Мэдээллийн технологи, харилцаа холбооны салбарын хамгийн том арга хэмжээ “ICT EXPO-2023” -д олон улсын өндөр түвшний хүндэт зочид уригдан оролцож байгаа. Тэдгээр зочдыг УИХ-ын гишүүн, Инновац, цахим бодлогын байнгын хорооны дарга Э.Батшугар, Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал, УИХ-ын гишүүн Б.Саранчимэг нар өнөөдөр Төрийн ордонд хүлээн авч уулзаж, УИХ-ын Инновац, цахим бодлогын байнгын хорооны үйл ажиллагаа болон Монгол Улсын цахим хөгжлийн бодлого, хууль эрхзүйн орчны талаар танилцуулж, салбарын цаашдын хөгжлийн талаар санал солилцлоо.
-УИХ-ын гишүүн, Инновац, цахим бодлогын байнгын хорооны дарга Э.Батшугар Цахим хөгжлийг дэмжих хуулиуд болон хууль хоорондын зөрчлийг арилгах, цахим баримт бичгийг цаасан баримт бичигтэй адилтгах, төрийн байгууллагын үйлчилгээг бүрэн цахимжуулах зорилгоор Монгол Улсын Засгийн газраас өргөн барьсан 120 хуулийн нэмэлт, өөрчлөлтийн талаар, мөн “d-parliament” системийн талаар зочдод танилцууллаа.
Мэдээллийн технологид тулгуурлан төрийн үйлчилгээний бүтээмжийг нэмэгдүүлэх, орон нутагт цахим шилжилтийг эрчимжүүлж, хот суурин газрын төвлөрлийг сааруулах, салбарын экосистемийг хөгжүүлж, мэдлэгт суурилсан эдийн засгийг бүтээхийг Монгол Улсын урт болон дунд хугацааны хөгжлийн хөтөлбөр, бодлогын баримт бичгүүдэд тусган хэрэгжүүлж ирсэн. Үүний үр дүнд Монгол Улс сүүлийн таван жилд цахим шилжилтээр эрчимтэй хөгжиж, үүнд бодлогын түвшний шийдвэрүүд чухал нөлөө үзүүлж байгааг олон улсын зочид төлөөлөгчид онцолж байна.
Энэ жилийн “ICT EXPO-2023” арга хэмжээнд гадны улсуудын салбарын сайдууд, Азийн хөгжлийн банк, НҮБ, Дэлхийн банк зэрэг олон улсын байгууллагын төлөөллүүд, “Amazon”, “Naver”, “Google”, “ICore” зэрэг дэлхийн тэргүүлэх группуудын удирдлагууд, АНУ, Тайланд, БНСУ, Япон, Казакстан, Тажикистан, Энэтхэг улсын 150 гаруй хөрөнгө оруулагч, хамтын ажиллагааны түншүүд оролцож байна.