Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол- Оросын засгийн газар хоорондын комиссын” Бүс нутаг, хил орчмын хамтын ажиллагааны дэд комисс”ын 15 дугаар хуралдаан Бүгд Найрамдах Буриад Улсын Улан- Удэ хотноо боллоо.
Тус хуралд Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж , УИХ-ын гишүүн, Монгол Улсын сайд, Боомтын сэргэлтийн Үндэсний хорооны дарга Х.Булгантуяа, ОХУ–ын Засгийн газрын төлөөлж, Эдийн засгийн хөгжлийн дэд сайд Д.В.Вольвач нар оролцож, даргаллаа.
Цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан дэд комиссын хурал гурван жил тасраад байсан юм. Хоёр улсын харилцаа хамтын ажиллагаанд маш чухал энэ хурал дахин хуралдаж, 14 дүгээр хуралдааны үр дүнг хэлэлцэж, цаашид бүс нутгийн хамтын ажиллагааг идэвхжүүлэх, хил орчмын үйл ажиллагааг өргөжүүлэх, хоёр улсын харилцаа хамтын ажиллагааны талаарх өргөн сэдвээр хэлэлцэж байгаадаа талууд өндөр ач холбогдол өгч байгааг онцолсон юм.
Хурлыг даргалагч УИХ-ын гишүүн, Монгол Улсын сайд, Боомтын сэргэлтийн Үндэсний хорооны дарга Х.Булгантуяа хэлэхдээ “ Монгол- Оросын худалдаа эдийн засгийн эргэлт 2.7 тэрбум доллараар хэмжигдэж байна. Энэ тоог өмнөх онтой харьцуулахад 30 хувиар нэмэгдсэн. Монголын талын гол худалдаа бензин шатахуун байна. Манай улсын экспортын 90 хувь нь БНХАУ –д гарч байгаа ч иргэд хоорондын зорчих хөдөлгөөн ОХУ –тай хил залгаа боомтуудаар илүү их байдаг. Иймд боомтын сэргэлтийг эрчимтэй өрнүүлж, харилцан ашигтай эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэхэд бэлэн байгаагаа хэллээ. Нэг талын боомт гэж байхгүй. Хоёр талын боомт гэж бий. Тиймээс хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд хоёр талын хүчин чармайлт чухал гэдгийг онцоллоо.
ОХУ –тай хил залгаа боомтуудын бүтээн байгуулалтын ажлуудыг түргэтгэх, 2026 онд ашиглалтад оруулахаар төлөвлөн ажиллаж байгаа боомтуудын шинэчлэлийн ажлыг наашлуулж өгөхийг хүслээ. Мөн Монголын боомтуудын бүтээн байгуулалт эрчимтэй өрнөж байгааг тодотгосон юм.
Тухайлбал Боршоо боомтын бүтээн байгуулалт 98 хувьтай, Алтанбулаг боомтын барилга, байгууламжийн ажил 60 хувьтай байна. Монголын тал ОХУ –тай хил залгаа боомтуудын бүтээн байгуулалтын ажлыг эрчимтэй өрнүүлж байна. Энэ зун зарим боомтын бүтээн байгуулалт эхлэхээр төлөвлөгдсөн “ гэдгийг онцоллоо.
ОХУ-ын Эдийн засгийн хөгжлийн дэд сайд Д.В.Вольвач хэлэхдээ “Монгол улс боомтын асуудал эрхэлсэн сайдтай болсонд талархаж байна. Хоёр улсын харилцаа хамтын ажиллагааны маш чухал гүүр бол боомтын хөгжил. ОХУ ч цар тахлын амаргүй үед Монгол улстай хил залгаа боомтоо өргөтгөн шинэчлэх ажлуудыг эрчимтэй хийсэн. Тээвэр логистикийг хөгжүүлсэнээр худалдаа эдийн засгийн харилцаа хамтын ажиллагаа улам өргөжинө. Мөн иргэд хоорондын харилцаа ч чухал нөлөөтэй. Тиймээс ОХУ –ын Засгийн газрын тэтгэлэгээр суралцах оюутны тоог нэмэгдүүлсэн. Энэ жилээс 600 оюутан суралцуулахаар квот тогтоосон. Мөн Оросын тал Монгол улсаас ноос ноолуур, мах махан бүтээгдхүүн болон хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн чиглэлийн бүтээгдэхүүн импортлон авч, барилгын материал, хүнсний бүтээгдэхүүн зэрэг бүтээгдэхүүн экспортлоно. Түүнчлэн боомтын үйл ажиллагааг сэргээсэнээр иргэд хоорондын зорчих урсгалыг нэмэгдүүлж, аялал жуулчлалыг хөгжүүлэх өргөн боломж нээгдэнэ гэж үзж байгаагаа хэллээ.
“Бүс нутаг, хил орчмын хамтын ажиллагааны дэд комисс”-ын 15 дугаар хуралдаанд Монголын талаас Хөвсгөл, Сэлэнгэ, Булган, Баян- Өлгий аймгийн засаг дарга нар, Эрүүл мэндийн яам, Гадаад хэргийн яам, Гааль, Татварын байгууллагууд болон Боомтын Үндэсний хорооны төлөөлөл оролцсон юм. ОХУ–ын талаас ОХУ–ын Эдийн засгийн хөгжлийн яам, Буриадын Бүгд Найрамдах улсын засгийн газрын төлөөлөл болон хоёр улсын бизнес эрхлэгчид оролцлоо.