Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга М.Баяраа тохижилт, ногоон байгууламжийн ажил болон цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд Улаанбаатар хот 120 сая мод тарихаас хотын ногоон байгууламж, цэцэрлэгжүүлэлтэд 65 сая мод тарина. Нийслэлийн есөн дүүргийн хэмжээнд тус бүр 7.2 сая мод тарих ажлыг 2030 он хүртэл үе шаттайгаар зохион байгуулж, энэ онд мод үржүүлгийн газрыг өргөжүүлж, шаардлагатай стандартын тарьц суулгацыг ургуулах, дээрх ажлыг төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны хүрээнд хийхээр төлөвлөжээ.
Мөн Ерөнхийлөгчийн нэрэмжит Эв нэгдлийн цэцэрлэгт хүрээлэнгийн 32 га талбайд мод үржүүлгийн газрыг байгуулж, хувийн хэвшлийн 15 аж ахуйн нэгж, байгууллагатай хамтран ажиллаж байна. Энэ хүрээнд мөчир, суулгац, 6.7 сая мод, сөөг, 22 хүлэмжид үр тарьж байгаа юм.
Түүнчлэн хотын ногоон байгууламжийн арчилгааг хувийн хэвшлээр гүйцэтгүүлэхээр мэргэжлийн 25 аж ахуйн нэгж, байгууллагатай анх удаа гурван жилийн гэрээ хийгээд байна. Өмнө нь гэрээг нэг жилээр байгуулдаг байхад аж ахуйн нэгжүүд банкнаас зээл авах, тоног төхөөрөмжөө сайжруулах, хүний нөөцөө тогтвортой ажиллуулах боломжгүй байжээ. Харин гэрээг гурван жилээр байгуулснаар хувийн хэвшил хот, нийтийн аж ахуйн үйл ажиллагаанд тогтвортой оролцож, тогтвортой үйл ажиллагаа явуулах нөхцөл бүрдэх юм. Гэрээний хүрээнд аж ахуйн нэгжүүд 237 мянган цэцэг, 20,500 ам метр зүлэг, 18,500 мод, сөөг тарьж ургуулах юм.
НЗДТГ-ын хэвлэлийн төлөөлөгч Н.Сугар “Ногоон байгууламжийн арчилгаа хийх аж ахуйн нэгжүүдтэй гурван жилийн хугацаатай гэрээ байгуулж байгаа нь тогтолцооны хувьд дэвшил. Нэг жилийн хугацаатай гэрээ байгуулахаар аж ахуйн нэгжүүд тухайн нэг жилийнхээ хүрээнд л ажлаа хийдэг, ирээдүйг төлөвлөдөггүй. Гурван жилээр гэрээ байгуулснаар техник хэрэгслээ шинэчлэх, удаан хугацаанд тогтвортой үйл ажиллагаа явуулах боломж бүрдэж байна. Хотын даргын хувьд гэрээг олон жилээр байгуулах байр суурьтай байгаа” хэмээсэн юм.
Мөн гэр хорооллын бүсэд тохижилт, замын ажил хийхэд анхаарч буйг онцолж байлаа.
Засгийн газрын 340-р тогтоолд төрийн зарим чиг үүргийг хувийн хэвшлээр гүйцэтгүүлэхээр тусгасан. Энэ дагуу УБЗАА хувийн хэвшлээр гүйцэтгүүлж болохуйц үйл ажиллагааныхаа 60 хувийг аж ахуйн нэгжүүдэд шилжүүлжээ. Энэ онд 70 хувьд хүргэх бөгөөд цаашид 100 хувь хувийн хэвшилд шилжүүлэхээр төлөвлөсөн байна. Хотын ногоон байгууламжийн нийт төсвийн 71 хувийг нийтийн эзэмшлийн ногоон байгууламжийн арчилгааны ажилд, 29 хувийг ногоон байгууламжийг нэмэгдүүлэхэд зарцуулж байгаа гэнэ. 2023 онд хотын ногоон байгууламжийн ажлыг Хот тохижилтын газар ОНӨААТҮГ болон хувийн хэвшлийн цэцэрлэгжүүлэлтийн мэргэжлийн байгууллагууд гүйцэтгэж байгаа бөгөөд нийт ажлын 96 хувийг хувийн хэвшлийн байгууллага гүйцэтгэж буй. Ирэх намар гэр хорооллын айл өрхийн ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зорилго тавьжээ. Энэ хүрээнд Чингэлтэй, Баянзүрх дүүрэг “Айл бүр хашаандаа 10 мод” аяныг өрнүүлж байгаа юм.
Цэцэрлэгт хүрээлэнгүүдийн ногоон байгууламжийн арчилгааны ажил үргэлжилж байна. Усалгааны нэгдсэн систем байхгүй тул ногоон байгууламжийг усны машинаар усалж байгаа. Иймээс хоёр байршилд саарал ус, хөрсний ус ашиглах усалгааны нэгдсэн систем хийхээр сонгон шалгаруулалтыг зарлажээ. Мөн долоон байршилд 18 цэцэгт байгууламж, 34 төрлийн 992.400 нэг болон олон наст цэцгийн мандлыг нийт 2.5 га талбайд тарих ажил эхлээд байна. Түүнчлэн Төв цэнгэлдэх хүрээлэнд Сакурагийн төгөл байгуулж байгаа. Ургамал ургалтын хугацаа, технологийн дагуу цэцэг, зүлэг тарих, ургамлын өвчин, хортон, хөл газрын ургамалтай тэмцэх ажил үргэлжилж байна.