүлж, сүйтгүүлсэн хохирол манай компанийн тухайд жил бүр 3-4 тэрбум төгрөг болж, энэ салбарт цаашид үйл ажиллагаа явуулахад улам бүр хүндрэлтэй болж байна. Хэдийгээр жил бүр өөрийн хөрөнгөөр барьсан хашаагаа эвдүүлж, нийт ургацынхаа 20 орчим хувийг сүйтгүүлж байгаа ч өнөөдрийн байдлаар нэг ч төгрөгийн хохирлыг буцаан төлүүлсэн асуудал байхгүй, зөвхөн олон удаа дараа хашаа эвдэж, ургац сүйтгэж, их хэмжээний хохирол учруулсан нэр бүхий 2 малчныг арга буюу шүүхэд өгсөн.
Энэхүү мэдэгдэлтэй холбогдуулан Б.О гэх сэтгүүлч нь сүүлийн 1 жилийн хугацаанд тодорхой зорилготойгоор, санхүүжилттэйгээр Сэлэнгэ аймгийн зарим сумдын засаг дарга нар, орлогч, төрийн албан хаагчидтай хамт нутгийн малчдыг ятгаж, тус компанийн ажил хэргийн нэр хүндэд халдсан худал мэдээ, мэдээлэл агуулсан нэвтрүүлэг хийж өөрийн сошиал хаягаар олон нийтэд түгээж, малчдыг компанийн эсрэг турхирч, компани болон малчдыг хооронд нь хутган үймүүлж байгаад харамсаж байна.
Тангараг өргөж, татвар төлөгчдийн мөнгөөр цалинждаг төрийн албан хаагчид, засаг дарга нар сэтгүүлчтэй нийлж орон нутгийн малчдыг ятгаж, нам, улс төрийн явцуу ашиг сонирхлынхоо төлөө хавар, зун, намрын улиралд эх орныхоо стратегийн хүнс болох улаанбуудай болон төмс, хүнсний ногоог бэлтгэдэг, олон мянган хүнийг ажлын байраар хангадаг, олон тэрбум төгрөг татварт төлдөг, маш их хэмжээний эрсдэл хүлээж газар тариалангийн үйл ажиллагаа явуулдаг компанийхаа эсрэг ажилладаг байдал хэрээс хэтэрч байна.
“...Гацуурт” ХХК-нд төрийн 9 тэрбум төгрөгөөр хашаа барьж өгөх гэж байна” гэх мэдээлэл нь үндэслэлгүй, илт худал мэдээлэл бөгөөд “Гацуурт” ХХК нь тариалангийн талбайгаа хашаажуулахад төрөөс нэг ч төгрөг авч байгаагүй, цаашид ч авахгүй, төрийн мөнгөөр хашаа бариулахгүй болохыг үүгээр мэдэгдэж байна.